Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарим аймгийн Засаг дарга нартай хариуцлага тооцох тухай асуудлыг хөндөхөөр болжээ.
Тодруулбал, Ерөнхий сайд нэн түрүүнд Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалын асуудлыг Засгийн газрын хурлаар авч хэлэлцэж, ковидын үед хариуцлагагүй ажилласан зэрэг шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон тухай эх сурвалжууд мэдээллээ.
Аймаг, нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудлыг хуулиараа тухайн орон нутгийн ИТХ-ээр хэлэлцүүлдэг ч, ажлын хариуцлага алдсан тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлөх боломжтой юм.
Уг асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэж эрх баригчид хөндөж эхэлсэн бөгөөд Ж.Золжаргал өнгөрсөн сонгуулиар Ерөнхийлөгчид нэр дэвшиж явсан У.Хүрэлсүхтэй уулзах гэсэн боловч нөгөөх нь “зугтаж” гүйсээр явсан сурагтай. Өчигдөр хүртэл чуулганы нэгдсэн хуралдаан дээр Архангай аймгийн асуудлыг гишүүд хөндөж, хариуцлагагүй ажиллаж буй Засаг даргыг “хайсан”.
Үүнд нь Д.Золжаргал хариу болгож өөрийн твиттер хуудснаа “Намайг асуугаад байгаа хүмүүст баярлалаа. Би ажлаа хийгээд явж байна шүү. Ковид 19 хүндрээд төсөв мөнгө эм тариа хөөцөлдөөл Сайд дарга нар, нутгаас сонгогдсон гишүүдтэй уулзаад ажлаа хийгээд явж байна" гэжээ.
Д.Золжаргал нь өнгөрсөн 2020 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан нам 20 суудал авч Архангай аймагт ялалт байгуулсны дараагаар томилогдсон юм. Архангай аймгийн орон нутгийн сонгуульд Ардчилсан нам 20 суудал, Ардын нам 19 суудал авч Аймгийн ИТХ-ыг бүрдүүлээд байгаа билээ.
Архангайн Засаг даргаас гадна Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд хоёр засаг ноёны асуудал хөндөгдөж, албан тушаалтай нь “ярьж” магадгүй байгаа гэх сураг байна.
Сануулахад, Ж.Золжаргал нь Ардчилсан намын дарга асан С.Эрдэнийн ойрын хүн гэгддэг бөгөөд намын дарга, бүлгийн дарга байхад нь УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан юм.