У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаар МАН-ын дараагийн дарга хэн бэ. Гэдэг сэдвээр улс төрчид, сэтгүүлчид элдэв янзын төлөг буулгаж "тата тунгаадсан". Гэвч МАН-ын намын даргын марафон саяын Ерөнхийлөгчийн сонгууль шиг бараг өрсөлдөгчгүй болох нь тодорхой боллоо. У.Хүрэлсүх энэ сарын 25-нд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөснөөр албан ёсоор тус намын үйл ажиллагаанд оролцох боломжгүй болно. Харин албан бусаар намаа атгасан хэвээр байх нь түүнд оногдсон эрх мэдэл, хүч чадлаас тодорхой харагдаж байгаа. Халамж, хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэхийг ҮАБЗ-өөр хэлэлцэнэ гэж Засгийн төлөөлөгч мэдэгдсэнээр цаашид Парламент, Засгийн газар дээр биш гурвын зөвлөл дээр гол асуудал шийдэгдэж явах зурхай нэгэнт тодорхой боллоо. У.Хүрэлсүхийн хүч бяр дор Монголын улс төрд Энх-Амгалангийн он тоолол эхлэвэй.
М.Энхболд, У.Хүрэлсүх нарын тэмцэл У.Хүрэлсүхийн ялалтаар дууссанаар МАН-ыг нэг гарт зангидаж чадсан. У.Хүрэлсүхийн урдаас үг хэлэх битгий хэл, жишүүлдэж харах зүрхтэй амьтан ч тус намд үлдээгүй гэдэг. Хэдэнтээ үзэлцээд унасан М.Энхболдын талынхан хувь тавилантайгаа эвлэрч түүнийг “дэвшээд ч байна уу, унаад ч байна уу” бушуухан яваасай гэж хүлээх болсон нь нууц биш. Тэгвэл тэдний хүлээлт энэ удаад ч талаар болох нь ээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар МАН Их Хурлаа маш богино хугацаанд зарлан зохион байгуулж дараагийн даргаа сонгохоор болжээ. Тодруулбал У.Хүрэлсүхийг намын даргаас буухаас нь өмнө намын Их Хурлаа шууруулж ямар нэг зай завсар гаргахгүй байх тал дээр МАН-ын удирдлагууд тохирсон гэж сарнайтай байрнаас салхи шивших боллоо.
МАН-ын даргын өрсөлдөөнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс гадна Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дарга Г.Занданшатар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Ерөнхий сайд асан УИХ-ын гишүүн С.Батболд нарын нэрс сонсогдох болсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч янз бүрээр “тата тунгаадаж” МАН-ын дотоод улс төрийг өнгө будагтай болно гэж тооцоолж байв. Тэгвэл нэгэнт хүчийг авсан У.Хүрэлсүх уг асуудлыг гартаа авч залгамжлагч дүүдээ намаа өвлүүлээд явах нь тодорхой боллоо. Намын их хурлаа ингэж хурдан хийх нь ч улс төрийн хэд хэдэн шалтгаантай.
Нэгдүгээрт: Засгийн газрын нэр хүнд цар тахал, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэргээс шалтгаалж сайнгүй байгаа. Цаашид ч цар тахлын эрсдэл, эдийн засгийн янз бүрийн хүндрэлүүд гарах нь ойлгомжтой. Тиймээс намын их хурлаа хойш тавьбал Засгийн газрын эсрэг дотоодын болон сөрөг хүчний улс төржилт дайралт эрчимжиж намын болон нийгмийн дунд нэр хүнд сулрах аюултай. Ийм зай гаргаж болохгүй. Тиймээс үйл явдлын халуун дээр нь их хурлаа шууруулж авах нь одоогийн удирдлагуудад ашигтай.
Хоёрдугаарт: Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль явагдана. Хэрвээ энэ сонгуульд МАН-ын нэр дэвшигчид ялагдвал намын удирдлагын төлөөх марафонд хасах оноо авна. Тиймээс нөхөн сонгуулиас өмнө намын их хурлаа хийж өөрсдийн бодлогын хүнээ нэр дэвшүүлэхийг У.Хүрэлсүхийн талынхан чухалчилж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Хэнтий аймагт У.Хүрэлсүхийн туслах асан Н.Энхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугар нар нэр дэвшихээр яригдаж байна. Мөн Хэнтий аймагт Н.Энхбаяр, Сонгинохайрхан дүүрэгт С.Мөнхчулуун нар нэр дэвших өөр хувилбар ч бий. Аль нь ч өрсөлдөөнд ялж, ялагдсан хамаагүй намын дотор бослого гарахааргүй байх нөхцлийг бүрдүүлж байна.
Гуравдугаарт: МАХН-ын гишүүдийг бүх шатны удирдах албан тушаалд 30 хувь томилох тохироог эсэргүүцэх хүн МАН-д дотор цөөнгүй бий. У.Хүрэлсүхэд тааламжгүй ханддаг гомдогсодыг элдэв юм ярьж эхлэхээс нь өмнө тохироогоо шуудруулж бага хурал, удирдах зөвлөл болон шат шатны намын байгууллагуудаа хайрцаглаж авахаар болж байна.
Дөрөвдүгээрт: С.Батболд, Л.Энх-Амгалан, Г.Занданшатар зэрэг МАН дотор хүчтэй, нөлөөтэй нэр дэвшигчдийг өрсөлдөөнд бэлтгэж элдэв яриа тохироо явуулах зай завсаргүй өгөхгүйгээр Л.Оюун-Эрдэнэд даргын албыг шууд уламжлуулахаар их хурлаа хурдлуулахаар боллоо. Ингэж МАН-ын даргаар У.Хүрэлсүхийн үнэнч залгамжлагч Л.Оюун-Эрдэнэ өргөмжлөгдөх нь тодорхой болов. МАН-д харин хэвт ёсны он эхлэвэй.