Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлсэн 11 Элчин сайдын хоёр нь УИХ дахь МАН-ын бүлэг дээр бүдрэв. Тодруулбал, БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшүүлсэн Ц.Өнөрзаяа дипломат албаны туршлагагүй хэмээн дэмжлэг авч чадаагүй бол БНЭУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдох Ч.Бүрэнбаяр тэтгэвэрт гарах нас нь болсон гэдэг шалтгаанаар бүдэрсэн юм.
Зүүн гар талаас Ч.Өнөрзаяа, Ч.Бүрэнбаяр.
МАН-ын бүлгийн энэхүү шийдвэрийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулга зөвшилцөх саналаа бүхэлд нь эргүүлэн татсан билээ.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Элчин сайдуудын нэрийг шинэ УИХ бүрдэхээр өргөн барина. Ерөнхийлөгчийн зүгээс зөвшилцөх санал өргөн барьсан ч МАН-ын бүлэг зөвшөөрөөгүй. МАН-ын бүлэг дэмжээгүй хүмүүсийг чуулганаар оруулж унагаад яах билээ. МАН-ын бүлгийн дэмжсэн есөн Элчин сайдын нэрийг ч энэ УИХ-д оруулахгүй” хэмээн тайлбар өгөв. 11 Элчин сайдын есийг нь Засгийн газраас өргөн барьсан бол, МАН-ын бүлэг дэмжээгүй хоёр хүний нэрийг Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс санал болгосон юм.
Товчхондоо, Ерөнхийлөгчийн зүгээс санал болгосон Ц.Өнөрзаяа, Ч.Бүрэнбаяр нар эрх баригчдын итгэлийг хүлээж чадаагүй тул Ерөнхийлөгч Х.Баттулга бүхэлд нь татаж, бойкот үзүүлэв. Ингэхдээ Элчин сайдуудыг томилох асуудлыг ирэх хаврын чуулганаар бус 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдах шинэ парламентад өргөн мэдүүлнэ хэмээв. Ямартай ч, Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнх нь “оруулсан” хоёр хүнийг дэмжихгүй гэсэн шалтгаанаар бүх саналаа татах нь хэр зохистой үйлдэл бэ?
Тэгвэл эрх баригч хүчин болох УИХ дахь МАН-ын бүлэг дээр бүдэрсэн Ц.Өнөрзаяагийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд асан Ц.Жигжиджавын ач охин, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоогийн охин гэдгээр өөр таних, түүнийг тодорхойлох зүйл үгүй. Цахим орчинд түүнийг БНСУ-д олон улсын эрхзүйч, олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн, 2016 онд “Сөүл хотын хүндэт иргэн” болсон гэхээс өөр зүйл бичихгүй байна. Түүний хувьд дипломат албаны талаар А үсэг ч мэдэхгүй тул эрх баригчдын дэмжлэг хүлээж чадаагүй юм. Тиймээс хэн бүхэн сургууль төгссөн улсдаа Элчин сайдаар томилогдоод байвал Монгол Улсад димломат алба байхын хэрэг байна уу, Ерөнхийлөгч өө. Сонгогдсон цагаасаа Төрийн тэргүүн бус өөрийнхөө хувийн эрх ашгаас асуудалд хандаж бойкот хийж ирсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ удаагийн ээлжит бойкот арай л шог.
Дашрамд дурдахад, Судлаач Ж.Ганбаяр Элчин сайд гэж хэн бэ гэсэн асуултад дараах хариултыг өгчээ.
Тэрбээр “Элчин сайд гэдэг нь юун түрүүнд дипломат албан тушаал буюу мэргэжлийн албан тушаал юм. Өөрөөр хэлбэл, энэ албан тушаалыг мэргэжлийн сургуулийг нь дүүргэсэн туршлагатай дипломатч хүн хаших учиртай. Чухамхүү олон улсын харилцааны мэргэжилтэй, салбарынхаа шатлан ахих шалгуурыг давсан дипломат албаны ахлах албан тушаалтан, гол төлөв 50-иас дээш насны хүмүүс улс орноо төлөөлөн элчин сайдаар томилогддог нь нэгэнт дэлхий нийтийн жишиг болсон байна. Энэ нь тухайн улсын дипломат албаны нэр хүндийг илтгэх нэг тод үзүүлэлт, нөгөө талаар харилцагч улсаа хүндэтгэж буйн илэрхийлэл юм. Учир нь нь нэгэнт томилогдсон элчин сайд хүн тухайн улс, олон улсын байгууллагад адил мэргэжлийн хүрээлэлд, дипломат корпуст орж, улс орныхоо хөгжлийн гадаад таатай орчинг бүрдүүлэхийг чухалчлан суугаа улсынхаа төр, засаг, олон нийтийн байгууллагуудтай мэргэжлийн түвшинд хамтран ажиллах шаардлага тулгардаг” гэв.
Харин монгол хэлний тайлбар толь бичигт “Өөрийн улсаа тусгаар тогтносон өөр улсад, аль эсвэл өөрийн Засгийн газраа олон улсын байгууллагад бүрэн эрхтэй төлөөлөх дээд тушаалын дипломатч” хэмээн тодорхойлсон байдаг.