Манай улс дотооддоо COVID-19 цар тахал алдсанаас хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Энэ хооронд бид "халдвар ороод ирвэл яах вэ” гэж халширч, бэргэж сууснаас биш “орж ирсэн хойно нь яах вэ” гэдгээ огт бэлдэж тооцоогүй нь хөл хорионы үеэрх албаны хүмүүсийн уялдаа холбоогүй шийдвэрүүд, менежментгүй байдлаас ажиглагдав.
Түүнчлэн УОК, ЭМЯ зэрэг зохион байгуулж буй байгууллагууд нь гаргасан алдаатай шийдвэртээ хариуцлага хүлээж, засаж залруулах бус нэгэндээ буруугаа тохож, юм л бол иргэдээ торгоно, шийтгэнэ гэж сүрдүүлэх болсныг бид мэднэ. Хамгийн чухал нь халдвар авсан хүмүүсээ хэрхэн эмчилж байгаа болон ямар төрлийн эм хэрэглэж болох болохгүйг мэдээлэхгүй байгаа нь зөв зүйл биш.
- COVID-19 ХАЛДВАРЫН “НУУЦ” ЭМЧИЛГЭЭНД ЮУ ХЭРЭГЛЭДЭГ ВЭ?-
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ эмчилгээгээ зориуд нууж байгаа юу, эсхүл иргэд дур мэдэн гэрээр эмчилгээ хийхээс сэргийлж байна уу гэдэг нь хариултгүй асуулт хэвээр. Харин манай сайтын зүгээс нэрээ нууцалсан эх сурвалжтай холбогдож, ХӨСҮТ-д хэрхэн эмчилгээ хийдэг болохыг сурвалжиллаа.
Халдвартай гэсэн онош батлагдсан даруй ойрын хавьтлын хүмүүсийг сул зочид буудлууд руу тусгаарлан, халдвартай иргэнийг эмнэлэг рүү тээвэрлэнэ. Тархалтын үеийг нь аюулгүй өнгөрөөх болон эсрэг биет үүсэхийг хүлээж дор хаяж 14 хоног хэвтүүлдэг юм байна.
Хэвтсэн өдрийн маргааш нь цусны шинжилгээ өгнө. Үүгээр цусны бүлэгнэлийг шалгах зорилготой аж. Коронавирус туссан үед цус өтгөрч бүлэгнэдэг аж. Цусны шинжилгээг нийт гурван удаа өгөх бөгөөд сүүлийн хоёр нь эсрэг биет үүссэн эсэх, үүссэн бол ямар хэмжээтэй байгааг мэдэх зорилготой. Мөн эмнэлэгт хүргэгдсэний 2-3 өдөрт багтааж цээжний рентгэн зураг авахуулдаг бөгөөд уушгинд хатгаа бий эсэхийг мэдэхэд туслах юм.
Хатгаатай тохиолдолд компьютерт томографийн шинжилгээнд оруулдаг байна. Манай улсад ковидоор халдварлаад эдгэрсэн 1850 тохиолдол бий. Хүмүүсийн уушгинд энэ халдвар нь хатгаа болж хүндрэхдээ хурдан байгааг эмч нар хэлж байв. Тиймээс долоо хоногийн зайтай уушгийг тогтмол зураг авч хянана. Өвчтөн ковидын хатгаа авсан тохиолдолд дусал, тарианы эмчилгээг нэмж хийлгэх юм.
Биеийн байдлаас шалтгаалан 14-21 хоноод эмнэлгээс гарах боломжтой. Харин гэрийн ажиглалт, тусгаарлалтад шилжсэн хойноо хэрхэн халдвар хамгааллын дэглэм сахихыг хэлж өгөөгүй байна. Ер нь, халдвар аваад эдгэрсэн хүнээс 3-6 сарын дотор PCR шинжилгээ авах шаардлагагүй байдаг аж. Цусанд эсрэг биет үүссэн ч гэлээ вирус бүрэн дарагдаагүй хэвээр тул шинжилгээ өгөхөд хариу нь “эерэг” гардаг тухай эмч нар сануулжээ. Өөрөөр хэлбэл, цусанд вирус байгаа ч бусдад халдаах идэвхтэй үе нь дарагдсан гэсэн үг.
-ХАЛДВАР “ЭЕРЭГ” ГАРСАН ТОХИОЛДОЛД ТУСГААРЛАЛТАНД ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛС-
Халдварын батлагдсан тохиолдол болсон үед 1-2 цагийн дотор зориулалтын машинаар эмнэлэгт хүргэдэг байна. Тэгвэл эмнэлэгт тусгаарлагдахад нэн шаардлагатай зүйлсийн жагсаалтыг танилцуулж байна.
- Ариун цэврийн хэрэгсэл, 00-н цаас, оо, сойз, саван, гар нүүрийн алчуур;
- Биед эвтэйхэн, солих ээлжийн хувцас болон гэрийн углааш;
- Ус буцалгагч /халуун шингэн юм тогтмол уух шаардлагатай ч эмнэлгээс хангах боломжгүй тул өөрсдөө бэлдэх хэрэгтэй/
- Утас цэнэглэгч, повербанк, уртасгагч /3 метрээс багагүй/
- Том савтай цэвэр ус /эмүүдийг өдрийн турш дараалуулж уухад хэрэгтэй/
- Сам, үсний боолт, толь, салфетка зэрэг өдөр тутмын хэрэглээ
- Хуурай хоолны болон шөлний аяга, цайны аяга, халбага, сэрээ
- Нимгэн хөнжил /зарим өрөө нь хүйтэн байх талтай/
- Найруулдаг аарц, чацаргана /дархлаа дэмжих
- Хэрэв хоолноос бусад хүнсний зүйл /боов, талх г.м/ их хэрэглэдэг бол түүнийгээ бэлдэх хэрэгтэй.
Эмчилгээнд ихэвчлэн шөлтэй хоол өгөх бөгөөд хөц будаа, шар будааны орцтой байгаа нь дархлааг дэмждэг учиртай байж. Түүнчлэн цус бүлэгнэх аюултай тул шингэн зүйл маш их уух, унтаж, биеэ амрааж байхыг зөвлөж байжээ.
-COVID 19 ХАЛДВАРТАЙ ХҮН “ХЭРЭГТЭН” БИШ-
Өвчин бол хэлж ирдэггүй зүйл билээ. Халдвар авсан иргэний сэтгэл зүйн байдал маш эмзэг байдаг бөгөөд хамгийн эхэнд ойр дотны хүмүүстээ халдаагүй байгаасай хэмээн сэтгэл зовдог байна. Энэ тухай эх сурвалжаас тодруулахад,
“Анх шинжилгээний хариу эерэг гарсан тухай эрүүгийн цагдаагаас залгаж байна гэж байгаад хэлсэн. Тэгэхэд үнэхээр шоконд орсон. Гэтэл ар араасаа ХӨСҮТ, НОК, дүүргийн цагдаагийн хэлтэс зэрэг газруудаас залгаж сүүлийн 14 хоног явсан маршрут, уулзсан хүмүүсээ хэлэхийг шаардсан. Бүгд адилхан зүйлийг давтаж хэлэхийг шаардаж, хэсэгтээ л сандаргасан. Нэг нь бүр “сэтгэлээ бариарай таны шинжилгээ эерэг гарсан байна” гэж хүртэл хэлсэн. Би өөрөө ч халдвар авсантайгаа эвлэрч амжаагүй байхад сэтгэлийн дэм өгөх нь өгч, загнах нь загнаж байсан. Хэлсэн маршрут дунд олны хөлийн газар байвал гаслаад л, хурдан хэлэхийг шаардаж байсан тул бүрэн хэлж чадсан эсэхтээ маш их эргэлзсэн. Маршрутаа нуусан гэж буруутгагдаж байсан хүмүүсийн нөхцөл байдлыг тэгэхэд л ойлгосон” гэв.
Өөр нэг эх сурвалж маань "Би и-баримт аппликэйшнээр орсон газар болгоноо уг нь уншуулаад явсан, ажлын газраа хүртэл бүртгүүлдэг. Тэрүүгээр шууд мэдчих боломжгүй юу?" гэж асуухад заавал өөрөөс нь асуух шаардлагатай байдаг юм аа гэх хариу өгчээ.
Хэдийгээр халдварт өвчин туссан байлаа ч иргэн хүнийх нь хувьд албаны хүмүүс нь хүндэтгэлтэй харьцаж байх нь зүйтэй биз ээ. Мөн хоорондоо илүү уялдаа холбоотой байж, нэг зүйлийг олон удаа биш чанартай мэдээлэл авахыг эрмэлзэх хэрэгтэй гэдэг нь энэхүү сурвалжилгаас харагдаж байна.