Тэрбээр ээлжит захидалдаа өөрийгөө Монгол Улсын 28 дах Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ОТ төслийн гүний уурхайн их бүтээн байгуулалтыг эхлүүлж чадсан Ч.Сайханбилэг хэмээн тодотгоод 1785 тэмдэгт бүхий захидлыг ирүүлжээ. Энэ удаа ЗГХЭГ-ын дэд дарга Ш.Солонго гэх бүсгүйд хаягласан байна.
Эрхэм дүү гэх үгийг 14 удаа хэрэглэжээ
Захидалд “Эрхэм дүү” гэх үгийг 14 удаа хэрэглэсэн нь хандаж буй хүнээ хүндэлсэн гэхээсээ илүү хэлж буй санаагаа ойлгуулах гэж дотночилж буй хандлагыг илтгэх аж. Энэхүү захидал мэдээж Оюутолгойн тухай. Тиймээс “Оюутолгой” гэх үгийг нэг удаа бичээд “ОТ” гэх товчлолыг 12 ашигласан нь зүгээр л сонирхол татав.
Энэхүү захидал бичигдэх болсон шалтгаан нь ЗГХЭГ-ын дэд дарга, Засгийн газраас байгуулсан "Рио Тинто" компанитай Оюутолгойн асуудлаар хэлэлцээ хийх Ажлын багийн гишүүн Ш.Солонго гэгч бүсгүй хэвлэлүүдээр “Урьдчилсан байдлаар далд уурхай ашиглалтад ороод 2051 он хүртэл Монгол Улс ногдол ашиг авахгүй, цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоог Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газарт өгсөн. Үүн дээр нэмээд 2051 он хүртэл Оюутолгой компани Монголд ашгийн буюу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг ердөө 4 жил төлөхөөр байгаа” хэмээн ярьснаас үүдэлтэй.
2009, 2015 оны "хам"-ууд
Тэрбээр энэхүү мэдэгдлийг хийснээрээ 2009, 2015 онд Рио Тинтотой гэрээ хэлцэл хийсэн хүмүүсийн үйл ажиллагааг үгүйсгэж, нураалаа хэмээн Ч.Сайханбилэг үзжээ. Энэ талаар ялгаж салгаад яриад өгөх хүмүүс одоо бүгд шоронд байгаа ч ажлын хэсэгт орж ажилласан эдийн засагч Ч.Отгочулуунаас асуучихгүй дээ гэх зүйлсийг захидлын эхэнд бичжээ.
“Ажлын хэсэг одоо өөрсдийн хөндлөнгийн олон улсын аудит ажиллуулахаас гадна урд нь ажилласан олон улсын зөвлөх 2 байгууллагыг дахин дуудаж тооцооллоо нэгтгэх нь чухал. Тэгээд ч ЗГ-ын зүгээс Рио Тинто-той 5 жил тутам гэрээг дүгнэж сайжруулж байхаар харилцан тохирсон. 2009 оны ХОГэрээг 2011 онд сайжруулж нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд 2015 оны Санхүүжилтийн төлөвлөгөөг дүгнэх, нэмэлт өөрчлөлт хийх 5 жилийн цаг хугацаа ч өнгөрөөд байна” гэж тэрбээр захидалдаа бичжээ. Гэрээнд гарах хүрэхийн өмнө эрх баригчдын өвчигнөж буй нэг хэлбэр нь Ш.Солонго бүсгүйн амаар гарсан мэдэгдэл байжээ гэх хар төрөв.
Учир нь 2009, 2015 онд энэ гэрээнд гар хүрсэн бүхэн хуйгаараа “аавын хаалга”-ыг татаад буй учир энэ бүхний дараа тэдний замаар замнахгүй байх арга зам нь өмнөх буруутнуудыг дахин, дахин буруутан болгож буй үйл явдал бүхий жүжиг мэт харагдаж байна. Энэ жүжгийн гол дүр Ш.Солонго мэт харагдах ч төгсгөлдөө гэнэт гарч ирж, баатар цолыг хүртэх хүмүүс нь гол дүр...
Тус захидалд жүжгийн эсрэг талын туслах дүрүүдийг нэрлэжээ. Тэд бол поп ертөнцийнхөн...
“Манай дотоодод өр зээл, ногдол ашиг гээд мөнхийн маргаан дагуулж байгаа гол гогцоо УИХ-аас баталж ЗГ хэрэгжүүлэхээс өөр аргагүй байсан 34 хувийн санхүүжилт дээр гардаг... Эрхэм дүүд хэлэхэд 34 хувийг роялти татвараар солих шийдвэрийг УИХ-аар гаргуулна гэдэг амаргүй даваа. Босоо Ганбаа, Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ гээд поп ертөнцийн “Далай даян, дархан аваргууд” байгаа Их хурал шүү дээ. Наадуул чинь асуудал яаж шийдэх үү гэдгээс илүү ард олноос яаж оноо цуглуулахаа л боддог хүмүүс” хэмээжээ.
Баатар болж хувирах гол дүрийнхэн...
Мөн “Ерөнхий сайд чинь, ХЭГ-ын дарга чинь энэ асуудлыг шийдэх улс төрийн манлайлал үзүүлэхгүй, зориг зүрх гаргаж шийдэхгүй л бол өөрөө мянга чардайгаад ямар ч нэмэргүй, үр дүнгүй ажил болоод л өнгөрнө” гэсэн нь гол дүрийн баатруудыг нэрлэжээ...
Захидлын бүх агуулга Ш.Солонго бүсгүйг улс төрийн золиос болох вий дээ, тэгвэл 2009, 2015 оны дуулиант хэргийн холбогдогч ах нарынхаа хам хэрэгтэн болно гэдгийг сануулжээ. Ажил хариуцаж буй залуу хүн үгээ бодож, биеэ хичээгээрэй. Хэлсэн үгээс чинь хамаарч улсын эдийн засаг ганхаж байдаг юм шүү гэдгийг захиад хийе гэвэл хийсэн шиг ул суурьтай байж, эргэлзэж байвал эртхэн гараа татаарай гэжээ.
Тони блейр ба эр зориг гэх төгсгөл хэсэг
Мөн тэрбээр Оюутолгой төслийг эхлүүлсэн, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголдоо буцааж авсан зоригийг Их Британийн Ерөнхий сайд Тони Блейр өгсөн хэмээн захидлынхаа төгсгөлд бичсэн нь анхаарал татав.
“Намайг Ерөнхий сайдаар томилогдох үед Их Британийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Тони Блэйр баяр хүргэж захидал ирүүлсэн юм. Тэр “Ерөнхий сайдаар ажилласныхаа дараа би зарим асуудал дээр арай л зориг зүрхтэй, шийдэмгий байж чадаагүйдээ дараа нь их харамссан, миний энэ алдааг битгий давтаарай” гэж надад зөвлөж байсан юм. Энэ нь ч дараа нь хүнд хэцүү шийдвэрүүд гаргахад надад их нөлөөлсөн. Ингэснээр ч ОТ-ын гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, ОТ-с дутахгүй том үйлдвэр болох Эрдэнэтийг сонголтгүй байсан ч Монголдоо буцааж авчрах шийдвэрүүдийг зоригтой гаргаж чадсан юм” хэмээн захидалдаа бичсэн нь зоригтой хийгээрэй гэх утгыг илтгэж байна.
Том төслүүдтэй холбогдон буруутгагдаж, эх орондоо ч ирж чадахгүй яваа түүний хувьд нэгэнтээ төрийн том эрх мэдлийг атгаж байсан учраас нэгийг бодож, хоёрыг тунгааж ээлжит захидлаа хаяглаа байлгүй. Түүний үгийг хэрхэн хүлээн авахаа захидал хүлээн авагч өөрөө мэдэх биз ээ...