Эрх баригч хүчин МАН ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийн тойргийн хуваарилалт, мандатын тоог эцэслэн батлав. Тэд эрх мэдэлтэй нь тойргоо хувааж авдаг нь Монголын улс төрийн тогтсон үзэгдлийн дагуу л тойргийн хуваарилалтыг хийв. Монгол Улсын хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан тойргийн хуваарилалтыг хийхдээ эрх баригч хүчин нийслэлийн мандатын тоог цөөлж, орон нутгийн мандатын тоог нэмэгдүүлэв.
Тодруулбал, Монгол Улсын аймгийг 20, нийслэлийг 9 тойрог болгож, УИХ-ын сонгуулийн 29 тойрог байгуулахаар болов. Ингэхдээ Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн сонгуулийн нэг тойрог болгосон бол нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэн сонгуулийн мөн л нэг тойрог болгов. Харин Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг салгаж, тус бүр хоёр тойрог болгосон бол бусад аймаг болон нийслэлийн бусад дүүрэг тус бүрдээ сонгуулийн нэг нэг тойрог байхаар зохицуулалт хийв.
Харин УИХ-ын сонгуулийн тойрогт ногдох мандатын тооны хувьд Булган, Говь-Алтай, Дундговь-Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар аймаг тус бүр 2 мандаттай, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг тус бүр 3 мандаттай байхаар тусгажээ. Нийслэлийн дүүргүүдийн тухайд Багахангай, Багануур, Налайх дүүргийн сонгуулийн 21 дүгээр тойрог 2 мандаттай, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүрэг тус бүр 3 мандаттай байх бол Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр 5 мандаттай байхаар хуваарилалт хийлээ.
Товчхондоо, МАН ирэх сонгуулийн тоглоомыг дүрмийг ийнхүү өөрсдийн хүслээр зохиов. Ингэхдээ цэнхэр тойргийн мандатын тоог цөөлж, улмаар улаан тойргийн мандатын тоог нэмэгдүүлэв. Өөрөөр хэлбэл, үе үеийн сонгуульд үргэлж МАН-ыг дэмжиж, тус намаас нэр дэвшсэн хүнийг сонгож ирсэн тойргийн мандатын тоог нэмэгдүүлсэн юм. Нийслэлийн сонгогчид, тэр тусмаа Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй бол цэнхэр тойргууд. Үе үеийн УИХ болон орон нутгийн сонгуульд дээрх дүүргийн сонгогчид Ардчилсан намд голдуу саналаа өгдөг. Харин олон сонгуулийн дүнгээс харахад Говь-Алтай, Сүхбаатар бол улаан тойрог юм.
Тодруулбал, Дундговь, Говь-Алтай, Булган, Сүхбаатар аймаг өмнө нь нэг мандаттай байсан. Харин энэ удаад мандатын тоог нэмэгдүүлж, хоёр болгов. Ингэхдээ хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзах бус нэр дэвшихээр горилж буй хүмүүст зориулан мандатын тоог нэмэгдүүлсэн юм. Учир нь Сүхбаатар аймагт МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшихээр болсон бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийг тойглоод удаж буй.
Харин Говьсүмбэр аймгийг Дорноговь аймгаас салгаж, Дундговь аймагтай нийлүүлсэн нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Мөнхцэцэг нарын найруулсан “хор”. Тэд 2016 оны сонгуулийн тойргоо өөрчилж, ийнхүү Дундговь аймгийн сонгогчдын түшихээр болов. Багахангай, Налайх, Багануурыг нэг тойрогт хувааж, хоёр мандат олгож буй нь мөн л нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы захиалга гэж харагдаж байна. Ямартай ч, МАН ирэх сонгуулийн дүнг өөрт хамгийн боломжтой байх тоглоомын дүрмийг батлав.