Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн уралдаан, тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг урамшуулах эрх зүйн орчин бүрдүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 49 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Хуулийн төслийн талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа танилцуулсан. МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1972 оны 30 дугаар тогтоолоор байгуулагдсан Хүүхдийн төлөө фондын санхүүжилтээр 68 цэцэрлэг, 10 гаруй эмнэлэг, пионерийн 70 гаруй зуслан, Хуримын ордон, Монголын Хүүхдийн ордон зэрэг нийт 200 гаруй бүтээн байгуулалт бий болгосон. Энэ нь хүүхдийн эрх, хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг.

Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 241 дүгээр тогтоолоор "Хүүхдийн төлөө фонд” Засгийн газрын тусгай сан байгуулахыг дэмжсэн. Ийнхүү Монгол Улсын төр засаг, ард иргэдээс хүүхдийн сайн сайхны төлөө санаачилга гаргаж, асуудлыг шийдвэрлэж ирсэн түүхтэй бөгөөд энэхүү үйл хэргийг уламжлал болгон хэрэгжүүлж, хүүхдийн төлөө хөрөнгө оруулахыг дэмжих хэрэгцээ шаардлага байгааг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.

Хүүхэд өсвөр үеийнхний хөгжил, оролцоог дэмжих нь тэднийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалахад чухал алхам болох тул Хүүхдийн төлөө сан байгуулах, улмаар сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг урамшуулахад зарцуулдаг байх эрх зүйн орчныг бий болгох зорилгоор хуулийн төсөл боловсруулсныг танилцуулгад дурджээ.

Монгол Улсын Ерөнхий сайдаас автотээврийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг захиалах эрхийг үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар борлуулж, орлогыг хүүхдийн хөгжлийг дэмжсэн ажил, бүтээн байгуулалтад зарцуулах чиглэл өгсөн. Энэ дагуу “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д сонирхол татсан улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулан худалдан борлуулж байна. Судалгаанаас харахад улсын бүртгэлийн нийслэлийн 396, орон нутгийн 18 дугаарыг захиалах эрхийг дуудлага худалдаанд үнэ хаялцуулан борлуулсан орлого, дуудлага худалдааны босго үнийн дүнгээр тооцоход жилд 387 сая төгрөгөөс 6 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр бүрдэх тооцоо судалгаа гарсан байна.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Хүүхдийн төлөө сангийн хүүхдийн төлөө бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгыг тодорхойлж, сангийн хөрөнгийн эх үүсвэрийг хандив, тусламж болон хүүхдийн сайн сайхны төлөө зохион байгуулсан соёл, урлагийн тоглолт, спортын тэмцээний орлогоос бүрдүүлэхээр тодорхойлсон гэдгийг ХНХ-ын сайд танилцуулгадаа дурдлаа.

Хуулийг баталснаар “НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим” -ийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн хөгжих эрхийн төлөө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нийгмийн хариуцлагын хүрээнд өгсөн хандив, тусламжийн хөрөнгө нэгдсэн зохицуулалтаар хүүхдийн хөгжлийг дэмжсэн бүтээн байгуулалт олон нийтэд нээлттэй, хяналттай зарцуулагдах эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзжээ. Хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Сёрфингийн тамирчин бэлтгэлийнхээ үеэр аянганд ниргүүлэн нас баржээ
Сёрфингийн тамирчин бэлтгэлийнхээ үеэр аянганд ниргүүлэн нас баржээ
 
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.