УИХ-ын чуулганаар Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталж, МАН-ынхан баяраа тэмдэглэж буй өдрүүд үргэлжилж байна. Учир нь тэд сөрөг хүчний хамгийн том эрх мэдлийг атгаж суусан Ерөнхийлөгчийн хүчийг өөрсдийн болгож чадсан явдал... Үүнээс өмнө нь Монгол ардын намын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн шүүхийн багц хуулийн төслийг хэлэлцэхгүй хэмээн өөрсдийн боловсруулсан хуулийн төслөө олонхийн хүчээр түлхэж оруулж, чирч гулдарсаар баталчихсан. Хууль тогтоох, гүйцэтгэх, засаглах эрх бүгд МАН-д очиж тэд дийлдэшгүй хүчтэй болж чадсан бол нөгөө талд Ерөнхийлөгч ёстой шүдгүй арслан болж хоцорлоо. МАН-ынхан энэхүү шинэчлэлийг өнөөх улс төрчдийн амны уншлага болох шударга бусын хонгил гэгчийг нурааж буй хэмээн үзэж байгаа бол Ерөнхийлөгч харин ч хонгилыг өргөтгөж, замыг нь зассан явдал хэмээн харж буйгаа илэрхийлж байсан.
Тэрбээр шүүхийн тухай хууль УИХ-аар хэлэлцүүлэгдэхийн өмнө өөрийн байр сууриа илэрхийлж чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлсэн байдаг. Түүний хэлсэн үгэнд "Магадгүй үүгээрээ би шударга бусын хонгил байгуулж байсан, тийм хонгилыг удирдаж байсан Ерөнхийлөгчдөөс өөр, бүрэн эрхээ огт нэмэгдүүлж байгаагүйгээс гадна тодорхой бүрэн эрхүүдээс татгалзсан анхны Ерөнхийлөгч болж байна. Цаашид хэн нэгэн, хэсэг бүлэг этгээд, эсвэл улс төрийн аль нэг нам, уул уурхайгаар сүлбэлдсэн тодорхой бүлэглэл, фракцид шударга бусын хонгил үүсгэх, хонгилоо хамгаалах, сэргээн байгуулахыг би зөвшөөрөхгүй, бас тэвчихгүй ээ" хэмээн мэдэгдэж байсан юм.
Ямартаа ч Ерөнхийлөгч шүүхийн тухай хуулийн шинэчилсэн хуулийн төсөлд хориг тавихаар зэхэж байгаа аж. Энэхүү эцсийн найдвар буюу түүний 14 дэх хоригийг УИХ хүлээн авах нь эргэлзээтэй. Одоогийн Ерөнхийлөгч хоригоороо алдаршаад буй. Өмнө нь сонгуульт хугацаандаа ийм олон хориг тавьсан ерөнхийлөгч байхгүй гэх.
Ерөнхийлөгч одоогоор 13 хориг тавиад байгаа бөгөөд үүний 3 ханыг нь л УИХ хүлээн авсан байдаг. Үлдсэн 10 ийнх нь цөөнгүй хувийг тооцоо судалгаа муутай, баримтыг мушгин гуйвуулсан гэх зэргээр УИХ-ын гишүүдээс шүүмж сонсч байсан бол нэг хоригоо Ерөнхийлөгч өөрөө буцаасан нь түүхэнд анх удаагийнх болсон юм.
Олон давтвал улиг гэгчээр энэ удаагийн Шүүхийн тухай хуульд хориг тавих нь ойлгомжтой, гэвч УИХ хүлээн авах уу гэх хүн олон байна. Ямартаа ч сүүлийн тэмцээний ачаа хүнд гэгчээр бүрэн эрхийн хугацаа дуусах шатандаа орсон энэ үед Ерөнхийлөгч хүчтэйхэн дуугарах бэлтгэлээ хангаж байгаа байх аа. Бэлтгэл нь цөмөрчихгүй л бол...
Одоогийн Ерөнхийлөгчийн сонгуульт хугацааныхаа турш УИХ-д тавьсан хоригуудыг танилцуулж байна.
- 2017.10.26 Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилохыг эсэргүүцэв. (УИХ хүлээж авахаас татгалзсан)
- 2017.11.02 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавив. /Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдоод хийсэн эхний томоохон ажил нь уг хуулийн төсөл байв./ (УИХ хүлээж авахаас татгалзсан)
- 2017.12.05 Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан хориг. (УИХ хүлээж авахаас татгалзсан)
- 2018.06.16 Д.Мурат, Д.Гантулга нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай 45, 47 дугаар тогтоолд хориг тавьсан. (УИХ хүлээж авахаас татгалзсан)
- 2018.11.15 Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хууль, тогтоолуудад бүхэлд нь тавьсан хориг. (УИХ хүлээж авахаас татгалзсан)
- 2019.05.14 Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг дагалдах хуулиудад бүхэлд нь хориг тавьсан. (УИХ хүлээж авахаас татгалзсан)
- Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавив. /УИХ хүлээн авсан/
- 2019.06.04 Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан хоригийг нь хүлээж авахаас татгалзсан УИХ-ын 51 дүгээр тогтоолд хориг тавьсан. /Хоригоо буцаан татсан/
- 2019.09.20 Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд хориг тавив. /УИХ хүлээн авсан/
- 2019.12.03 Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн тавьсан хориг. (УИХ хүлээж авахаас татгалзсан)
- 2019.12.03 Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавив. (УИХ хүлээж авахаас татгалзсан)
- 2020.05.26 Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьсан. /УИХ хүлээн авсан/
- 2020.11.25 Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хориг. (УИХ хүлээж авахаас татгалзсан)