
Дэлхийн өрсөлдөх чадварын 2026 оны тайлан гарлаа. Тус тайлангаар Монгол Улс 67-д эрэмбэлэгджээ. Тайлангийн мэдээллийг хүргэж байна.
Сингапур өрсөлдөх чадвараар тэргүүлэв
2026 оны өрсөлдөх чадвар хамгийн сайтай улсаар Сингапур шалгарч, Хонконг, Швейцар, Тайвань болон Арабын Нэгдсэн Эмират улсууд айрагджээ.
Швейцарын Лозанн хот дахь Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс 38 дахь жилдээ эрхлэн гаргаж буй “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-д нийт 70 улсыг хамруулсан байна. Манай улс 2015 оноос хойш тогтмол эрэмбэлэгдэж ирлээ.
Энэ жилийн тайлан “Институтийн итгэл даах чадвар” сэдвийн хүрээнд танилцуулагдав. Улс, үндэстний өрсөлдөх давуу тал нь сайн засаглал, дасан зохицох чадвар, сөрөн тэсвэрлэх чадвараас улам бүр хамаарч байгааг онцолжээ. Учир нь дэлхий дахинд геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж буй цаг үед хууль дүрэм нь ойлгомжтой, амлалтаа хэрэгжүүлэх чадвартай, хуулийн засаглал сайтай улс орнууд илүү өрсөлдөх чадвартай гэж тооцогдох болов.
Судалгаанд нийт 341 үзүүлэлтийг Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа болон Дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлэгт ангилан авч үздэг.
Сингапур бизнесийн үр ашиг үзүүлэлтээр долоон байр урагшилснаар Швейцарыг ардаа орхиж, дахин нэгдүгээр байрт бичигдлээ. Хонконг сүүлийн гурван жил дараалан ахиц гаргасаар хоёрдугаарт жагсжээ. Швейцар эдийн засгийн тамир тэнхээ үзүүлэлтээр 24 байр ухарчээ.
Манай худалдааны гол түнш БНХАУ бизнесийн үр ашиг болон татварын бодлогын үзүүлэлтүүд сайжирсны үр дүнд 16-с 12 -р байр руу дэвшсэн байна.
Тус тайланд сүүл мушгисан таван улсад Ботсвана, Монгол Улс, Нигери, Намиби Венесуэл жагсав.
Монгол Улс 67-д эрэмбэлэгдэв
2026 онд Монгол Улс 39.02 оноотойгоор сүүлээсээ дөрөвт эрэмбэлэгдсэн байна.
Үндсэн 4 бүлгийн өөрчлөлт
Эдийн засгийн тамир тэнхээ үзүүлэлтээр 4 байр ухарч 59-рт эрэмбэлэгдсэн. Үүнд ДНБ-д эзлэх дотогш чиглэсэн шууд хөрөнгө оруулалт үзүүлэлтээр 6, бараа бүтээгдэхүүний экспорт үзүүлэлтээр 13, оффисын түрээсийн үнэ үзүүлэлтээр 1-рт эрэмбэлэгдсэн нь эергээр нөлөөлсөн боловч экспорт нэг түншээс хэт хамааралтай байх үзүүлэлтээр 70, эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадвар үзүүлэлтээр мөн 70, үйлчилгээний салбарын экспорт, инфляц үзүүлэлтүүдээр 64-39д эрэмбэлэгдсэн нь нөлөөлжээ.
Засаглалын үр ашиг өмнөх онтой харьцуулахад 2 байраар ухарч 63-д эрэмбэлэгдсэн. Үүнд институтийн тогтолцоо, бизнесийн хууль эрх зүй, төрийн санхүүгийн менежментийн сул байдал голлон нөлөөлжээ.
Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа 3 байраар урагшилж 62-д жагссан. Үүнд хөдөлмөрийн зардал бага, хөдөлмөрийн зах зээлийн урт хугацааны өсөлт, санхүүгийн үйлчилгээний хүртээмж сайжирсан нь нөлөөлжээ.
Дэд бүтэц өмнөх оны адилаар 66-д эрэмбэлэгдсэн бөгөөд технологи, шинжлэх ухаан, суурь дэд бүтцийн үзүүлэлтүүд ерөнхийдөө сул түвшинд байна.
Монгол Улсад тулгарч болох сорилтууд 2026 он
- Бодлогын тогтворгүй, урьдчилан таамаглах боломжгүй байдал нь төрд итгэх итгэлийг сулруулах,
- Инфляц болон улсын өрийн дахин санхүүжилтийн мөчлөгүүд нь улсын төсөв болон айл өрхийн амьжиргаа, худалдан авах чадварт дарамт учруулах,
- Ур чадвартай ажиллах хүчний хомсдол болон хөдөлмөрийн бүтээмжийн зөрүүгээс улбаалан зонхилох салбаруудад ажиллах хүчний хомсдол үүсэх,
- Хөрөнгийн зах зээлийн хоцрогдол болон санхүүжилтийн хязгаарлагдмал боломжууд нь санхүүжилтийн эх үүсвэр, төрөлжилтийг хязгаарлах,
- Дэд бүтцийн хязгаарлагдмал хүрэлцээ, ложистикийн бэрхшээл нь өртөг зардлыг нэмэгдүүлж, экспортыг боомилсноор эдийн засгийн тэлэлтийг саатуулах.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!