Европын холбооны эрх баригчид коронавирусний эсрэг вакцины нийлүүлэлт хойшилсон асуудлаар цахимаар хуралдлаа. Европын холбоо гишүүн 27 улсад үйлдвэрлэсэн коронавирусний эсрэг вакцины экспортод тавих хяналтыг чангатгахаар тохирсон байна.
Европын холбооны орнуудад вакцинжуулалт удааширсанд биотехнологийн компаниудын ялангуяа "Астразенека" компанийн гэрээгээ дагаж мөрдөхгүй байгаагаас үүдэлтэй гэж эрх баригчид нь буруутгаж байгаа юм.
Энэхүү шийдвэрийн хүрээнд Европын холбооны гишүүн орнууд вакцин нийлүүлэх гэрээ байгуулсан биотехнологийн компаниудад хатуу шаардлага тавихаар болж байна. Тухайлбал, "Астразенека" компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хүртэл гишүүн орнуудаас нь гадаад зах зээл рүү вакцин экспортлохыг хязгаарлах юм байна.
Европын комиссын ерөнхийлөгч Урсула Фон Дер Ляйен "Нэгдүгээрт, бид Европын холбооны нийт иргэддээ вакцин тэгш хуваарилж байгаагаа тайлбарлах ёстой. Хоёрдугаарт, зарим компани дэлхийн бусад бүс нутгууд руу вакцин экспортлохоосоо өмнө Европын холбоотой байгуулсан гэрээгээ дагаж мөрдөх ёстой. Тухайлбал, "Астразенека" компани манай бүс нутагт үйлдвэрлэсэн вакцинаа гадаад зах зээл рүү экспортлохоосоо өмнө Европын холбоонд гэрээнийхээ дагуу вакцинаа нийлүүлэх ёстой юм” гэж ярьжээ.
Их Британи, Шведийн хамтарсан "Астразенека" компани Европын холбооны орнуудад коронавирусний эсрэг вакцин нийлүүлэх гэрээ байгуулсан ч гэрээнд заасан хугацаандаа вакцинаа нийлүүлж чадахгүй болсноо мэдэгдсэн юм. Гэвч тус компани Европын холбооны гишүүн орнууд дахь үйлдвэрүүдээсээ бусад улс орнууд руу вакцин нийлүүлсээр байгаа юм байна.
Гэвч "Астразенека" компани гэрээгээ дагаж мөрдөөгүй гэсэн шүүмжлэлийг няцаасан байна. Европын холбооны вакцины экспортод хязгаарлалт тавьж байгаа явдал вакцинд үндсэрхэг үзлээр хандах хандлага бий болголоо гэж Их Британи улс болон ДЭМБ шүүмжлэлтэй хандаж байна.