Дэлхий дахинд цар тахлын улмаас 2020 онд Японы Токио хотноо зохион байгуулах байсан олимпын наадам бүтэн жилээр хойшлогдож 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдах болсон. Тэгвэл цар тахлын дараах үеийн Олимпын наадмуудын жишиг болж буй энэ жилийн олимпын наадмын онцлог зүйлсийг сонирхуулж байна
1. "Токио-2020" олимпын албан ёсны нэрийг хэвээр үлдээсэн
Зуны XXXII олимпын наадмыг 2021 онд болгон хойшлуулсан ч албан ёсны нэршил нь "Токио-2020" гэж хэвээр үлдэх юм. Учир нь их хэмжээний зардал гаргаж Токиогийн олимпын медаль, бэлэг дурсгалын зүйлсийг бэлдсэн бөгөөд албан ёсны бүх зүйл дээрх “Токио-2020” гэсэн бичгийг өөрчлөх аргагүй гэнэ.
2. Түүхэнд анхны устөрөгчийн хүчийг ашигласан галт бамбар
Олимпын бамбар нь Японы үндэсний бэлгэдэл болсон Сакура цэцгийн дэлбээний загвартай, 71 см өндөр, 1,2 кг жинтэй гэнэ. Бамбарын бүтцийн 30 хувьд 2011 оны байгалийн гамшгийн дараа барьж байсан нийтийн түр хоргодох байрны бүтцэд ашиглагдаж байсан хөнгөн цагааныг дахин боловсруулсан материал оролцуулж, алдарт Шинкансэн хурдны галт тэрэгний үйлдвэрлэлд ашигласан технологиор бүтээжээ. Мөн “Токио-2020” олимпын бамбар түүхэнд анхны устөрөгчийн хүчийг ашигласан галт бамбар болох юм.
3. Фүкүшимагаас эхэлсэн галт бамбарын буухиа аялал өвөрмөц утгатай
Японы Фүкүшима аймгийн Нараха хот дахь Үндэсний бэлтгэлийн төвд 2021 оны гуравдугаар сарын 25-нд олимпын наадмын галт бамбарын буухиа аялал эхэлсэн. Олимпын галт бамбарын буухиаг зүгээр ч нэг Фүкүшимагаас эхлүүлээгүй. Өдгөөгөөс 10 жилийн өмнө Японд болсон аймшигт газар хөдлөлт, цунамигаас хамгийн их хохирол амссан газраас, цар тахлын хүнд үед “Итгэл найдвар бидний замыг гэрэлтүүлнэ” хэмээх уриатай Олимпын галт бамбарын буухиа эхэлсэн байна.
4. Жендерийн тэгш тэнцвэртэй анхны олимп болно
Олимпод оролцох тамирчдын 49 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь түүхэн дэх жендерийн тэгш тэнцвэртэй хамгийн анхны олимп болж байна. Нээлтийн ёслолын жагсаалд эмэгтэй, эрэгтэй тамирчнаар хамтдаа төрийн далбаагаа залахыг өргөнөөр дэмжин хэрэгжүүлнэ. Зохион байгуулах хорооны Гүйцэтгэх зөвлөлд нэг дор 12 эмэгтэй гишүүнийг шинээр томилж, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 42-т хүрчээ. Олимпын үеэр "Хүйсийн тэгш эрхийг дэмжих" тусгай баг ажиллуулахаар баталсан байна.
5. Токиод олимпын наадмын бэлгэ тэмдгийг байрлуулсан
Олимпын наадмын бэлгэ тэмдэг болох цэнхэр, шар, хар, ногоон, улаан өнгийн таван цагаригийг Токио хотын далайн паркад байрлуулжээ. Уг хөшөө 32.6 метр өргөн, 15.3 метр өндөртэй. Харин наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 6-нд болох Паралимпын наадмын үеэр энэхүү хөшөөг Паралимпын наадмын бэлгэ тэмдгээр солих юм.
6. Хүний нүүр царайг таних технологийг ашиглана
Аюулгүй байдлыг хангах зорилгоор Токио хотод болох олимпийн болон паралимпийн тоглолтуудын үеэр хүмүүсийг нүүр царайгаар таних технологийг ашиглана. Шинэ технологийг ашигласнаар хулгайд алдагдсан болон гээсэн бичиг баримт, үнэмлэхийг ашиглах, хуурамчаар хийх зэрэг үйлдлийг таслан зогсоож чадна. Нүүр царай таних үйл явц автоматаар хэдхэн хоромд явагдах учраас уг технологийг олон улсын томоохон тэмцээн уралдааны үеэр ашиглах боломжтой.
7. Гар утасны хаягдлаар хийгдсэн олимпийн медаль
Технологийн хувьд хэн ч өмнө нь ашиглаагүй шинэ дэвшлийг харуулж Токиогийн олимп бас нэгэн содон шийдлээр өмнөх олимпийн наадмуудаас ялгарах санааг олсон байна. Токиогийн олимпийн наадмыг Зохион байгуулах хорооноос нийт 5000 медаль хийх хэмжээний металлыг гаргахын тулд гар утасны хаягдлаас найман тонн металл ялгаж авах шаардлагатай. Япон даяар 2400 газарт хаягдал цуглуулах хайрцаг байрлуулжээ.
8. Спортын таван төрөл нэмэгдэнэ
Токиогийн Олимпын тоглолтын уралдаан тэмцээний хөтөлбөрт бэйсбол, зам дээр тэшүүрээр гулгах, серфинг зэрэг спортын таван төрлийг нэмж оруулахаар болсон байна. Олимпын тоглолтод тэшүүр, серфинг, уулын спорт авиралт, каратэ болон бэйсбол/софтболын хамтарсан төрлүүдийг нэмж оруулах тухай асуудлыг Рио-Де-Жанейро хотод болох хурлаар эцэслэн батлах юм. Дээрх таван спортын төрлөөр нийтдээ 474 тамирчин Токиогийн Олимпын наадамд оролцох төлөвтэй байна.
9. Олимпын наадмын үеэр нислэггүй бүс байгуулна
Японы тээврийн яам олимп, паралимпын наадмын үеэр долоодугаар сарын 21-нээс есдүгээр сарын 5-ны хооронд Токио хот дахь спортын байгууламжуудын дээр нислэггүй бүс байгуулахаар болсон. Наадмын хүрээнд ёслол, тэмцээн эхлэхээс хоёр цагийн өмнө спортын байгууламжуудын дээрх орон зайг хаах бөгөөд дууссанаас хойш нэг цагийн дараа нээх гэнэ. Энэ бүс нь Японы нисэх онгоцны буудлуудын нисэх, буух цагийн хуваарьт нөлөөлөхгүй бөгөөд агаарын тээврийн компаниудын тогтмол нислэгт хамаарахгүй байна.
10. Олимпын наадамд оролцогчдын 60 орчим хувь нь вакцин хийлгэнэ
Токиогийн Олимпын наадамд оролцох 10 мянган тамирчны 60 орчим хувь нь коронавирусний вакцинд урьдчилан хамрагдана. Одоогоор нийт 200 улс орон, бүс нутгийн тал гаруй нь тамирчдаа Токиод ирэхээс нь өмнө дархлаажуулалтад хамруулахаа Олон улсын олимпын хороонд мэдэгджээ. Тамирчдын дунд халдварт өвчин дэгдсэнээр наадмыг түр зогсооход хүргэж болзошгүй учир вакцин хийлгэхийг Олон улсын олимпын хороо тууштай дэмжиж байна. Гэсэн ч наадамд оролцохын тулд заавал вакцин хийлгэх шаардлага тавиагүй гэдгийг дүрэмд тодорхой тусгажээ.
11.Тамирчдаас өдөр бүр шинжилгээ авна
Токиогийн Олимп, Паралимпын наадмын үеэр коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлж, тархалтыг эрт үед нь илрүүлэхийн тулд тэмцээнд оролцох тамирчдаас өдөр бүр шинжилгээ авна. Ийнхүү шинжилгээ хийхдээ голчлон шүлсээр авах юм.
12. Олимпын наадмын хамгийн залуу тамирчин 12 настай
Арван хоёр настай Сирийн тамирчин Хенд Заза ширээний теннисний төрлөөр 2020 оны гуравдугаар сард 11 настайдаа олимпын эрхийн бичгээ өвөртөлжээ. Тэрбээр “Токио-2020” олимпын наадмын хамгийн залуу тамирчнаар тодорно.
13. Олимпын наадам анх удаа гадаад үзэгчгүй, дагалдах зочингүй болно
Олимпын наадмыг зохион байгуулах хорооноос албан ёсны үйл ажиллагаанд оролцохоос бусад бүх итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тоог эрс бууруулна. Япон улс “Олимпын наадмын үеэр гадаадаас үзэгч хүлээн авах боломжгүй. Энэ нь олимп, паралимпын наадмыг аюулгүй, найдвартай зохион байгуулах, нийт оролцогчдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс авч буй зайлшгүй арга хэмжээ болно” хэмээн мэдэгдсэн. ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл цахимаар хуралдаж хэлэлцээд нийт оролцогчид тамирчид, бусад оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс үзэгчгүй, цөөн тооны төлөөлөгч оролцохыг дэмжсэн.