
Хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд гэмт хэрэг зөрчилд холбогдож, хүний газар хорих ял эдлэх тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгджээ. Монголчуудын хамгийн ихээр зорчдог БНСУ-д л гэхэд 2025 оны байдлаар Монгол Улсын 1396 иргэн БНСУ-д гэмт хэрэг, зөрчилд холбогдсон харамсалтай тоон мэдээ байна.
Тодруулж хэлбэл, гэмт хэрэгт холбогдсон монгол иргэдийн дийлэнх нь буюу 70 орчим хувь нь танхайрах, бусдын биед гэмтэл учруулах, зам тээврийн осол, жолоочийн эрхийн үнэмлэхгүй автомашин жолоодох, жолооны үнэмлэхний ангилал зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хулгайлах, залилах, хүчин, хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдсон байна.
БНСУ-Д ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ИРГЭДИЙН 30 ХУВЬ НЬ ТАНХАЙРАХ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ
Хилийн чанадад танхайрах, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэгт холбогдсон иргэдийн дийлэнх нь архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ бусадтай маргалдах, бусдын биед халдах, гэмтэл учруулах зэргээр суугаа орныхоо Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байгаагаас гадна орон сууц, олон нийтийн газар маргаан үүсгэж чанга дуу чимээ гаргах, нийтийн өмчид халдах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх өгүүлэмжтэйгээр шалгагдсан байна. Манай иргэд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэтрүүлсэн үедээ суугаа орныхоо хуль дүрмийг зөрчиж, харийн нутагт хорих ял эдлэх тохиолдол их байгаа учраас суугаа орныхоо хууль, дүрмийг чандлан сахиж, олон нийтийн газар биеэ зөв, боловсон авч явах, танихгүй хүний биед хүрэхгүй байхыг анхааруулж байна.
“Хөл дээр нь гишгээд гар барих”, “Зөрөхдөө бусдын биед хүрэх” зэрэг бусдын биед зөвшөөрөлгүй хүрэх үйлдэл нь зарим улс оронд гэмт хэргийн шинжтэй үйлдэл болдог аж.
12.3 ХУВЬ НЬ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ
Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэд хулгайлах төрлийн гэмт хэрэгт холбогдох, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй байдаг. Мөн бусдын эд хөрөнгийг хог, хаягдалтай андуурч авч явсан тохиолдол байдаг бөгөөд энэ нь тухайн гэмт хэргийг санамсар болгоомжгүй байдлаар үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл болдоггүй байна. Тиймээс аливаа эд зүйл, бусдын хөрөнгийг авахдаа эзнээс нь асуух, зөвшөөрөл авахыг онцгойлон анхааруулж байна.
Үүнээс гадна нийт гэмт хэрэг зөрчлийн 24.7 хувь нь зам тээврийн осол, жолоочийн эрхийн үнэмлэхгүй автомашин жолоодох, жолооны үнэмлэхний ангилал зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой гэмт хэрэгт холбогдсон хэрэг, 7.6 хувь нь залилах төрлийн гэмт хэрэг, 2.6 хувь нь хүчингийн хэрэг, 0.4 хувь нь хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдсон байна.

Дээрх шалтгаанаар ид хөдөлмөрлөх насны залуус хүний газар хорих ял эдэлж байна. Тиймээс харийн нутагт нэрээ хичээж, суугаа орныхоо хууль, дүрмийг чандлан сахихыг уриалж байна.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!