Энэ хаврын сонгууль дагасан их улс төртэй хамт яах аргагүй олны анхаарлын дунд байгаа асуудал бол УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг "хүчирхийлэгч" гэх мэдээлэл юм. Тэгвэл хоёр хоногийн өмнө Ц.Анандбазар гишүүн 25 дугаар суваг телевизийн "Ам нээвэл" ярилцлагад оролцов. Төлөвлөгөө ёсоор мань эр өөрийн "муу" нэрийг хусахаар нэлээд оролдож, хэвлэл болон олон нийтэд анх удаа үг унагав. Ийнхүү талууд үүсээд буй дуулиантай холбоотой өөр өөрсдийн тайлбарыг л өглөө. Магадгүй үнэн мөнийг нь хуулийн байгууллага тогтоох биз.
Харин ярилцлагынхаа үеэр Ц.Анандбазар гишүүн нэгэн сонин байр суурь илэрхийлсэн нь олон нийтийн дургүйцлийг ихэд төрүүлж байна. Тодруулбал, тэрбээр "Монголд Их хурлын гишүүнээсээ ч айдаггүй юм байна. Ерөнхий сайдаасаа ч айдаггүй юм байна. Ерөнхийлөгчөөсөө ч айдаггүй юм байна. Ийм анархи нийгэм бий болчихоод байна" гэж ярьсан олныг ангайлгав. Анх удаа сонгогдсон гишүүн болохоор ажлаа жаахан буруу ойлгоод яваад байж магадгүй л юм. Эсвэл бид УИХ-ын гишүүдээс хууль баталж, эрх зүйн орчныг бэхжүүл гээд буруу зүйл шаардаад байсан байж болзошгүй. Сүүлийн үед "Босоо"-гийнхон тэргүүтэй жаахан хүнд гарын нөхдүүд сонгуульд нэр дэвшээд байсан. Тэд магадгүй УИХ-ын гишүүний ажлыг Ц.Анандбазар шиг ойлгочихсон туууж явахыг үгүйсгэхгүй.
Ямартаа ч Ц.Ананбазар гишүүнд хандаж хэлэхэд УИХ-ын гишүүн гэдэг чинь хүн айлгадаг хүмүүс биш хууль тогтоомж баталдаг, санаачилдаг нэг тийм бичиг цаасны ажил хийдэг хүмүүс шүү. Таны хэлээд байгаа хүн айлгадаг ажлыг гудамжинд рекетүүд эсвэл хууль үйлчилдэггүй тийм орчин нөхцөлд өрнөдөг байх. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд ч гэсэн хүн айлгадаг ажил хийдэггүй юм шүү. Нэг нь гүйцэтгэх засаглалыг төлөөлж, улс орны хөгжлийн төлөө бодлого боловсруулдаг. Нөгөөх нь төр түмнийхээ төлөө эв эеийг сахиж, улс орноо гадаад дотоодод төлөөлдөг эв нэгдлийн бэлэг тэмдэг билээ.
Эсвэл мань хүн яаж ийгээд УИХ-ын гишүүн болчихвол дуртай бүхнээ айлгаад явна гэж ойлгосон байж болох талтай. Ямар ч байсан аливааг хүч бяраар, эрх мэдэл, өнгө мөнгөөр дийлдэг зүйл энэ ардчилсан нийгэмд байхгүй ээ. Ялангуяа УИХ гишүүн бүр бол ард түмний элч төлөөлөгч гэх ариухан нэрийнхээ үнэн хүндийг хадгалж явах үүрэгтэй. Ажил хийж шалихгүй хэрнээ авгай хүүхний хэрэг, хүчин хүчирхийллийн дуулианаар сонгогдсон түмнийхээ нэр нүүрийг барж явахаар чуулганы хуралдаандаа ягштал суугаад сурчих хэрэгтэй. Ажилтай хүн архи уудаггүй. завгүй хүн зугаа цэнгэлийн хөөдөггүй юм гэнэ лээ. Хүн амьтан надаас айхгүй байна гэж явахын оронд хууль дүрмийн дагуу шалгуулаад нэр төрөө цэвэрлэх ажлаа бодсон нь дээр гэж зөвлөе.