Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олны өмнө вакцин хийлгэсэн “үлгэр жишээ“ дэлхийн удирдагчид

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
6 минут 52 секунд

Дэлхийн хэд хэдэн удирдагчид өөрсдийн улс оронд вакцинжуулалтын хөтөлбөрөө сурталчилж, ард иргэдийнхээ вакцинд эргэлзэх эргэлзээг тайлах зорилгоор камерийн өмнө коронавирусний эсрэг вакциныг хийлгэж байна. Манай улс ч энэхүү жишгийг дагаж, Ерөнхий сайд Энэтхэг улсаас хандивласан “AstraZeneca” вакциныг олны өмнө тариулсан юм.

Тэгвэл үлгэр жишээ болон хамгийн эхэнд вакцин тариулсан дэлхийн удирдагчдын тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Английн эзэн хааны гэр бүлийн гишүүд вакцинд хамрагджээ

Өдгөө 72 настай хунтайж Чарьлз 2020 оны гуравдугаар сард короновирусийн  халдвар аваад эдгэрсэн ч вакцин хийлгэсэн байна. Тэрбээр эдгэрснээсээ хойш хоёр сарын хугацаанд амтлах мэдрэмжээ алдсан талаараа мэдээлж байжээ. Уэльсийн хунтайж Чарьлз энэ сарын 10-ны өдөр эхнэр Камиллагийн хамтаар вакцины эхний тунг хийлгэсэн юм. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд халдвараас эдгэсэнээс хойш гурван сарын дараагаас вакцинд хамрагдахыг зөвлөсөн байна.

Түүнчлэн Английн Хатан хаан II Элизабет болон түүний нөхөр Эдинбургийн гүн, хунтайж Филип нар энэ сарын 9-нд мөн коронавирусийн эсрэг вакцин тариулсан боловч Английн эзэн хааны гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн байдлыг өндөр зэргээр нууцалдагтай холбоотойгоор Хатан хааны гэр бүл ямар вакцин тариулсан талаар олон нийтэд мэдээлээгүй аж. 

АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Майк Пенс

АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Майк Пенс 2020 оны арванхоёрдугаар сарын 19-нд эхнэр Карен Пенсийн хамтаар “Pfizer/BioNTech”-ийн вакцины эхний тунгаа тариулжээ. Үүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп түүнтэй хамт вакцин хийлгэхээ мэдэгдэж байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас татгалзжээ. АНУ хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 42.81 сая иргэнээ “COVID-19”-ийн эсрэг вакцины нэг тунд хамруулсан буюу хамгийн олон тун вакцин тарьсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд нийт хүн амынхаа 5.3 хувийг хоёр тунгаар дархлаажуулсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, дэд Ерөнхийлөгч Камала Харрис

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд эхнэр Жилл Байдены хамтаар “Pfizer/BioNTech”-ийн вакцины эхний тунг тариулсан бөгөөд нэгдүгээр сарын 12-нд хоёр дахь тунгаа хийлгэжээ.

Дэд Ерөнхийлөгч Камала Харрис 2020 оны арванхоёрдугаар сарын 29-нд нөхрийнхөө хамтаар “Moderna” компанийн боловсруулсан вакциныг тариулсан бөгөөд хоёр дахь тунгаа нэгдүгээр сарын 27-нд хийлгэсэн юм.

Саудын Арабын хаан Салман бин Абдулазиз Аль Сауд ба угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман

Саудын Араб улс коронавирусний эсрэг үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрөө 2020 оны арванхоёрдугаар сарын 17-нд эхлүүлсэн. Үүнээс гурван долоо хоногийн дараа тус улсын хаан Салман бин Абдулазиз Аль Сауд “Pfizer/BioNTech”-ийн вакциныг тариулсан байна. Харин тус улсын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман 2020 оны арванхоёрдугаар сарын 25-нд мөн “Pfizer/BioNTech”-ийн вакцины эхний тунг тариулжээ.

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху 2020 оны арванхоёрдугаар сарын 19-нд олон нийтийн өмнө вакцины анхны тунг тариулснаар тус улсын үндэсний дархлаажуулалтын хөтөлбөр эхэлсэн. Тэрбээр Pfizer/BioNTech”-ын вакциныг тариулсан бөгөөд коронавирусийн эсрэг вакцин тариулсан дэлхийн анхны удирдагч болсон юм. Өдгөө 71 настай Биньямин Нетаньяху нэгдүгээр сарын 10-нд Израилийн Эрүүл мэндийн сайд Юли Эдельштейний хамтаар вакцины хоёр дахь тунгаа тариулсан байна.

Ромын Пап лам Францис

Ромын пап Францис нэгдүгээр сарын 14-нд өдгөө 91 настай өмнөх Пап лам 16-р Бенедиктийн хамтаар “Pfizer/BioNTech” вакцины эхний тунг тариулжээ. Ингэхдээ тэд олон нийтийн өмнө тариулаагүй байна. Вакцины хоёр дахь тунг гурван долоо хоногийн дараа хийлгэжээ. Өдгөө 84 настай Ромын Пап Франциск нэгэн ярилцлагийн үеэр "Бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах нь хүн бүрийн ёс суртахууны үүрэг тул вакцинжуулалтад хамрагдана" хэмээн мэдэгдэж байжээ.

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо

Индонезийн засаг захиргаа нэгдүгээр сарын 11-нд Хятадын  биотехнологийн “SinoVac Biotech” компанийн боловсруулсан “CoronaVac” вакцинд зөвшөөрөл олгов. Маргааш нь тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо “SinoVac” вакцины эхний тунг тариулж ард иргэдээ вакцинжуулалтад идэвхтэй оролцохыг уриалан эхний тунг өөрөө тариулжээ.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нэгдүгээр сарын 14-нд мөн “SinoVac” вакцины эхний тунг тариулжээ. Вакцины эхний тунг хийлгэснийхээ дараа ач холбогдлыг олон нийтэд сурталчлахыг улс төрийн удирдагчид, хууль тогтоогчдод уриалсан байна. Түүнтэй хамт эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын удирдах зөвлөлийн гишүүд мөн уг вакциныг хийлгэсэн аж.

Австралийн Ерөнхий  сайд Скотт Моррисон

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон энэ сарын 22-нд “Сovid-19”-ийн эсрэг вакцины анхны тунг тариулж вакцинжуулалтын хөтөлбөрөө эхлүүлжээ. Тэрбээр “Pfizer/BioNTech”-ийн вакциныг тариулсан бол тус улсын Эрүүл мэндийн сайд Грег Хант “AstraZeneca”-гийн вакцин хийлгэхээ мэдэгдсэн юм.

Арабын Нэгдсэн Эмират улсын Шейх Мохаммед бин Рашид Аль Мактум

Арабын Нэгдсэн Эмират улс 2020 оны арванхоёрдугаар сарын 9-нд Хятадын төрийн өмчит биотехнологийн “Sinopharm” компанийн боловсруулсан “BBIBP-CorV” вакцинд зөвшөөрөл олгожээ. Иймд Хятадын вакцинаар ард иргэдээ дархлаажуулахаар болсон дэлхийн анхны улс болов. Тус улсын Ерөнхий сайд, дэд ерөнхийлөгч бөгөөд Дубайн Шейх Мохаммед бин Рашид Аль Мактум Хятад вакцины талаарх иргэдийн эргэлзээг арилгах зорилгоор арваннэгдүгээр сарын 3-нд “Sinopharm”-ийн вакцины эхний тунг тариулсан байна.

С.Энхболд: Covid-19 вирусыг илрүүлэх идэвхтэй тандалтын үйл ажиллагаа үргэлжлэн явагдана
С.Энхболд: Covid-19 вирусыг илрүүлэх идэвхтэй тандалтын үйл ажиллагаа үргэлжлэн явагдана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.