Хятадын найруулагч Хлоя Жаогийн "Нүүдэлчдийн газар нутаг" (Nomadland) кино Гильдийн гол шагнал болох “Кинотеатруудаар гаргах шилдэг кино” төрөлд шалгарчээ. Америкийн продюсеруудад олгодог Гильдийн шагнал гардуулах ёслол лхагва гарагт цахим хэлбэрээр болсон байна.
Санхүүгийн хямралд орсны улмаас Америкийн баруун нутгийн муж улсуудаар нүүдэллэн амьдрахаас аргагүйд хүрсэн эмэгтэй болон түүнтэй адил хүмүүсийн амьдралын тухай “Нүүдэлчдийн газар нутаг” кинонд өгүүлдэг аж. Энэ кино өмнө нь Венецийн 77 дахь удаагийн кино наадмын гол шагнал болох “Гэгээн Маркын алтан арслан”-г хүртэж байсан бол “Алтан бөмбөрцөг” наадмаас “Шилдэг драм кино” төрөлд шалгарсан юм. Үүнээс гадна Америкийн кино урлагийн академийн “Оскар”-н 6 төрөл тэр дундаа “Шилдэг кино” төрөлд нэр дэвшээд байгаа билээ.
Гильдийн гол шагналд найруулагч Хлоя Жаогийн бүтээлээс гадна Жейсон Уолинерийн “Borat Subsequent Moviefilm”, Шака Кингийн “Judas And The Black Messiah”, Жорж Вольфын “Ma Rainey's Black Bottom”, Дэвид Финчерийн “Mank” зэрэг бүтээл өрсөлджээ.
Түүнчлэн солонгос гаралтай америк найруулагч Ли Айзек Чуны “Minari”, Режина Кингийн “One Night in Miami”, Эмиральд Феннелийн “Promising Young Woman”, Дариус Мардерийн “Sound of Metal”, Аарон Соркины “The Trial of the Chicago 7” зэрэг кино бусад төрөлд өрсөлдсөн байна. “The Queen’s Gambit” долоон ангит цуврал Гильдийн шагналын “Телевизийн богино хэмжээний цувралын шилдэг продюсер” төрөлд шалгарчээ. Шагналыг тус киноны уран бүтээлчид болох Уильям Хорберг, Аллан Скотт, Скотт Фрэнк, Маркус Лоджс, Мик Анисето нар хүртжээ.
“The Crown” цувралын дөрөвдүгээр улирал телевизийн шилдэг цуврал төрөлд шагналын эзнээр тодорсон бол зурмал хөдөлгөөнт кинонуудаас “Soul” хүүхэлдэйн кино продюсерын шагнал хүртжээ. Тус хүүхэлдэйн киноны продюсероор Дана Мюррэй ажилласан юм.