АУДИТ: 10 хүнтэй ЭМДҮЗ ЭМДЕГ-т хангалттай талбай байхад “Юнион Бюлдинг”-т оффис түрээсэлж, 57.8 сая төгрөгийг зарлагаджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 38 секунд

Үндэсний аудитын газар саяхан 32 төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг олон нийтэд хүргэсэн. Тодруулбал, 32 ТЕЗ-ийн 12-т нь өөрчлөлтгүй дүгнэлт өгсөн бол 20-д нь хязгаарлалттай дүгнэлтийг өгсөн юм.

Хязгаарлалттай дүгнэлт авсан 20 ТЕЗ-ийн нэг нь Эрүүл мэндийн даатгалын сан юм. Ингэхдээ аудитаар 442 тэрбум 147 сая төгрөгийн алдаа зөрчил илэрсэн аж.

Тэгвэл ийнхүү хязгаарлалттай дүгнэлт авахад дараах зөрчлүүд голлон нөлөөлжээ.

-АЖЛЫН БАЙР БАЙСААР БАЙТАЛ 57.8 САЯ ТӨГРӨГИЙГ ДАХИН ӨӨР ОФФИС ТҮРЭЭСЛЭХЭД ЗАРЦУУЛЖЭЭ-

ЭМДҮЗ нь ажлын байр түрээслэхдээ 57.7 сая төгрөгийн шууд худалдан авалт хийсэн зөрчилд албан шаардлага хүргүүлсэн байна. Тодруулбал, ЭМДЕГ нь өөрийн ажлын байртай бөгөөд талбай ашиглалтын хувьд хангалттай байхад 10 орон тоотой ЭМДҮЗ-ийн ажлын алба нь Ворлднэт ХХК-ийн “Юнион Бюлдинг” барилгад ажлын байр түрээсэлж 57.8 сая төгрөгийн зардал гаргажээ. Үүнийг аудитаас өөрийн байгууллагын нөөц бололцоог ашиглахгүй, үр ашиггүй зардал гаргаж байна гэж үзсэн аж.

Иймд аудитаас ЭМДЕГ нь өөрийн ажлын байрны нөөц боломжийг ашиглах, ЭМДҮЗ байр түрээсэлж, төсвийг үрэлгэн зарцуулсан зөрчлийг давтан гаргахгүй байх зөвлөмжийг өгсөн байна.

-ЭМДС-ГИЙН ДААТГУУЛАГЧИЙН ТОО 25 МЯНГААР БУУРЧ, ОРЛОГО 5.6 ТЭРБУМААР ТАСАРЧЭЭ-

Эрүүл мэндийн даатгалын сангийн сайн дурын даатгуулагчийн тоо 25026 хүнээр буурчээ. Ингэснээр орлогын төлөвлөгөө 5.6 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Энэ Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 "төсвийн тогтвортой байдлыг хангасан байх", 5.1.3 "санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх" гэсэн заалттай нийцээгүй, нийцсэн бөгөөд зохистой байх батламж мэдэгдлийг хангахгүй байна гэж аудит үзжээ.

Түүнчлэн ЭМДС-ийн нийт орлогын 55.3 хувийг төрөөс шимтгэлийг нь хариуцан төлдөг иргэдийн шимтгэлийн орлого, төр хариуцах тусламж, үйлчилгээний орлого бүрдүүлж байна. Гэсэн хэдий ч, сангийн нийт зардлын 88.2 хувийг улсын төсвөөс хариуцах иргэдэд зарцуулсан байна.

Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 “Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад эрх бүхий байгууллага, төсвийн захирагч нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 6.2.2 “жил бүрийн төсвийн зарлагыг орлого болон санхүүжүүлэх бусад эх үүсвэрээр нь бүрэн нөхдөг байхаар төлөвлөн баталж, хэрэгжүүлэх", Тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 "төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх" гэсэн заалттай нийцээгүй, нийцсэн бөгөөд зохистой байх батламж мэдэгдлийг хангахгүй байна гэж аудит үзжээ.

-КАПИТАЛААС 74 ТЭРБУМЫН АВЛАГАТАЙ ХЭР НЬ АВЛАГА БАРАГДУУЛАХ АЖЛАА "ХИЙХГҮЙ" БАЙНА-

Он дамжсан олон жилийн насжилттай Капитал банкнаас авах 74 тэрбум 199 сая төгрөг, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас авах 2 тэрбум 113 сая төгрөг, "Хаппи веритас" ХХК-аас авах 876.7 сая төгрөг зэрэг нийт 27 аж ахуйн нэгжтэй холбоотой авлагыг барагдуулах талаар арга хэмжээ аваагүй, найдваргүй авлага үүсэх эрсдэлтэй хэвээр байна гэж үзжээ. Үүнтэй холбоотойгоор өмнөх аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй гэдгийг ч тайланд дурдсан байна.

-17 ЭМНЭЛЭГТ 149 САЯЫН АВЛАГА ШИНЭЭР ҮҮССЭН-

2025 онд хувийн хэвшлийн 17 эмнэлгээс 149 сая төгрөгийн санхүүжилтийн авлага шинээр үүссэн. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т "төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах", мөн хуулийн 6.4.8 “төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх” гэсэн заалтуудтай тус тус нийцээгүй байна гэж аудит үзжээ.

-САГСАН БӨМБӨГ, ВОЛЕЙБОЛЫН СУРГАЛТ АВАХААР 6.9 САЯ ТӨГРӨГӨӨР ГЭРЭЭЛЖЭЭ-

ЭМТЕГ нь "Сагсан бөмбөг, волейболын сургалт зохион байгуулах"-аар ЦОХИЛТ БНАО ХХК-тай 2,9 сая төгрөг, "Найзууд сагсан бөмбөг хөгжил" НҮТББ-тай 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 4 сая төгрөгийн гэрээ байгуулж, төсвийг үрэлгэн зарцуулсан байна.

Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д "төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах", мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д "батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах", Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “үр ашигтай байх”, 4.1.9-д “хариуцлагатай байх” гэж тус тус заасантай тус тус нийцээгүй байна

ИЗНН-аас УИХ-ын гишүүн Р.Батболдыг Улс төрийн зөвлөлийн хуралдаа урьжээ
ИЗНН-аас УИХ-ын гишүүн Р.Батболдыг Улс төрийн зөвлөлийн хуралдаа урьжээ
 
А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!