2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсын нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэрийг Засгийн газраас гарсан байдаг. Тэгвэл 18-аас дээш насны иргэд харьяа дүүргийнхээ ЭМТ-өөр үйлчлүүлэн эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдаж буй бол 0-17 хүртэлх насны хүүхдүүдийг эрт илрүүлэгт хэрхэн хамруулж буй талаарх мэдээлэл эцэг, эхчүүдийн дунд хомс байгаа.
Иймд UBN.MN сайтын сурвалжлах баг 0-17 насны хүүхдүүдийг эрт илрүүлэгт хэрхэн, хаана хамруулж буй талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг
Улсын хэмжээнд 0-17 хүртэлх насны хүүхдүүдийн эрт илрүүлэг, үзлэг оношилгоог харьяа дүүргийн ӨЭМТ-өөр дамжуулан хийж буй бөгөөд дараах үзлэгт хамруулж буй аж. Тодруулбал,
0-5 насны хүүхэд
- Хүүхдийн эрт үеийн илрүүлэг /Эмчийн үзлэг, бие махбодын хэмжилт, мэдрэхүйн эрхтний үзлэг буюу /хараа, сонсгол/ шалгах, сэтгэлзүйн хөгжил, зан үйлийн эрүүл мэндийн үнэлгээ/
- Амны хөндийн эрүүл мэнд /Шүдний үзлэг, гажгийн үнэлгээ, эрүүл ахуйн зөвлөгөө, шүд угаах аргачлал заах/
6-17 насны хүүхэд
- Хүүхдийн эрт үеийн илрүүлэг /Хүүхдийн насны онцлогт тохирсон эрт илрүүлэг, үзлэг, эрсдэлийн үнэлгээ/
- Сүрьеэ сэтгэц /Эмчийн үзлэг, бие махбодын хэмжилт, мэдрэхүйн эрхтний үзлэг буюу /хараа, сонсгол/ шалгах, сэтгэлзүйн хөгжил, зан үйлийн эрүүл мэндийн үнэлгээ/
- Амны хөндийн эрүүл мэнд /Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, шүдний үзлэг, гажгийн үнэлгээ, эрүүл ахуйн зөвлөгөө, шүд угаах аргачлал заах/ зэрэг үзлэгт хамруулж буй аж.
Бид сурвалжилгынхаа явцад СХД-ийн Эрүүл мэндийг дэмжих төвийг зорьсон бөгөөд энд 18-аас дээш насны иргэдийг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулж буй юм. Иймд бид тус төвийн дотрын эмч Б.Тунгалагаас хүүхдийн эрт илрүүлгийн талаар тодруулахад,
0-17 насны хүүхдүүдийн эрт илрүүлгийг ӨЭМТ-д хийж байгаа
"0-17 насны хүүхдүүдийг ӨЭМТ-д эрт илрүүлэгт хамруулж болно. Мөн ӨЭМТ-үүд маань сургууль, цэцэрлэгүүдтэй хамтраад шүдний үзлэгийг хийж, эрүүлжүүлэх ажлыг хийгээд явж байна. Тэгэхээр тухайн цэцэрлэг сургуулийн хүүхдүүдийг шүдний эмчилгээнд хамруулж, амны хөндийг эрүүлжүүлж, зөвхөн оношлоод орхих бус эрүүлжүүлж буйгаараа онцлогтой" гэсэн юм.
Ийнхүү үргэлжлүүлэн СХД-ийн 9-р хороонд байрлах "Энх Элбэрэл" ӨЭМТ-өөс хүүхдийн эрт илрүүлгийн хамрагдалтын талаар тодруулсан бөгөөд энэ үеэр уг ӨЭМТ-ийн Их эмч С.Болдбаатар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
Эрт илрүүлгийн хүрээнд хүүхдийн бие махбод, амны хөндийн үзлэгийг хийж, сэтгэхүйн асуумж авдаг
"Хүүхдийн эрт илрүүлэг нь 0-17 насны хүүхдүүдийн дунд явагдаж байгаа. Энэ үзлэг нь харьяа ӨЭМТ буюу анхан шатны байгууллагууд дээр явагдаж байна. Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгт,
- Хүүхдийн бие махбодын үзлэг
- Амны хөндийн үзлэг
- Хараа, сонсгол зэрэг бүтэн биеийн үзлэг хийгдэж байгаа.
- Мөн 5-аас дээш насны хүүхдүүдэд хүүхдийн сэтгэхүйн асуумжийг хийж байна. Энэ нь хүүхдийн сэтгэхүйн байдлыг үнэлдэг.
Хүүхдийн эрт илрүүлэг явагдаж эхэлснээр хүүхдэд илэрч болох эрсдэлээс сэргийлэх, цаашид гарч болох хүндрэл мөн ямар нэг өвчнөөр өвдөх эрсдэл байгаа юу үгүй юу гэдгийг үзэж оношлохын тулд хэрэгжүүлж буй юм.
Манай ӨЭМТ-ийн хувьд 3000 гаруй хүүхдийг эрт илрүүлэг үзлэгт хамруулсан байна. Ингэхдээ эцэг, эхчүүд маань хүүхдүүдээ авч ирж үзлэгт хамруулснаас гадна харьяа ЕБС, цэцэрлэгүүдэд ажиллаж хүүхдүүдээ эрт илрүүлэгт хамруулсан байгаа" хэмээв.
Мөн үргэлжлүүлэн,
Хүүхдүүдийн дунд амны хөндийн өвчлөл тэргүүлж байна
"Хүүхдүүдийн дунд амны хөндийн өвчлөлүүд их байдаг. Тэр дундаа 17 хүртэлх насны бүх хүүхдүүдийн дунд шүдний цоорол өвчин их ажиглагдаж байна. Шүдний цооролгүй хүүхэд бараг байхгүй байгаа тул эцэг, эхчүүдэд шүдний цоорол, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг их өгч байгаа.
Мөн амны хөндийн өвчлөлөөс үүдэн олон өвчлөл үүсдэг тул үүнд хамгийн их анхаарал хандуулах шаардлагатай" гэлээ.
Түүнчлэн хүүхдийн эрт илрүүлгээр хортой болон хоргүй хавдрын сэжигтэй тохиолдол багагүй илэрдэг. Энэ талаар ӨЭМТ-ийн Их эмч С.Болдбаатар,
Хавдар бүр өөр, өөр шинж тэмдэгтэй байдаг тул сэжигтэй тохиолдол илэрвэл нарийн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөдөг
"Илэрсэн шинж тэмдгээс хамааран сэжигтэй тохиолдол байна гэж үздэг. Хэрэв илэрч буй шинж тэмдэг нь хавдрын шинж тэмдэгтэй төстэй бол тухайн хүүхдийг нарийн мэргэжлийн эмчид шилжүүлдэг.
Хавдар нь дотроо олон төрөлтэй. Тиймээс илэрч буй шинж тэмдэг бүр нь хоорондоо адил төсгүй. Онцолж хэлэх шинж тэмдэг төдийлөн байдаггүй тул эцэг, эхэд нь зөвлөгөө өгч, нарийн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөдөг" гэх мэдээллийг өглөө.
Эцэг, эхчүүдийн зүгээс хүүхдийнхээ эрүүл мэндэд онцгойлон анхаарах хэрэгтэй. Хэдий сургууль, цэцэрлэгүүдээр харьяа дүүргийн ЭМТ болон ӨЭМТ-ийн эмч нар хүүхдийн үзлэг оношилгоог төлөвлөлт хугацаанд хийдэг ч энэ нь шүдний үзлэг болон бусад энгийн үзлэгүүд багтдаг. Иймд хүүхдийнхээ эрүүл мэндийг анхаарч, зарим нэг эрсдэлтэй шинж тэмдэг удаан хугацаанд илэрч байвал зайлшгүй ӨЭМТ-дөө хандаж мөн нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө тусламж авч, эрт илрүүлэгт хамрагдах шаардлагатай юм.