
NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлгийн 86 дахь дугаарт Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан оролцлоо. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
----------------------------------
-Шинэ ажил аваад сарын хугацаа болчихлоо. Ажил их байна уу?
-Яг нэг сар болчихлоо. Н.Учрал Ерөнхий сайдын Засгийн газарт Боловсролын сайдаар 2 дахь удаагаа томилогдлоо. Н.Учрал сайд томилсон гол шалтгаан нь "Та өнгөрсөн хугацаанд Боловсролын сайдаар ажилласан. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажилласан учраас салбарт үүссэн цалин хөлсний асуудлууд, цалин хөлсний маргааны асуудлыг мэдэж байгаа. Сарын дотор энэ асуудлуудыг эцэслэ" гэсэн хугацаатай үүрэг өгсөн. Хугацаатай үүрэг өгсөн учраас Засгийн газар үүрэг өгч 14 хоногийн дотор шийдвэрлэж, тавдугаар сарын 1-нээс багш нар нэмэгдэл цалингаасаа нэмэгдлүүдээ авах ажлуудыг хийж, үүнийхээ ард гарлаа. Багш нарын цалин нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдсэн. Тэгсэн мөртлөө 2 цалингийн тогтолцоонд шилжчихсэн цалингийн асуудал ойлгомжгүй болчихсон. Шинэ, хуучин гээд хоёр цалин гараад ирсэн. Нэмэгдлүүдийг нь хуучин цалингаас нь олгоод байхаар хүмүүс сэтгэл дундуур үлдээд, цалингийн маргаан үүсчихсэн байсан.
-Хуучин сайдтайгаа яагаад хэвлэлийн нүүрэн дээр "зодолдоод" байна вэ?
-Би хүний ул шагайдаг, хэтэвч дэх мөнгийг тоолдог, эсвэл хэн нэгний хөнжлийг сөхөж хараад байх дургүй хүн. Би УИХ-д 4 дэх удаагаа сонгогдож, Засгийн газарт 3 дахь удаагаа сайдаар томилогдон ажиллаж байна. Урдах сайд нартайгаа ажил авч, хүлээлцэж байхдаа толхилцож байсан тохиолдол ерөөсөө байхгүй. П.Наранбаяр бид хоёрыг толхилцож байна гэж л хараад байх шиг байгаа юм. Би ерөөсөө толхилцож байна гэж харахгүй байгаа.
-Та хоёрыг бие бие рүүгээ хэвлэлийн хуудсаар мэдээлэл хийгээд л асуудлууд яриад байхаар асуудал нь хаанаа байдаг юм бол гэж бодогдоод байна л даа?
-Яах вэ би П.Наранбаярт ахын хувьд ажлаа, тамгаа өгч байсан хүний хувьд хэлсэн. Төрийн тамгыг авч сураад, бас өгч сурах хэрэгтэй. Миний нэг хатуу үгэнд гомдсон юм шиг байна лээ. Төрийн сайдын сэнтийд дамжаа гэж байдаггүй шүү гэдэг үгэнд. Магадгүй би жаахан түргэдсэн байх. Гэхдээ бодитой нөхцөл байдлыг л би хэлэх ёстой. Яагаад гэвэл би ажил хүлээж авч байгаа хүн. Бас би ажил хүлээлгэж өгч байсан. П.Наранбаяр сайдад би Боловсролын салбарын багц хуулиудаа батлуулаад, тогтолцооны шинэчлэлээ хийгээд, эрх зүйн актуудыг нь бүгдийг нь батлуулаад, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг 3 дахин нэмж өгсөн. Намайг 2021 онд боловсролын салбарыг авахад санхүүжилт нь 1.7 их наяд байсан бол П.Наранбаярт би 4.2 их наяд болгож хүлээлгэж өгсөн шүү дээ. Боловсролын багц хууль гэхээр хүмүүс ойлгодоггүй юм байна лээ. Энэ Энх-Амгалан өөрийгөө багц хууль батлуулсан л гэж яриад байх юм гэж ойлгодог юм байна лээ. Хот хөдөөгийн сургуулийн ялгаа, төрийн сургууль хувийн сургуулийн ялгаа Монгол Улсад бий болсон гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Тэр тусмаа намайг Боловсролын сайд байхад Монгол Улс анх удаа PISA буюу Дэлхийн боловсролын чанарын үнэлгээнд анх удаа орсон. Хуучин дүнгийн тогтолцоогоор бол бид -3 л авсан шүү дээ. Үндсэндээ 15 настай хүүхэд буюу дунд сургуулиа төгсөж байгаа хүүхэд үе тэнгийнхэнтэйгээ харьцуулахад математик, байгалийн ухаан, унших чадвараар 2-3 жилийн хоцрогдолтой. Хамгийн аюултай сэтгэл эмзэглүүлсэн зүйл нь хотын сургууль, аймгийн төвийн сургууль, сумын төвийн сургуулийн хүүхдүүдийн мэдлэгийн хоцрогдол 1-2.5 жилээр хоцорсон. Жишээлбэл, хотын сургуулийн долоодугаар ангид сурч байгаа хүүхэд аймгийн төвийн долоодугаар ангид сурч байгаа хүүхдийн хооронд 1-1.5 жилийн ялгаа гарчихсан. Аймгийн төвөөс сумын төвд сурч байгаа хүүхдийн хооронд дахин 1 жилийн ялгаатай. Тэгэхээр Улаанбаатарт сурч байгаа долоодугаар ангийн хүүхэд сумын төвд сурч байгаа долоодугаар ангийн хүүхдээс байгалийн ухаан, математикийн хичээл, унших чадвараар 2.5 жилээр хоцорсон байна гэдэг дүн гарсан.
Би нэг алдаа хийсэн байна лээ. Ямар алдаа гэхээр PISA үнэлгээг жаахан зөөлөн зарлачихсан юм. Ер нь PISA үнэлгээг зарлахад дэлхийн улс орнууд нэлээд том цочрол авдаг. Дэлхийн улс орнуудын Засгийн газар огцорч байсан түүх бий. Олон улсуудын Боловсролын сайд нь огцорч байсан түүхтэй. PISA үнэлгээ тухайн улсын боловсролын салбарт дүн тавьж байгаа юм. Үүнийг би жаахан болгоомжлоод гэнэт нийгмийг цочирдуулаад яах вэ гэж бодож, тэр үед жаахан болгоомжтой зарласан. Тэр нь миний алдаа болчихлоо л гэж бодож байгаа. 2023 онд би албан ёсоор PISA үнэлгээг орон даяар зарласан. Дэлхий даяар нэг өдөр, нэг цагт зарлагддаг. Манайх нэгдүгээрт, анх удаа орж байгаа. Хоёрдугаарт, Ковидын дараа сургуулиа нээчхээд үнэлгээнд орсон учраас би жаахан болгоомжилсон.
-Ковид ер нь цаг хугацаа алдуулсан, хоцрогдол үүсгэсэн биз?
-Түрүүчийн удаа би Боловсролын сайд болохдоо боловсролын салбар хоёр ихэр хоцрогдолд орчихсон юм байна гэдгийг ойлгосон. Нэгдүгээрт, Ковидын өмнөх хоцрогдол. Хоёрдугаарт, Ковидын үеийн хоцрогдол. Дэлхий нийтээрээ ер нь Ковидын хоцрогдолд орсон. Манайх хоёр хоцрогдолд орчихсон тэр үед нь энэ үнэлгээнд орчихсон. Гэхдээ энэ үнэлгээг цаанаас нь Европын эдийн засгийн хамтын ажиллагаанаас Ковидын дараа орох гэж байна. Үүнийгээ хойшлуулахгүй юм уу гэж санал надад тавьж байсан. Ер нь нэг их олигтой дүн гарахгүй, Ковидын дараа шүү дээ гэж сануулсан. Гэхдээ би үүнд улс төрийн эр зориг гаргаж Монгол Улсын боловсролын салбар ижил төстэй орнуудтай харьцуулахад ямар байгаагаа нэг хэмжүүлье. Ер нь хэмжихгүй бол бид хаана яваад байгаагаа мэдэхгүй юм байна гэж бодоод улс төрийн эр зориг гаргах нь гаргасан. Надтай хамтран ажиллаж байсан яамныхан, газрынхан, хүрээлэнгийнхэн, үнэлгээнийхэн сайдаа энэ чинь олигтой үр дүн гарахгүй шүү дээ. Таны ажил л муугаар үнэлэгдэнэ. Засгийн газрын чинь ажил муугаар үнэлэгдэнэ шүү дээ гэж хэлж байсан. Би яг тэр үед сайдын хувьд улс төрийн эр зориг гаргаж ерөнхийдөө PISA үнэлгээнд би орохоос буцахгүй. Тиймээс ороод үзье гэж бодоод орсон. Хамгийн гол нь бид 2-2.5 жилийн хоцрогдолтой гэдгээ мэдэж авлаа. Үүнийгээ мэдэхгүй яваад байсан бол бид хаа хүрч хад мөргөхөө мэдэхгүй шүү дээ. Үүн дээр хонгилын үзүүрт гэрэл харагдана гэдэг шиг ямар гэрэл гэгээтэй зүйлүүд гарсан гэхээр төрийн сургууль, хувийн сургуулийн ялгаа хол гараагүй. Бусад улсууд шиг. Тиймээс манай төрийн сургуулиуд бусад улсууд шиг чанарын ялгаа хол хоцроогүй юм байна. Тэр тусмаа би бахдам хэлэхэд PISA үнэлгээгээр түүвэр түүврээр хүүхдүүд орж байгаа. Түүврээр орсон хүүхдүүдээс Өвөрхангай аймгийн хүүхэд, Ховд аймгийн хүүхэд, Хөвсгөл аймгийн Эрдмийн далай цогцолбор сургуулийн хүүхэд гээд хөдөөгийн сургуулийн хүүхдүүд дэлхийн түвшний математикийн хичээлийн гүйцэтгэл хийсэн. Долоон хүүхэд дэлхийн түвшний гүйцэтгэл хийсэн. Энэ юуг хэлж байна гэхээр хөдөөгийн сургуулийн боловсролын чанар нэг их муудаагүй байна. Хөдөөгийн сургуулиудад сайн хүүхдүүд байна. Монгол хүүхдийн IQ өндөр байна. Бид өнгөрсөн долоо хоногт IQ үзүүлэлтээр дэлхийд долоод зарлагдав уу. IQ өндөртэй шүү дээ бид. Бидэнд потенциал бол байна. Гэтэл сайн материалаар муу бүтээгдэхүүн хийгээд байна гэдэг шиг зүйл л болоод байна.
Энэ далимаар ашиглаад хэлэхэд бид юуны өмнө хүрч ирээд байна вэ гэвэл монголын боловсрол 12 жилийн тогтолцоонд орчихсон. Дэлхийн банк болон манай донор байгууллагууд юу гэж үнэлж байна гэхээр та нар 12 жилийн тогтолцоонд шилжсэн мөртлөө хүүхдүүд чинь 9-10 жил үзэх ёстой чадвар эзэмшиж гараад байна. Дахиад 2 жилийн чадвар та нар дутуу эзэмшүүлээд байна гэсэн дүгнэлт гарсан. PISA үнэлгээ ч гэсэн үүнтэй мөргөж байгаа. Яг одоо ард түмэндээ гашуун үнэнийг хэлэхэд хуучин улирна гэж ойлголт байдаг байсан шүү дээ. Хүүхэд улираадаг байсан. Одоо нийтээрээ хоёр ангиар улирах хэмжээний хоцрогдолд орчхоод байна. Математикийн хичээлээ хоёр хүүхдийн нэг нь уншаад ойлгохгүй. Бүр монгол хэлээрээ уншаад ойлгохгүй хэмжээнд хүрсэн. Байгалийн ухааны хичээл хоцрогдолтой байна. Гэх мэтчилэнгээр нөхцөл байдал хүнд байгаа.

-Хоёр жилийн өмнө салбараа хүлээлгэж өгч байсан. Хоёр жилийн дараа эргүүлэн хүлээн авлаа. Нөхцөл байдал ер нь дээрдэж үү, дордож уу?
-Энэ намар 2 дахь PISA үнэлгээ зарлагдана. Дэлхий даяар зарлана. Гурван жил тутамд ордог. Үүн дээр би нэг их том хүлээлт байхгүй. Яагаад хүлээлт байхгүй гэхээр анхны PISA үнэлгээний дараа масс боловсролын чанарыг сайжруулахад ийм ийм арга хэмжээнүүд хэрэгтэй гэж үзээд 6 шинэчлэл зарлаад, Засгийн газраар тогтоол гаргуулаад, хөтөлбөр батлуулаад явсан. Харамсалтай нь өнөөдөр тэр хөтөлбөрүүд хэрэгжиж чадаагүй байна. Ямар хөтөлбөрүүд зарласан гэхээр Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль гэж би хэлээд байгаа шүү дээ. Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль болох, Хотын сургууль хөдөөгийн сургуулийн ялгааг арилгах, Төрийн сургууль хувийн сургуулийн ялгааг арилгах гэх мэт 6 том шинэчлэл хийж байж л энэ ялгаа арилах юм байна гэж би бодоод байгаа.
-Ямар шинэчлэлийг яаж хийх вэ?
-Нэгдүгээрт, Хөтөлбөрийн шинэчлэл. Бид Кембрижээс олон жил зөвлөгөө аваад Кембриж хөтөлбөртэй сургууль хамгийн сайн сургууль гэж манай ард түмэн олон жил ойлгож, тэрхүү хөтөлбөртэй сургуулиудад өндөр төлбөр төлж хүүхдүүдээ сургаад байгаа. Гэтэл төрийн сургуулиуд яагаад Кембриж хөтөлбөрт шилжиж болдоггүй юм бэ гэдэг ойлголт юм. Үүнийг бид Кембрижтэй хэлэлцээр хийгээд, 3 жил ажиллаад Кембриж манай байгалийн ухааны хичээл, математикийн хичээл гэх мэтээр гол хичээлүүдийн агуулгууд дээр хөтөлбөрийн концепцыг гаргаж өгсөн. Кембриж одоо явж байгаа хөтөлбөрүүд дээр анализ хийгээд үзэж байгаа хичээлүүдийн тоо их байна. Агуулга нь хүүхдэдээ хүндэдчихсэн байна. Багшийн зааж байгаа арга зүй хоцрогдсон, хүүхдэд сонирхолтой сурах бичгүүд өгч чадахгүй байна гэх мэтээр дүгнэлтүүд хийсэн. Хөтөлбөрийн шинэчлэл гээд ярихаар хүмүүс ойлгодоггүй юм байна лээ. Хөтөлбөрийн шинэчлэл нь өөрөө сурах бичиг. Сурах бичиг гэхээр хүмүүс ойлгоод байгаа юм. Хөтөлбөрийн шинэчлэл чинь үзэж байгаа хичээлийн тоо. Тэгэхээр хүмүүс үзэж байгаа хичээлийн тоо цөөрнө гэхээр наадах чинь болж байна гэж хэлээд байгаа юм. Тиймээс энэ хүрээнд бид ард иргэддээ сайн ойлгуулах ёстой юм байна. Юугаараа манай хөтөлбөр хоцрогдсон юм бэ гэхээр Доод эрэмбийн ур чадвар гэж манай мэргэжлийнхэн ярьдаг. Үүнийг ард иргэд бас ойлгодоггүй. Өнөөдөр зааж байгаа арга барил хүүхдүүдийг багаас нь хэтэрхий их хуулан бичлэг хийлгэдэг, хэтэрхий их цээжлүүлдэг, нүдлүүлдэг. Дандаа доод эрэмбийн ур чадвар эзэмшүүлээд байна. Гэтэл энэ Кембрижийн хөтөлбөр буюу дэлхийн улс орнуудын хүүхдүүд ямар ур чадвар эзэмшээд байна гэхээр Дээд эрэмбийн буюу сэтгэн бодох, шийдвэр гаргах, багаар ажиллах, бусдыг ойлгох чадварууд нь сурах бичгээрээ, хичээлээрээ, агуулгаараа сурч чадахгүй байна гэдгийг дүгнэчихсэн. Тиймээс хөтөлбөрийн шинэчлэл гэдэг зүйл хамгийн чухал юм байна.
Монгол хүүхдэд гурван чадамж маш чухал. Нэгдүгээрт, монгол хүүхдэд оюуны тамир хэрэгтэй. Хоёрдугаарт, сэтгэлийн тамир хэрэгтэй. Гуравдугаарт, биеийн тамир хэрэгтэй. Энэ тулгын гурван чулуу шиг тамирыг эзэмшүүлэх хөтөлбөрийн шинэчлэл бид Кембрижтэй тохироод энэ жилийн намар есдүгээр сарын 1-нээс 5-9 дүгээр ангидаа шинэчлэл хийчих байсан. 5-9 дүгээр анги Кембрижийн тогтолцоо руу шилжчих байсан.
-Улсын хэмжээнд үү?
-Улсын хэмжээнд бүх төрийн өмчийн 700 гаруй сургууль. Харамсалтай нь өнгөрсөн 2.5 жилийн дотор хөтөлбөрийн шинэчлэлүүдээ хийж чадаагүй цаг алдсан. Одоо дөнгөж л цэцэрлэг болон шахаад нэгдүгээр ангидаа улсын хэмжээнд хийх л ажил явж байна. Хуучин миний Засгийн газраар батлуулсан тогтоолд 2026 онд 5-9 дүгээр анги, 2027-2028 онд бид бүтэн 1-12 дугаар ангийн Кембрижийн хөтөлбөрийн тогтолцоонд шилжчих байсан. Цаг хугацаа алдсан гэж би харж байна. Сайн сургууль сайн хөтөлбөртэй байх ёстой.
Хоёдугаарт, сайн сургууль сайн багштай байх ёстой. Бидэнд сайн тогтолцоо байсан. Хамгийн шилдгүүд нь багш болдог тогтолцоо байсан шүү дээ. Энэ тогтолцоогоо бид эвдээд хаячихсан. Нураагаад хаячихсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд. Энэ тогтолцоог хийхийн тулд би багшийн гурван тулгуурт бодлогыг зарласан. Энэ нь юу гэхээр ямар хүүхдийг багш болгох вэ. Багшийг ямар хөтөлбөрөөр бэлтгэх вэ. Багш ажлын байрандаа тасралгүй өөрөө яаж хөгжих вэ. Багшийн ажлын бүтээмж, үр дүн, ур чадвартай уялдаж багшийн цалин өндөр байх. Сайн багш сайн цалин авдаг тогтолцоотой байх. Энэ бол зургаан шинэчлэлийн хоёр дахь нь.
Гуравдугаарт, хуурамч дүнгийн тогтолцоо. Боловсролын ерөнхий хуульд батлуулснаар бага ангид бид дүн тавихыг болиулсан. Цаашдаа дүнгийн тогтолцоо халагдаад хүүхдийн өөрийнх нь ахиц дэвшлээр дүгнэдэг тогтолцоонд шилжинэ. Дэлхий нийт энэ тогтолцоонд шилжиж байна.
Дөрөвдүгээрт, нэг хүүхдэд олгох хувьсах зардлыг бид гаргаж ирсэн. Энэ хувьсах зардлыг гаргаж ирэхгүйгээр хэзээ ч хувийн сургууль, төрийн сургуулийн ялгаа арилахгүй. Хэзээ ч хөдөөгийн сургууль, хотын сургуулийн ялгаа арилахгүй. Яагаад гэвэл Нэгдүгээр сургуулийн нэгдүгээр ангид сурч байгаа хүүхдийн орчин, хөдөөгийн нэгдүгээр ангид сурч байгаа хүүхдийн орчин магадгүй Баян-Өлгий аймгийн нэг сумын сургуулийн хүүхэд, эсвэл Дорнодын сумын сургуулийн хүүхэд сурч байгаа орчин шал анги шүү дээ. Тиймээс орчны ялгааг арилгах гол хөшүүрэг нь нэг хүүхдийн хувьсах зардал. Нэг хүүхдийг сургах хувьсах зардлыг оруулж ирснээр мөнгө хүүхдээ дагаж явдаг болсон. Үүний цаана ямар логик явж байгаа вэ гэхээр хүүхэд хаана сурч байгаагаас үл хамаарч сайн сургууль, цэцэрлэгт сурах ёстой. Хувьсах зардал буюу хүүхэд бүр төсөвтэй болсон. Хуучин хэддүгээр ангиас үл хамаараад хүүхдэд өгч байгаа зардал адилхан байсан. Одоо 1-12 ангийн сурагчдын үзэж байгаа хичээлийн тоо өөр өөр. Түүнээс хамаараад зааж байгаа багшийн цаг нь өөр. Анги танхим нь Байгалийн ухааны лабораторитой байна уу, Химийн лабораторитой байна уу гээд орчин нь өөр. Үүнийг бид өөр өөрөөр санхүүжүүлээд эхэлчихсэн. Энэ чинь хувьсах зардлын тогтолцоо. Тэгээд би сая хүрч ирээд П.Наранбаяртай тохилцоод байгаа чинь энэ хувьсах зардлын тогтолцоог эвдээд хаячихсан. Хувьсах зардлынхаа тогтоолыг батлуулаагүй 2-3 жил явчихсан байна. Тэгэхээр би бачимдана биз дээ. Хүний хийж бүтээж байсан ажлыг зөв аваад явахын оронд эвдчихээр хүн нэгдүгээрт, бачимдана. Хоёрдугаарт, жаахан гомдож байгаа юм. Хувь хүнийхээ хувьд шүү. Түүнээс би гоншигнож байгаа хэлбэр биш. Тохилцож байгаа ч хэлбэр биш.
Тавдугаарт, сургуулийн менежмент. Сургууль, цэцэрлэгийн хамгийн сайн багш нь захирал, менежер байх тогтолцоо. Хуучин суман дээр ямар нам ялна, ямар иргэдийн төлөөлөгч гарч ирнэ голцуу биеийн тамирын багш нь захирал менежер болчихдог байсан. Гашуун үнэн энэ шүү дээ. Үүнийг мерит зарчмаар ажилласан жилээр нь, ур чадвараар нь, хамт олонд үнэлэгдсэн үнэлгээгээр нь дэвшүүлдэг болсон. Муу хамт олон гэж байхгүй. Муу удирдагч гэж байдаг шүү дээ.
Зургаадугаарт, цахим сургууль. Үүний нэг нь Medle гэж цахим сургуулийг сонссон байх.
-Тэгэлгүй яах вэ.
-Medle цахим сургууль бусад улс орноос хамгийн их амжилт олсон нь хүүхэд хаана сурч байгаагаасаа үл хамаараад монголын хамгийн сайн багш нараар хичээл заалгах боломжийг олгосон. Яагаад ийм боломж олгож байна гэхээр хөдөө орон нутагт хүүхэд цөөтэй сургууль их байгаа. Анги өгсөх тусам ахлах ангийн хүүхэд сонгоны бүлэгт ороод ЭЕШ-даа ордог. Гэтэл харамсалтай нь хөдөө орон нутагт хүүхэд цөөтэй сургуульд сонгоны бүлэг бүрддэггүй. Тиймээс тэр хүүхдэд багш байдаггүй. Тэгэхээр дуртай мэргэжлээрээ шалгалт өгч чаддаггүй. Ийм байдал үүсдэг учраас сонгоны бүлэг үүсдэггүй сургуулиуд medle сургуулиар цахим, виртуал хэлбэрээр авчраад 10 мянга гаруй хүүхэд өнөөдөр сурч байна. Medle сургуульд монголын 38 мянган багшаас шилдэг 400 багш давхар багшилж байгаа. Зургаа дахь нь энэхүү цахим шилжилт юм.
-Эцэг эхчүүд мөнгөтэйдөө ч биш л дээ. Сайн сургуульд хүүхдээ сургая гэж л төлбөртэй сургууль бараадаад байна шүү дээ?
-Төрийн л буруу шүү дээ. Бид хувийн сургуулийг үгүйсгээд, үнэтэй байна гээд байх шаардлагагүй. Төр өөрөө тэрхүү тэгш боломжийг олгож чадаагүй л байхгүй юу.
-Тэр тэгш боломж, сайн багшийг төр бэлдчихвэл иргэд өөрсдөө сонголтоо хийчихнэ. Харин ч хувийн сургуулиуд төрийн дааж чадахгүй байгаа ачааллыг хуваалцаж байгаа гэж хардаг?
-Нэгдүгээрт, төрийн ачааллыг авч явж байна. Хоёрдугаарт, сургалтын хамгийн шилдэг технологи, хамгийн сайн арга зүй, хамгийн сайн хөтөлбөрүүдийг хувийн сургуулиуд бий болгож байна. Тиймээс хувийн сургуулиас төрийн сургуулиуд суралцах ёстой. Би анх удаа сайд болохдоо хувийн сургуулиудаар баахан явсан шүү дээ. Энэ сайд чинь баахан хувийн сургуулиар яваад байх юм. Төрийн сургуулиуддаа хэзээ ирэх вэ гэж шүүмжлээд байсан. Би хувийн сургуулиар явсан гол шалтгаан нь хувийн сургуулиудад байгаа шинэ ноу-хау, шинэ сургалт, шинэ технологийг судалж явж байгаад Eduten гэж хүүхдүүд тоглонгоо математикаа хийдэг хичээлийг оруулж ирсэн. Өчигдөр би тайланг нь авлаа. Манай монголын хүүхдүүдийн хийж байгаа дасгал дэлхийн улс орнуудын хүүхдүүдийнхээс хамаагүй их болчихсон байна. Хуучин нэг цагт ангиараа нийлээд дөрөвхөн бодлого боддог байсан бол одоо хүүхэд бүр өөрийн чадамжаар, өөрийн төвшнөөр бодлого боддог болсон. Нэг хүүхэд нэг цагт 15-30 бодлого, сайн хүүхэд бол 200-300 бодлого бодож байгаа. Энэ чинь анх хувийн сургуульд байсан. Үүнийг одоо бид төрийн сургуульд оруулж ирсэн. Энэ бол хувийн сургуулийн л ач буян. Рerson англи хэлний программ. Мөн л хувийн сургуулиудад байсан. Үүнийг төрийн сургуульд би оруулж ирсэн. Гэх мэтчилэнгээр би өөрөө ихэнх насаа хувийн хэвшилд өнгөрөөсөн учраас хувийн хэвшил бүх зүйлийг төрөөс илүү хийдэг гэдгийг мэддэг учраас би мэдэж байгаа юм.
-Сайн сургууль бий болохоор сайн багш бий болно. Танай тоо дүнг харахаар 2700 орчим багшийн сул орон тоо байгаа юм байна лээ. Гэтэл нөгөө талдаа багшийн чанар давхар яригдана. Тэгвэл багшийнхаа хүртээмжийг яаж нэмэгдүүлэх вэ. Нийгмийн баталгаа, цалин, хэрэгцээнээсээ шалтгаалаад өөр тийшээ сонголт хийгээд яваад өгч байгаа юм биш үү. Багш нар амралтаараа солонгост очиж ажиллаж байна гэдэг зүйлийг бид олон жил ярилаа. Энэ зүйл дээр ямар бодлогын шинэчлэл хийж багш нараа татах вэ?
-Хамгийн харамсалтай нь би хоёр хос хоцрогдлын тухай ярилаа шүү дээ. Дахин нэг хоцрогдол гарч ирсэн нь багш нар 14 хоног ажил хаялт зарласан үеийн хоцрогдол. Ингээд гурван хоцрогдолд хүүхдүүд нэрвүүлж байна. Багш нар 14 хоног ажил хаялт зарласан нь дэлхийд хамгийн удаан ажил хаясан улс манайх болчхож байгаа юм. Энэ бол хамгийн аймшигтай. Украинд өнөөдөр дайн болж байгаа. Сургууль, цэцэрлэг нь хаагдаж байна уу. Үгүй шүү дээ. Өнөөдөр Иранд бөмбөгдөлт дайн болж байгаа. Сургууль цэцэрлэг хаагдаагүй. Ливанд дайн болсон ч бас л хаагаагүй. Дэлхийн улс орнууд сургууль цэцэрлэгээ хаадаггүй. Хэзээ ч хаагаагүй. Гэтэл бид дэлхийд багш нараа 14 хоног ажил хаяулчихсан байна гэдэг нь төрийн л буруу шүү дээ. Уг нь хувьсах зардлаа л аваад явчихсан бол багш нар ажил хаяхгүй байсан. Манай боловсролын салбар төрийн цалингийн системд яваад байдаг учраас боловсролын салбарын цалинг нэмчихээр бусад салбар нь барьцах гээд байдаг зовлон бий. Яг л хөрөөний ир шиг болчихсон. Хувьсах зардал дотор багш нарын цалингийн 90/10 гэдэг харьцаа явдаг. Нийт хувьсах зардлын 90 хувь нь багшийн цалин. 10 хувь нь сургуулийн хөгжлийн зардал, багшийн хөгжлийн зардал, хичээл практикийн зардал, интернэтийн зардал гэх мэтээр явдаг. Хувьсах зардлыг эвдлээ гэдэг чинь 90/10-ыг 100 хувь цалин болгочихсон. Тэгэхээр эвдэгдчихэж байгаа юм.
-Цалин нэмчихлээ. Ганцхан багшийн

х нэмэгдсэн ч юм шиг. Бусад ажилчдынх нэмэгдээгүй гэх мэтээр ойлгомжгүй байдал үүсээд байна. Төсвийг нь харахаар багш нарт 30 орчим хувь нэмэгдэхээр байгаа. Дахин 11 дүгээр сард шаардлагын хүрээнд 26 хувь нэмэгдэх шаардлагатай болсон. Нэгтгээд үзэхээр нэг цалинтай боллоо. 50 хувь нэмлээ гэж байна. Тавдугаар сарын сүүлээр л энэ нэмэгдэл орж эхлэх байх тийм үү?
-Тийм. Үндсэндээ тавдугаар сарын 1-нээс нэг цалингийн тогтолцоонд шилжүүлсэн шүү дээ. Цалингаа хоёр хувааж авч байгаа. Нэг нь аваанз, нөгөөх нь сарын сүүл цалин. Сарын сүүл цалин дээр бүх нэмэгдлүүд нь ордог. Түүн дээр манай багш нар таван сарын сүүлийг хоног тоолон хүлээгээд сууж байгаа. Энэ нэгэнт Засгийн газрын шийдвэр гарсан учраас нэмэгдээд явна. Яагаад ойлгомжгүй байдал үүссэн гэхээр цалин 50 хувиар нэмэгдсэн үү, нэмэгдсэн. Үүнтэй хэн ч маргахгүй. Гол нь цалин нэмэхдээ цалингийнхаа фондыг төсөв дээр дутуу батлуулаад авчихсан. Нийт боловсролын салбарын цалингийн сан 3.2 их наяд. 3.2 их наядыг 50 хувиар нэмээд хоёрт хуваахаар 1.6 их наяд байгаа биз. Манай хүн зөвхөн багш нарын цалинг нэмнэ гэж тооцож оруулаад, 618 тэрбум төгрөг батлуулж аваад гарч ирэнгүүтээ нийтээр нь нэмнэ гэчихээр нөгөө 50 хувь чинь 25 хувь болчихгүй юу.
Хоёрдугаарт, нэмэгдсэн цалингаас нэмэгдлээ тооцвол дахин төсөв татна. Тийм учраас хуучин цалингаас нь нэмэгдлийг өгье гээд өгчихөөр нөгөө багш нарын урам нь хугарчхаж байгаа юм. Үүнээс болоод нийгмийн даатгалын санд 70-аад тэрбум төгрөгийн өр үүсчихсэн. Нийгмийн даатгалын санд өр үүсчихээр багш нар банкнаас цалингийн зээл авч чадахгүй. Гадагшаа виз мэдүүлж болохгүй. Жилд 2000 гаруй багш дикрит авдаг. Дикритээ авч чадахгүй. Эмнэлэгт хэвтвэл эмнэлгийнхээ листний мөнгийг авч чадахгүй. Ийм нөхцөл байдлууд үүсчихсэн. Цалин тавдугаар сарын 1-нээс нэмэгдэж, өр зээл зургаадугаар сарын 1-нээс тэглэгдэж явна. Одоо цалингийн хэрүүл дээр цэг тавьчихсан.
-Нийт төсөв нь 5.2 их наяд байсан уу. Намар дахин цалин нэмнэ. Тэгэхээр нийт төсөв чинь зөвхөн цалиндаа л урсах гээд байгаа юм биш үү. Яаж авч гарах юм бэ?
-Маш хүнд л байна шүү дээ. Төсвийн тодотгол хийх ёстой. Төсвийн тодотгол хийж байж эх үүсвэрүүд гарна. Төсвийн тодотгол хийх чинь өөрөө хуулийн нөхцөлтэй. Ямар нөхцөлд тодотгол хийх вэ, төсвийн алдагдал тэд хүрнэ, төсвийн орлогыг тэдээр бууруул гэх мэтээр шалгууртай учраас одоохондоо төсвийн тодотгол хийх нөхцөл үүсээгүй юм байна лээ. Тиймээс урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө гэдэг шиг урсгал зардал дотроо зохицуулалт хийж байна. Намайг хүмүүс гайхаад байгаа. 700 тэрбум төгрөг хэрэгтэй гэчхээд яаж зохицуулалт хийж яваад байна гээд. Яг үнэндээ би хойшоо 11, 12 сард санхүүжих дүнгээсээ л урагш нь гүйлгэж байна шүү дээ.
-Хэрвээ шийдэхгүй бол 11, 12 сард цалингүй болно гэсэн үг шүү дээ?
-Ер нь л тэгсэн үг шүү дээ.
-Төсвийг нь харчхаад би манай орон зай ямар байгаа билээ. Багш нараас гадна эмч нарын цалингийн нэмэгдэл байгаа. Тэгэхээр манайх шинэ төсөв ч үгүй болчих гээд байна. Тиймээс яаж шийдэх юм бэ гэдгийг л гайхаад байна. Цалин нэмэх нь зөв хэрэгтэй. Гэхдээ амьдрал дээр үүнийг яаж давж гарах юм бэ?
-Эхний ээлжид 5, 6, 7, 8 сараа давж гарах шийдэл бас байна байна. Энэ жилийн хөрөнгө оруулалтад миний төсөв дээр батлагдсан дүнгүүд 1.3 их наяд төгрөг бий. Цэцэрлэг сургууль барих л мөнгө. Түүнээс энэ онд батлагдсан дүн 500 тэрбум гаруй төгрөг байгаа. Тавдугаар сарын 31-нд тендер хаагддаг шүү дээ. 100 тэрбум орчим төгрөг ажлын буруугаас буцаагдаж байгаа. Айхавтар хэмнэлт хийгээд байгаа юм байхгүй. Тендерээ цаг хугацаанд нь зарлаж чадаагүй, эсвэл төсөв батлахдаа алдаа гарсан. Жишээ нь, газар нь байхгүй 7 сургуульд төсөв баталчихсан байна. Газар нь байхгүй юм чинь хэзээ ч сургууль баригдахгүй л гэсэн үг биз дээ.
Хоёрдугаарт, өнгөрсөн жилээс цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны төсөвт ээж аавуудаас 1000 төгрөг авдаг болсон шүү дээ. Энэ их сайн дэвшил авчирсан. Ямар дэвшил авчирсан гэхээр нэгдүгээрт хоолны чанар сайжирсан. Хоёрдугаарт, эцэг эхчүүд хяналт тавиад эхлэхээр ирц нь сайжирсан байна лээ. Хуучин ирээгүй хүүхдийг ирснээр бүртгээд мөнгө аваад байсан. Өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс нэгдүгээр сарын 1 хүртэл гүйцэтгэлээр 30-аад тэрбум төгрөг хэмнэгдэж байна. Оны төгсгөл рүү энэ 70-80 тэрбум төгрөг болох юм байна лээ. Манай салбарт далд хулгай маш их байна. Сургуулийн хоолонд бас ямар том юм явж байгааг би мэдэхгүй. Үүнийг юу гэж нэрлэх ч юм бас мэдэхгүй. Төсвийн хулгай гэх үү, төсвийн хавдар гэх үү, төсвийн цавчаа гэх үү. Юу гэдгийг нь мэдэхгүй юм. Одоогоор би 200 тэрбум орчим төгрөгийн хэмнэлт гаргаж ирээд байна.
-Ёстой л нөгөө аргалаад л байгаа юм биш үү?
-Манай Чойжоо сайдын хэлдгээр аргалж байгаад л өвлийг давчихна гэдэг шиг аргалаад л энэ хаврын хичээлийг хаачихъя. Аргалахаасаа өмнө намар есдүгээр сарын 1 гэхэд төсвийн тодотголын асуудлууд яригдах болов уу гэсэн хүлээлттэй л байна.
-Төсвийн тодотгол, төсөв хоёр зэрэг орж ирэх юм байна, тийм үү?
-Бараг ирэх жилийн төсөв, тодотгол хоёр зэрэг баригдах болов уу гэсэн л хүлээлттэй л байна.
-Төсөвтэй холбоотой асуудлууд их байна. Сая газар нь байхгүй төсөв нь тавигддаг гэдэг шиг асуудал их үү?
-Их хурлын гишүүд бидний л алдаа шүү дээ.
-Багшийн асуудлын яриагаа дуусгая. Нэг талд дутагдлаа нөхөөд цалинг нь олгоод хувьсах зардлаараа асуудлыг нь шийдээд явах юм байна. Хоёрдугаарт, багш нарын чанарын асуудал ер нь их тааруухан байна шүү дээ. Чанарын асуудал яах вэ?
-Л.Гантөмөр сайдын үед хамгийн сайн хөтөлбөр зарлагдаж эхэлсэн. ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан хүүхэд багшаар сурвал төр зардлыг нь даана гээд энэ хөтөлбөр хэрэгжсэн. Би сайдын ажлаа өгөхөөсөө өмнө судалгааг нь гаргаж үзэхэд 5000 хүүхэд төгссөн байсан. Төрөөс 100 хувь зардлыг нь даагаад 5000 хүүхэд төгссөн. Тэрхүү 5000 хүүхдийн 2000 нь л багшаар ажиллаж байна. 3000 нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, эсвэл хувийн сургуульд ч юм уу багшилж байна. Хувийн сургуульд багшилж байгааг би зөв гэж бодож байгаа. Хүн хаана ажиллаж, хаана амьдрах нь тэр хүний хувийн эрх. Сая миний хийсэн мэдэгдлийг нийгэмд буруу ташаа мушгиад байна л даа. Хувийн сургуульд байгаа багш нараа буцаад төрийн сургуульд татах юм шиг. Үгүй шүү дээ. Би юу гэж хэлсэн гэхээр Л.Гантөмөр сайдын үед эхлүүлсэн өндөр оноотой хүүхэд төрөөс 100 хувь зардлаа даалгаад төгсчихсөн 3000 багш нараа буцааж авмаар байна л гэж хэлсэн шүү дээ. Хэрэв тэр 3000 багш буцаж ирэхгүй гэвэл нэгэнт та нар төрөөс зардлаа даалгасан юм чинь Боловсролын зээлийн сангаас авсан төлбөрөө буцааж төл л гэж хэлсэн.
-Таны одоо хэлж байгаа үгийг сонсохоор зөв сонсогдоод байна л даа. Бичлэг яваад байсан. Сүүлийн 3 жил хувийн сургуулиуд төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлээд манай багш нарыг цалингаар татаад аваад явчихжээ. Тэр хүмүүсээ буцааж авна. Үгүй бол тэдгээр сургууль төлбөрийг нь төл гэдэг утгаар хэлсэн шүү дээ?
-Нэг үхрийн эвэр доргихоор 1000 үхрийн эвэр доргино гэдэг шиг хувийн маш сайн сургуулиуд байгаа. Хувийн сургуулиудыг би илүү сайн байгаасай, илүү төрийн ачааллыг хуваалцаасай, илүү сайн шинэ хөтөлбөрүүдийг оруулж ирээсэй, шинэ арга зүй оруулж ирээсэй, шинэ технологи оруулж ирээсэй, төрийн сургуулиудаа өөд нь татаад аваад яваасай гэж хүсдэг. Логарифм, Орчлон, Бритиш скүүл, Американ скүүл гээд сайн сургуулиуд байна. Өөрсдийнхөө авчирсан зүйлийг бусад төрийн сургуулиуддаа түгээдэг. Зорилго нь зөв, арга нь буруу гэдэг шиг би ганц нэгхэн сургуульд л зориулж хэлсэн л үг байхгүй юу. Та нар төрийн сургуулийн менежментийг сайжруулах нэрээр жижигхэн төсөл хэрэгжүүлээд төрийн сургуулийн ганц нэг сайн багшийг битгий суйлаад бай. Ганц нэгэн сургуульд л хандаж хэлсэн юм. Түүнээс хувийн 160 сургуульд би бүгдэд нь хандаж хэлээгүй. Харин би одоо уучлалт гуйя. Хувийн сургуулиудаасаа ийм үг амнаасаа унагасан бол уучлалт гуйчихъя. Өнөөдөр хувийн сургуульд 80 мянга орчим хүүхэд байна. Хувийн сургууль байгаагүй бол энэ ачаалал төрд л ирнэ. Нэг ангид 40-50 хүүхэд суралцаж байгаа. Хэрвээ хувийн сургуулиуд байхгүй бол 70-80 болох эрсдэлийг хуваалцаж байгаа.
-Тэгвэл багшийн хомсдолоо яаж нөхөх юм бэ?
-Багшийн хомсдолоос илүү багшийн далд хомсдол гэж бид ярьдаг. Далд хомсдол гэж юуг хэлээд байна гэхээр математикийн багш физик заах, химийн багш биологийн хичээл заах гэх мэтээр нэг багш хоёр хичээл заах зүйлийг тэгж хэлдэг. Тийм далд хомсдолууд бол байна.
-Мэдлэгийн хомсдол дээр нь ямар арга хэмжээ авахаар тооцож байна вэ?
-Н.Учрал Ерөнхий сайдын гаргаж ирж байгаа Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт гээд том бодлого дэвшүүлж байна. Энэ хүрээнд Монгол хүүхдийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье гээд нэг бодлого гаргалаа. Үүнийг цэцэрлэг, ЕБС-ийн түвшинд хийх бодлогын шинэчлэл. Монгол хүүхэд бүрийг ур чадварын хоцрогдлоос чөлөөлье гэдэг нь мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролд хийх шинэчлэл. Тиймээс түрүүн ярьсан зургаан багц хөтөлбөрийг явуулна. Хамгийн сүүлд цахим шилжилт гээд байгаа. Одоогийн дүн мэдээгээр нэг компьютер дээр 11 хүүхэд хичээл хийж байна. Энэ тоог нэг компьютер дээр хоёр хүүхэд болгох, google chrome book оруулж ирнэ гээд Ерөнхий сайд зарласан шүү дээ. Энэ ажлуудыг хийнэ. Гэхдээ хүүхдэд ганцхан таблет өгөхгүй. Үүнийг дагасан medle, person, eduten гэх мэт хичээлүүд орж ирнэ. Тэгээд нэг хүүхдэд нэг хиймэл оюун ухааны туслах багш, нэг багшид нэг хиймэл оюун ухааны туслах гэдэг платформыг хөгжүүлж байна. Есдүгээр сарын 1 гэхэд бэлэн болно. Монгол хэл, математикийн хичээлээр энэ платформ бэлэн болно. Цаашдаа 1-12 дугаар ангийн бүх хүүхэд, 1-12 дугаар ангид хичээл зааж байгаа бүх багшид AI буюу хиймэл оюун ухааныг сургах ажлуудыг эхлүүлж байна.
-Боловсролын салбарын төсөв 4.9 за 5 их наяд юм байна. Үүнээс урсгал зардал нь 4.3 их наяд. 89 бараг 90 хувь нь урсгал зардалд явчхаж байна. Хөрөнгийн зардал дээр дөнгөж 503 тэрбум төгрөг байна. Ингээд харахаар танай бүтэц дотор данхайх гэдэг зүйл үүсчхэж байгаа юм биш үү?
-Би хотхоны бага сургууль хийе гээд байгаа. Улаанбаатар хотод 3000-аас дээш хүүхэдтэй 38 сургууль байна. Үүнийг задалъя. Би яагаад үүнийг бардам хэлээд байна гэхээр өмнө нь Боловсролын сайд хийж байх хугацаанд сугалааны цэцэрлэгийг болиулж цэцэрлэгийн хүртээмжийг шийдсэн шүү дээ. Тэгээд сүүлийн 3-4 жилд төрөлт багасаж байгаа юм байна. Хувийн цэцэрлэгийнхэн надтай ирж уулзсан. Таны үед эхлүүлсэн цэцэрлэгүүдийн хүүхэд нь багасаж эхэлж байна. Нөгөө талд сургуулиуд ачааллаа дийлэхгүй байна. Гурван ээлжээр хичээллэж байгаа сургууль байгаа. Тэгэхээр бид хотхоны бага сургуулийг хийе. Заавал төр сургууль, цэцэрлэгийг бүгдийг нь хийгээд байх шаардлага байхгүй шүү дээ. Тиймээс хотхоны бага сургууль цэцэрлэгийг хийх тооцоог гаргуулж байна. Хуучин бид цэцэрлэгийг хийж эхлэхдээ сул байгаа 15000 суудлыг олж хараагүй л байсан. Түүний хувьсах зардлыг нь өгөөд цэцэрлэгийн асуудлыг маш хурдан шийдчихсэн. Түүнтэй адил хүүхэд нь багасаж байгаа цэцэрлэгүүдийг бага сургууль болгоод хүүхэд гэрийнхээ дэргэд бага сургуульд 1-3, 1-5 дугаар ангидаа сурах тогтолцоог хийж чадвал төрийн сургуульд байгаа 98000 хүнийг зөв бүтэц рүү нь оруулах боломж бий. Хөдөөгийн зарим сургууль маш бага хүүхэдтэй. 200-гаас бага хүүхэдтэй 300 орчим сургууль байна. Сум болгонд 12 жилийн тогтолцооны сургууль байх шаардлагагүй. Сум дундын ахлах сургуулиуд гаргаж ирэх, аймгууд дээр кембриж хөтөлбөртэй сургууль, бүсүүд дээр мөн хөтөлбөртэй ахлах сургууль гаргаж ирэх тооцоо хийгээд байгаа.
-Таны бодлоготой дараагийн асуулт уялдах болов уу. Төрөлтийн статистикийг харлаа. 2016 онд 70 мянга гаруй төрөлт нэг жилд байсан юм байна. Одоо 53-54 мянга гээд багасаж байна. 2030 он гэхэд 40 мянга руу ороод ирэх магадлал өндөр байна. Энэ үргэлжилсээр байна. Мөн энэ жил шинээр баригдах сургуулийн төсвийг харлаа. Нийт 100 орчим сургууль баригдах юм шиг байна. Одоо эхлүүлчихсэн, эхэлчихсэн. 85 төсөл хөтөлбөр явж байна. Гэтэл 2031 оноос цэцэрлэг ясли дээр хүүхдийн тоо багасаад хоосон цэцэрлэг байх магадлал ихэснэ. 2035 оноос сургууль руу орно. Тэгэхээр бид төсвөөсөө мөнгө зарцуулаад сургууль бариад байдаг. Хэдэн жилийн дараах хүн амын бүтцээ харахаар бидний бодлого буруу байгаа юм биш үү. Энэ таны хэлээд байгаа бодлоготой яаж уялдах вэ?
-Бид 10-15 жилийн төлөвлөгөө боловсруулж байна. Их өгөгдөл хийж байгаа. Тийм учраас Их хурлын гишүүд төсөв батлахдаа тойрог дээрээ хамаагүй тооцоогүй сургууль, цэцэрлэг тавьдаг буруу жишиг байгаа шүү дээ. Жил бүр багасаж байгаа л даа. Түүнийг зохицуулах их өгөгдөл боловсруулагдаж байна. Ирэх 10-15 жилд хаана их багтаамжтай сургууль цэцэрлэг хэрэгтэй байна вэ гэдгийг төлөвлөе гэж бид харж байгаа. Улаанбаатарт сургуульгүй олон хороолол баригдлаа. Үүнийг Хотын даргатай ярилцсан. Ирэх нэг дэх өдөр бид хоёр хэвлэлийн хурал хийнэ. Сургууль цэцэрлэггүй хорооллуудад яаж сургууль цэцэрлэг байгуулах төлөвлөлтүүдийг хийж байгаа. Үүн дээр богино хугацаанд үр дүн гарах болов уу. Цаашдаа нэгэнт бид нэг хүүхдэд ногдох хувьсах зардлаа гаргаад ирсэн юм чинь хувийн сургуулиудад бас сул орон тоо байна. Миний тооцооллоор хувийн цэцэрлэгүүдэд 6000-7000 сул орон тоо гарахаар байна. Хувийн сургуулиудад 10-аад мянган сул орон тоо байгаа юм байна лээ. Үүнийг бүрэн ашиглая. Сургуульгүй байгаа Хан-Уул дүүрэг гэдэг юм уу, сургуульгүй байгаа газруудад хэсэгчилж хийгээд, дунд болон урт хугацаанд төр сургууль барих хэрэгтэй юу, хэрэггүй юу гэдэг асуудалд хариулт авъя гэж бодоод байна.
-Бага ангийн хүүхдүүдэд маш хүнд хичээл ороод байх шиг байна. Манай хүүхэд нэгдүгээр анги. Оройны хичээл хийж байгаа үйл явц их хүнд юм аа. Үүнийг яаж засах вэ?
-Шинэ хөтөлбөрөөр хичээлийн тоо цөөрнө. Хоёрдугаарт, даалгавар хийдэг цагийг бид зааж өгөх гэж байгаа. Энэ нь хүүхдийн ачааллыг, багшийн ачааллыг багасгах боломжууд нь гарч ирэх болов уу гэж бодож байна. Олон сайхан шинэ технологиуд байдаг юм байна. Бусад оронд байдаг бага сургуулиудын хийдэг мобайл бага сургууль. Канадад байгаа технологи. Хятад хийгээд эхэлчихсэн. Сургууль баригдахад 3-5 жил болдог юм байна. Аль ч улс оронд. Тэр хооронд сургууль цэцэрлэг хэрэгтэй бол авчраад угсраад явчихна. Австралид Альбарто скүүл гэж нэрлэдэг. Ийм технологиуд гараад эхэлчихжээ.
-Зардал хямд. Дахиж хэрэглэж болох технологи байх нь ээ?
-Хэрэгтэй бол авчраад угсарчихна. Сургууль нь баригдчихвал буцаад задлаад аваад явчихна. Одоо манай уул уурхайд нэвтэрчихсэн. Зочид буудал хүртэл угсарчихсан байна. Ийм технологиудыг бид боловсролд яагаад нэвтрүүлж болдоггүй юм бэ гэж бодоод байна.
-Ер нь сайн багштай, сургууль нь чанартай бол ачаалал үүрээд, түгжрэл үүсгээд байх шаардлага байхгүй л дээ?
-Ер нь хичээл амарчихаар түгжрэл байхгүй болдог шүү дээ. Түгжрэлийн 40-50 хувь нь сургуулиас л болдог.
-Би танай төсвийг харж байгаад нэг сонирхолтой зүйл олж харлаа. 2012 оноос хойш баригдаж байгаа нэг сургууль байна. Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд. Энэ яагаад баригддаггүй сургууль вэ?
-Тэр дууссан. Хамгийн удаан баригдаж байгаа сургууль Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нэг сургууль байдаг. Тэр бараг 12-13 жилийн нүүр үзэж байгаа болов уу. Улаанбаатар хотод баригдалгүй 6-7 жил болсон есөн сургууль байна. Үүнийг Х.Нямбаатар даргатай ярилцаад хотын төсөв рүү оруулж энэ намар гэхэд дуусгая гээд ард нь гарахаар ярьсан. Би цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахаар нэг зун ажилласан. Долоон удаа төсөв рүү оруулж байсан. Болдог л юм шүү дээ. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 96 хувьтай гарч байсан он жилүүд байгаа шүү. Одоо удааширсан барилгууд дээр би өөрөө нэлээд сууж ажиллана. Нэг сарын дотор боловсролын салбарын хар жагсаалтыг дахин шинээр зарлана гээд хэлчихсэн шүү дээ.
-Удаан баригдсан сургуулиудаар уу?
-Тийм баригдахгүй байгаа сургуулиудыг зарлана. Тендерт албаар хямд үнээр орчхоод жил бүр төсвөө нэмээд яваад байдаг тендерээр мэргэшсэн мундаг хэдэн компани байна. Цүнхний хэдэн компаниуд өөрсдөө барилгагүй мөртлөө барьсан сургууль цэцэрлэгээ зараад яваад байдаг тендерийн ченжүүд байна. Үүн дээр онцгойлон анхааръя гэж бодож байна. Яагаад хорооллууд сургууль цэцэрлэггүй болдгийг бид барьж авсан. Бетонон хороолол гээд байгаа энэ том том хорооллууд чинь анх хотоос зөвшөөрөл авахдаа сургууль цэцэрлэг төлөвлөдөг юм байна лээ. Ажил эхлэх зөвшөөрөл авахдаа бас тэр нь байж байдаг. Ажлаа дуусахаар бүтэн хорооллоор нь улсын комисст өгдөггүй. Байшин байшингаар нь өгдөг. Байшин байшингаар нь зарчихаар тэр хороололд анх төлөвлөсөн сургууль цэцэрлэг байдаггүй. Энэ чинь бүр технологи болчихсон. Үүн дээр хариуцлага ярих л ёстой. Тиймээс байшин байшингаар нь биш хорооллоор нь улсын комисс хүлээж авдаг болъё. Мөн тухайн дүүргийн боловсролын газрын төлөөлөл танилцаад гарын үсэг зурдаг болгох ёстой юм байна. Ингэхээр сургууль цэцэрлэгийг суйлаад байхгүй болов уу. Сургууль цэцэрлэгийн газрын тооллого хийсэн. Нийт сургууль цэцэрлэгийн 70 хувь нь газраа алдчихсан. Яагаад газраа зарчихдаг юм бэ гэхээр тухайн үед сургууль цэцэрлэгийн эрхлэгч нар газраа сунгадаг эрхтэй байсан. Гэрчилгээ нь сургууль цэцэрлэгт нь байсан. Үүнийг би мэдээд Барилгын тухай хуульд өөрчлөлт хийгээд одоо төрийн өмчийн сургууль цэцэрлэгийн эрхлэгч нар газраа сунгах эрхгүй. Гэрчилгээ нь сейфт нь байдаг байсан учраас албаар хоцроогоод сулрангуут нь газраа хуваагаад зардаг. Алиа алиа юмнууд зөндөө болсон шүү дээ. Өөрийнхөө жолоочид шилжүүлчихсэн, өөрийнхөө туслахад шилжүүлсэн гээд зөндөө газрын асуудал гарч ирсэн.
-Та нэг жилд нэг хүүхдэд хэчнээн төгрөгийн боловсрол олгож байна гэдэг тооцооллыг гаргаж ирсэн үү?
-Байгаа. Манайх нэг хүүхдэд жилдээ 400 ам.доллар орчим зардал гаргадаг. ДНБ-ий 5.8 хувьд хүрчихсэн. 6 хувь гэж үзье. Төсвийн урсгал зардлын 17-18 хувьд хүрчихсэн. Энэ үзүүлэлтийг харахаар манайх өндөр хөгжилтэй улс орнуудын үзүүлэлтэд хүрчхээд байдаг. Гэтэл манай ДНБ өөрөө бага. 110 их наяд л болж байна. Манайх нэг хүүхдэд 2000-2500 ам.доллар зарж байж PISA-д өндөр үнэлгээ аваад байгаа улс орнуудын хэмжээнд очно. Одоогийн боловсролд зарж байгаа зардлыг дор хаяж 2 дахин нэмэгдүүлэх буюу 5.2 их наядыг дор хаяж 10 их наяд болговол боловсролын чанарын асуудал ярих юм байна.
-Манай улсын боловсролын үнэлгээг PP үнэлгээгээр авч үзлээ л дээ. Солонгосоос манай хоцрогдол 25 дахин бага, Америкаас 17 дахин бага. Энэ хоёр улс хөгжлийн хувьд өөр. Гэтэл Грек, Перу, Мексик гээд манайхтай төстэй орнууд гээд бодоод үзэхээр 3-4 дахин бага байгаа юм.
-Манайх PISA үнэлгээгээр боловсролдоо 2 дахин илүү зардал зарцуулдаг Казакстан, Молдова зэрэг улсуудаас сайн гарчихсан шүү дээ. Бид дан ганц төсвийн хүрээнд боловсролын асуудлыг шийдэж чадахгүй. Тиймээс би нэг зүйлийг Засгийн газар дээр ч, Их хурал дээр ч хэлж байгаа. Бид ирээдүйн өв санд 7-8 их наяд төгрөгийг гадаадад аваачаад түгжээд хаячихсан. Тэгээд өөрсдөө гадаадаас бонд босгоод яваад байдаг. Тэгэхээр энэ 8 их наядыг ирээдүйдээ хэнд хадгалаад байгаа юм бэ. Ямар иргэдэд хадгалаад байгаа юм. Ирээдүйдээ мэдлэгтэй, чадвартай, амьдралаа аваад явчих тэр боловсролын системийг угсрах тэр улс орны ирээдүйн хүүхдүүдэд хадгалбал энэ мөнгө утга учиртай. 3 жилийн хоцрогдолтой байх юм бол нөгөө ядуурал, ажилгүйдэл, архидалт, гэмт хэрэгтэй ирээдүйн нийгмийг үлдээгээд тэр ирээдүйн нийгэмд тэр мөнгийг зарцуулна гэвэл харамсалтай биз дээ. Тиймээс ирээдүйн өв санд хадгалагдаж байгаа мөнгөний 3/1-ийг одоо зарцуулах л хэрэгтэй. Одоо ба ирээдүй гэж ярих ёстой. Тийм учраас Ирээдүйн өв сан, Хуримтлалын санд байгаа мөнгийг боловсрол, эрүүл мэндэд зарцуулах тогтолцоо руу шилжихгүй бол дан ганц төсвийн эх үүсвэрийг хараад боловсрол дээшлэхгүй. Одоогийн нийгмийн болж бүтэхгүй болгон сул боловсролтой байгаагаас болж байгаа. Улс орныг сүйрүүлье гэвэл боловсролыг нь нураа гэдэгтэй л адилхан. Ангела Меркелийн үг байдаг шүү дээ. Өнөөдөр та нар боловсролд их мөнгө зарвал маргааш та нар шоронд бага мөнгө зарна гэж. Яг түүнтэй адил. Боловсрол яагаад бондтой байж болохгүй гэж. Нэг их шалихгүй дээ 3.8-4 их наяд төгрөгөөр сургууль цэцэрлэгээ сайхан болгочихно. Дараагийн чухал асуудал нь төр хувийн хэвшлийн түншлэл. Хувийнхан бариг. Түүнийг нь нэг хүүхдийн хувьсах зардлаараа төр аваад явъя л гээд байгаа шүү дээ.
-Малчдын асуудлыг ярихгүй бол болохгүй. 2007 оноос хойш 20 орчим жил явлаа. Зургаан настай хүүхэд сургуульд ороод гэр бүл төлөвлөлт, гэр бүл салалтад асуудлууд үүсээд байна. Та сүүлд 10 нас хүртэл эцэг эхтэйгээ хамт байж суралцах боломжийг олгоно гэсэн. Яаж олгох юм бэ?
-Ганц жишээ дурдъя. Булган аймгийн Хутаг-Өндөр суманд байдаг үхрийн фирмтэй Канад залуу Жерриг мэдэх байх. Хоёр хүүхэдтэй. Нэг хүүхэд нь одоо долоодугаар анги Канадын сургуульд сурч байгаа. Нөгөө хүүхэд нь 12 дугаар ангиа төгсөж байгаа. Гэхдээ Канад руугаа хэзээ ч очиж үзээгүй. Тэр хоёр хүүхэд гэртээ байгаад байгаа шүү дээ. Гэрээсээ виртуал сургалт аваад анги дэвшээд явдаг. Хоёулаа монголоор сайн ярьдаг. Канадынхаа сургуульд, канадын боловсролыг дүйцээд сураад байгаа. Энэ тогтолцоо бүх улс орнуудад байна. Швейцарт гэхэд гэрийн болон хосолмол олон сургалтууд гараад ирсэн. Зайн сургалт, зуны, өвлийн сургалтууд, багийн сургалт гээд олон холимог сургалтууд гараад ирсэн. Өнөөдөр ерөнхий боловсролд малчдын 130 мянган хүүхэд сурч байна. Үүнээс дотуур байранд 35 мянган хүүхэд байдаг. 12 мянга нь бага ангийн хүүхэд. 6, 7, 8 настай хүүхэд дотуур байранд байна гэдэг их л хэцүү юм байна лээ. Хөдөөнөөс сонгогдсон гишүүн учраас би энэ зовлонг их мэднэ. Боловсролын ерөнхий хуульдаа 7 настай хүүхдийг сургуульд оруулъя гэсэн. Тэгээд хүүхдээ зөөгөөд л байдаг юм байна лээ. Тийм учраас хүсвэл хүүхдээ 8 настайд нь оруулаад ир. Гэхдээ нэгдүгээр ангид биш. Би хоёрдугаар ангид нь дүйцүүлээд оруулаад өгье. Хүсвэл 9 настайд нь аваад ир. Би гуравдугаар ангид нь оруулна. Бүх насанд нь сургалтууд явагдана. Гэрээр нь явагдана. Medle сургуулиар явагдана. Зуны сургалтууд явна. Өвөл дотуур байрууд амрахаар аав ээжтэй нь авчирч дотуур байранд 14 хоногийн сургалт явагдана. Гэх мэтчилэнгээр бид концепцуудыг гаргаж ирж байна.
-Хичээлээр мэдлэгээр боловсрол олгоод л байна. Гэтэл хүн байх боловсролыг орхигдуулаад байгаа юм уу гэж олон хүн ярьж байна. Ёс суртахуунтай байх, соёл хүмүүжилтэй байх зэрэг зүйлүүд орхигдоод байна уу?
-Сэтгэл зүрхний боловсрол гэж яриад байгаа. Өнөөдрийн сэтгэлгээний доройтол, бие биеэ хүлээн зөвшөөрч чадахаа больчихсон, талцал хуваагдал нь эргээд үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх байдал нь сүүлийн 30 жилд хэн чадалтай нь амьдар гэсэн зэрлэг капитализмын үр нөлөө л гарч ирж байна. Маш сайн боловсролын тогтолцоог угсарсан байснаа нураачихсан сөрөг үр дагавар нь гарч ирж байна. Үүнийг цааш нь авч явж болохгүй. Цэгцлэхээс өөр аргагүй. Энд мөнгө зарахаас өөр арга байхгүй. Тэгэхээр нөгөө хөтөлбөрийн шинэчлэл хэрэгтэй. Монголчууд хүнээр хүн хийх ухаан гэж ярьдаг. Цэцэрлэгийнх нь хөтөлбөрөөс авхуулаад хүн байх, бусдыг ойлгох, бусдыг өөрийнхөө оронд тавьж чадах, зөөлөн ур чадварыг цэцэрлэгээс нь сургуулиас нь суулгаж байж сэтгэл зүрхний боловсрол олгож байж бие биеэ хүлээн зөвшөөрсөн, бие биеийнхээ давуу сул талыг ойлгож чаддаг нийгэм болох юм байна гэдгийг олж харсан. Энэ зөвхөн боловсролоос шалтгаална. Тэр тусмаа хөтөлбөрөөс шалтгаална.
-Та хөтөлбөрийн шинэчлэл ярьж байна. Гэтэл сайд солигдохоор бодлого солигддог. Таны дэвшүүлж байгаа энэ бодлогуудыг танай салбар 100 хувь хүлээн зөвшөөрч байгаа юм уу. 2016 оноос хойш танай салбарын сайд 8 удаа солигдсон байна. Дараа дахин солигдвол таны бодлогыг үргэлжлүүлж авч явах уу?
-4 жилийнхээ бүрэн эрхийг гүйцээсэн гуравхан сайд л байдаг. Боловсролын салбарт. Би бас гүйцээж чадаагүй. Энэ үнэхээр харамсалтай. Би нэг зүйлд итгэл төгс байгаа нь бид хуулиа баталчихсан. Боловсролын ерөнхий хууль, СӨБ, Ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсролын хууль. Би сая эргэж ирээд бухимдаад байгаа нь яагаад та нар хууль биелүүлсэнгүй вэ гэж. Ер нь хамгийн том гэмт хэрэг эс үйлдэхүй юм байна гэж би бодож байгаа шүү. Шийдвэр гаргахгүй орхичход л бүх зүйлийг нурааж болдог юм байна шүү дээ. Монголын төрд хуулиа хэрэгжүүлнэ, хуулиа сахина гэж тангараг өргөдөг. Боловсролын ерөнхий хуулийн анализ хийлгэж үзсэн. Энэ хуулийнхаа дөнгөж 30-хан хувийн потенциалыг бид ашиглаж байгаа юм байна лээ. Харамсалтай байгаа биз. Энэ хууль маш том боломж өгсөн. Энэ хуулийн потенциалыг 50, 60, 70, 80, 100 хувь ашиглавал өнөөдөр хэн сайд байх нь нэг их чухал биш. Түрүүний миний гаргасан нэг алдаа хуулиа батлуулчихсан гэж өөртөө их итгэл үнэмшилтэй манай Засгийн газар мундаг Засгийн газар гэж бодож байсан. Тэгж байтал шинэчлэлийг дээрээс нь хийх гэж оролдсон. Тэр бас миний алдаа байсан. Одоо шинэчлэлийг дороос нь буюу сургууль цэцэрлэгээс нь багшаа сонсож, хүүхдээ сонсож, эцэг эхээ сонсож бид нэг сэтгэлгээтэй, нэг ойлголттой болж байж урагшаа алхах ёстой юм байна. Тиймээс би хоёр дахь удаагаа томилолтоор ирж байна. Би алдаагаа ухамсарлаж байгаа. Тийм учраас энэ шинэчлэлүүдийг дороос нь анхан шатнаас угсаръя гэж бодож байна.
-Үдийн хоолны тал дээр нэг хүсэлт, бас асуулт байна. Хүүхдүүд авах ёстой шим тэжээлээ авч чадахгүй байна. Үдийн хоолны төсвийг нэмээд, анхаарах арга байна уу?
-Төсвийн л асуудал шүү дээ. Мөнгө нь байвал болно. Хувийн сургууль 4000-5000 төгрөгт хоолоо өгч байгаа. Бид 2500-аар өгч байгаа. Дээрээс нь түрээсийн гал тогоотой сургууль байна. Би түрээсийн гал тогоо байж болохгүй л гэж боддог. Олон улсад хоолоо чанаад, жигнээд халуун дээр нь өгдөг нь яг л сургууль дээрээ байдаг юм байна лээ. Харин хувийн хэвшлийн оролцоо хагас боловсруулсан бүтээгдэхүүн байж болно. Одоо сургууль дээр ногоо цагаа цэвэрлээд байх шаардлага огт байхгүй. Хувийн хэвшил бэлтгээд л аваад ирдэг. Чанадаг процессыг л сургуульд хийдгээд байвал хувийнханд бас орон зай гарч ирж байгаа юм. Сургууль цэцэрлэгийн хоолны зардалд жилдээ 300 тэрбум төгрөгөөр төрөөс санхүүжүүлж байгаа. Би нэг зүйл бодоод байна. Жишээ нь, Төв аймгийн Жаргалант сумын сургууль цэцэрлэг нийлээд 1 тэрбум төгрөгийн худалдан авалт хийнэ. Үүнээс ногоо нь тэд, сүү нь тэд, тараг нь тэд, мах нь тэд гээд тухайн суманд нь зарлая гэж байгаа. Одоогийн тендерээр хотоос хэдэн цүнхний компани очиж юм нийлүүлдэг. Сумынх нь ЖДҮ эрхлэгчид түүнийг нийлүүлнэ. Тэгэхээр хамгийн чанартай зүйлээ өгнө. Яагаад гэвэл тэнд өөрийнх нь хүүхэд явж байгаа. Ажлын байр бий болно.
-Спортод нэг зүйл анзаарагддаг. 1 хувийн татварын хөнгөлөлт. Түүнийг сургууль цэцэрлэгийн орчинд хэрэгжүүлэх боломж байна уу?
-Байгаа. Одоо жишээ нь, Өмнөговь аймаг өөрийнхөө төсвийг бүрдүүлдэг аймаг учраас 1-12 ангийнхандаа Үдийн хоол өгч байгаа. Эрдэнэтэд 5-9 дүгээр ангид өгдөг. Ингээд төсвөө бүрдүүлдэг зургаан аймаг хүүхдүүддээ Үдийн хоол өгдөг. Орон нутаг нь төсвөө гаргавал асуудалгүй.
-1 хувийн татварыг хөнгөлөх асуудлыг та хөндөөч?
-Сайхан санал санаачилгууд гараад эхэлсэн. Би үүн дээр их итгэл үнэмшилтэй байгаа. Компаниудын 1 хувийн татварыг би Татварын ерөнхий газраас үзлээ. 380-аад тэрбум төгрөг болж байна. Энэ чинь их том мөнгө шүү дээ. Үүнийг гэхдээ ганцхан боловсролд зарахгүй. Энэ жилийг Боловсролыг жил гэж зарласан учраас 1 хувиа боловсролд зориулаач гэж уриалж байгаа. Үүн дээр MCS компани Ерөнхий сайдын Монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье гэдэг бодлогыг дэмжээд Өмнөговь аймагт Кембрижийн хөтөлбөртэй дунд сургуулийг дотуур байртай нь 1 хувиараа барьж өгье гэсэн. Чойжоо гишүүн Увс аймагт барья гэх мэтчилэнгээр том ажлууд эхэлсэн.
-Боловсролын салбарт AI технологийн дэвшлийг хэрхэн ашиглах вэ. Хүүхэд бүр chatgpt ашиглаж байна. Зайнаас сургах бололцоо хэр байгаа вэ. Ер нь бэлэн байна уу?
-Бэлэн биш байна. Гэхдээ бид ойрын хугацаанд бэлэн болно. Яагаад би итгэлтэй хэлж байна гэхээр түрүүн нэг сурагч нэг AI багштай, нэг багш нэг AI туслах багштай болно гэж хэлсэн. Үүний платформуудыг бид хөгжүүлээд эхэлчихсэн. Есдүгээр сарын 1 гэхэд монгол хэл, математикийн хичээлээр бүх хүүхдүүдэд боломж олгоно. Мэргэжлийн боловсрол, дээд боловсролд ч AI оруулж ирэх боломжуудыг бий болгоно. Ер нь хоцрогдлыг нөхөх хамгийн шилдэг арга AI, техник технологи, машин гэж харж байгаа. Өнгөрсөн долоо хоногт анзаарсан бол би Open AI гэж том компанийн захиралтай видео колл хийсэн. Энэ зун ирнэ. Удахгүй нэлээд том AI компанийн захирлууд ирж Хиймэл оюун ухаан ба боловсрол гэсэн хэлэлцүүлэг хийх гэж байна. Манай салбарт хамгийн түрүүнд технологи шингэх ёстой гэж би ойлгоод байгаа. Тэгж байж монгол хүн бүтээмжтэй байж нэг цагт 5 ам.долларын ажил хийдэг байсан бол 15 ам.долларын ажил хийдэг бүтээмжтэй хүнийг бүтээнэ. Тэглээ гээд бид бэлэн хоол өгөөд байх биш AI-аас оновчтой асуулт асууж чаддаг, AI-ийн өгсөн асуултыг зөв үү, буруу юу гэдгийг ялгаж чаддаг ийм л чадвартай болгох ёстой. AI-д хөлсний ажилтан болж очих уу, AI-г боловсруулж ажиллах уу гэдэг чадамж, ур чадварыг суулгах гээд байгаа юм.
-Өргөн хүрээний асуудал ярилцлаа. Та Үдийн хоол хөтөлбөрт нэг анхаарал хандуулаад өгөөрэй?
-Хамгийн сайн сургууль гэрт ойрхон сургууль гэж би хэлчихлээ шүү дээ. Үүн дээр нэмэх нь хоёр. Зургаа дээр нэмэх хоёр гэж юуг хэлээд байна гэхээр мэдээж сайн хөтөлбөртэй, сайн багштай, шударга үнэлгээтэй, хүүхэд бүхэн төсөвтэй, хамтын удирдлагатай, цахимжсан сургуулийг сайн сургууль гэнэ. Үүн дээр нэмэх нь үдийн хоолтой, үе тэнгийн дээрэлхэлтгүй сургуулийг маш сайн сургууль гэнэ.
-Үе тэнгийн дээрэлхэлт гэдэг асуудал та хөндлөө. Орхигдох гээд байгаа учраас асууя. Энэ сүүлийн үед хамгийн том асуудал болчихлоо. Далд хэлбэрт байсан. Өмнө нь бид үе тэнгийн дээрэлхэлтэд өртдөг байснаа одоо эргээд харахад дээрэлхэлт байсныг ойлгосон. Хүн болгон л байдаг зүйл гэж ойлгодог байсан. Одоо энэ бүр илүү онцгой, ноцтой байдлаар хэрэгждэг болчихсон байна. Үүн дээр ямар өөрчлөлт хийх вэ?
-Үүн дээр сэтгэлгээний том өөрчлөлт хийж байж, нийгмээрээ өөрчлөгдөж байж засарна. Энэ ганцхан Монгол Улсад болоод байгаа асуудал биш. Нийтээрээ бүх улс орнууд л үе тэнгийн дээрэлхэлт, буллинг гэж ярьдаг зүйлтэй хатуу тэмцэж байна. Сингапур үүний эсрэг бие даасан хууль гаргачихлаа. Солонгос бас гаргалаа. Үе тэнгийн дээрэлхэлт үйлддэг байсан хүүхдийг их дээд сургуулийн бүртгэлээс хасаж эхэлж байна. Гэх мэтчилэнгээр янз бүрийн аргаар л тэмцэж байна. Би монгол хөрсөнд буусан, соёл иргэншилд ойрхон зүйл хийгээсэй гэж хүсэж байгаа. Олон сайн жишгүүд байгаа юм байна лээ. Үүнийг шууд авчраад хэрэгжүүлэх биш копи паст хийж болохгүй. Монгол хүний онцлогт нийцэхгүй. Монгол хүүхдүүдэд зохицсон, онцлогт нь нийцсэн зүйл байгаасай гэж бодож байна. Үүнийг ганц Боловсролын сайд хийх асуудал биш. Салбар дундын, нийтээрээ хийх ёстой. Боловсролын алтан гурвалжин гэж нэрлэдэг эцэг эхчүүд, багш хүүхэд гурав нийлж байж үүний ард гарах ёстой юм байна гэж хараад байгаа.
-Үе тэнгийн дээрэлхэлтийн асуудалд нэмээд анхаарал хандуулаад өгөөрэй. Төсөв яригдах үед танд цаг зав боломж нь байвал дахин урилга хүргүүлнэ. Та боломж гаргаж өгөхийг хүсье. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!