ТАНИЛЦ: УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх ОНЦЛОХ хуулиуд

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
13 минут 33 секунд

Өнөөдөр Монгол Улсын Их хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ. Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг намрын чуулганы төгсгөлд УИХ-аар хэлэлцэн баталсан. Хаврын чуулганаар нийт 33 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр байна. Эдгээрээс зарим хуулийн төслүүдийг онцолбол:

-Ерөнхийлөгчийн санаачилсан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хууль-

УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудалтай холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" утга бүхий хуулийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн.

Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан, гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн бол эгүүлэн татах хууль зүйн хариуцлагыг тодорхой, ил тод, үр нөлөөтэй болгох зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын гишүүн ард түмнээс олгосон мандатыг хүндэтгэхийн сацуу Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эгүүлэн татах тухай Монгол Улсын Үндсэн хууль дахь заалтыг амьдралд хэрэгжүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн нам, эвслийг хариуцлагатай болгох, төрийн үйл ажиллагааны тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ гэж үзжээ.

-Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэл-

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүнг 2025 оны зорилтот түвшинтэй харьцуулан, журамд заасан хэрэгжиж дууссан бодлогыг дүгнэх үнэлгээний арга зүйг ашиглан хяналт-шинжилгээ хийжээ. Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр тэргүүлэх чиглэлийн үр дүн 48.5 хувь, төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн 59.7 хувь, хөтөлбөрийн үр дүн 57.1 хувь, нийт төсөл, арга хэмжээний гүйцэтгэл дунджаар 61.0 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

-Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-

Л.Энх-Амгалан ГБХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа 2024 оны 12-р сарын 23-нд өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төсөлд аж ахуйн нэгж, байгууллагууд гадаад ажилтан авч ажиллуулахтай холбоотой хүнд суртлыг арилгах, зарим процессыг хялбаршуулан цахимжуулах зэрэг зохицуулалтыг нэмж тусгажээ.

-Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-

Х.Тэмүүжин нарын 6 гишүүн санаачилж 2025 оны 5-р сарын 30-нд өргөн мэдүүлсэн. Төсөл санаачлагчдын зүгээс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд хэн нэгний үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ял, албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ “нийгэмд аюултай” гэх субьектив ойлголтыг хуульчилснаар шүүх үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ял, албадлагын арга хэмжээ оногдуулж хүлээлгэхдээ “нийгмийн аюул” гэх хийсвэр ойлголт хэрэглэж, “гэмт хэрэгт тооцох, ял оногдуулах эсэхийг зөвхөн хуулиар тодорхойлно” гэсэн эрүүгийн эрх зүйн хууль ёсны зарчмыг гажуудуулж, шүүгч, прокурор, өмгөөлөгч өөрийн санаагаар томъёолох “нийгэмд аюултай, аюулгүй” гэсэн субъектив шалгуураар гэмт хэрэг, түүнд хүлээлгэх ял албадлагын арга хэмжээг тодорхойлж байна гэж үзсэн тул Эрүүгийн хууль дахь нийгэмд аюултай байдал, нийгмийн аюулын шинж чанар гэсэн ойлголтыг хасахаар тусгажээ.

-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-

Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нарын 8 гишүүн санаачилж 2025 оны 5-р сарын 9-нд өргөн мэдүүлсэн.

Хуулийн төсөлд:

1. Монгол Улсын өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулах ажил, үйлчилгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасаж, гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах;

2. Ажил олгогч ажилтанд олгох хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах;

3. Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг ажилтны нэгэн адилаар тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээ тогтоохоор тус тус тусгажээ

-Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл-

ХЗДХ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл "Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх" санаачилсан байдаг. Улмаар энэхүү хуулийн төслийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн огцрохоос 14 хоногийн өмнө УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Авлига, мөнгө угаах гэмт хэргийн шинжийг оновчтой тодорхойлоогүй байдал, нийтийн албан тушаалтны гэмт хэрэг үйлдэж олсон болон хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураан авах, хураан авсан хөрөнгө, орлогыг хадгалах, захиран зарцуулах, захиран зарцуулснаас олсон орлогын үр дүнтэй зарцуулалт, түүнд хяналт тавих, төрийн албан хаагчийн хууль бус ажиллагааны улмаас төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин, тогтолцоог хангалттай бүрдүүлээгүй, авлигын мэдээлэгчийг хамгаалах, нууцлах, урамшуулах хууль тогтоомжгүй байгаа нь авлигыг улам даамжруулах эрсдэлтэй байна гэж үзжээ.

Тиймээс шударга ёсыг хангах, нийтийн албан тушаалтны гэмт хэргийг бууруулах, төсвийн хөрөнгө болон нийгмийн ашиг сонирхлыг хамгаалах, хураан авсан хөрөнгийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан аж.

-НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-

Б.Пүрэвдорж нарын таван гишүүн санаачилж 2025 оны 6-р сарын 19-нд өргөн мэдүүлсэн. Хуулийн өөрчлөлт батлагдсанаар орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг болохоос гадна татвар төлөгчдийн бааз нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, улсын төсөвт цугларах татварын орлого нэмэгдэх боломжтой гэж үз

-Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-

Б.Пүрэвдорж нарын таван гишүүн дээрх хуулийг санаачлан 2025 оны 6-р сарын 19-нд өргөн мэдүүлсэн. Хууль санаачлагчдын зүгээс 2015 онд онцгой албан татварын хувь хэмжээг 400 мянган төгрөг, дизель түлшийг 520 мянган төгрөг болгон тогтоосноос үүдэж, завсрын бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, уг бүтээгдэхүүнд онцгой албан татвар, тусгай зөвшөөрөл шаардахгүй байгаа нь хуурамч шатахуун үйлдвэрлэх гол шалтгаан гэж үзсэн.

Нефть үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг зарим компани хуурамч шатахуун үйлдвэрлэж, иргэдийг хохироосоор байгаа бөгөөд 19-р зуунд тракторын хөдөлгүүрт ашиглаж байсан, өдгөө зөвхөн нисдэг тэрэг, онгоцны сэнс цэвэрлэхэд ашигладаг нафта зэрэг бүтээгдэхүүний импорт манай улсад өссөөр байгаа нь энэ төрлийн түүхий эдийн хольцтой хуурамч шатахуун үйлдвэрлэж, иргэн, аж ахуй нэгжийг хохироож байна гэж үзжээ.

Тухайлбал, хольцтой шатахуун хэрэглэснээр машины тоног төхөөрөмж амархан эвдэрч, хоёр жилийн дотор хэрэглээнээс гардаг. Автомашины эвдрэлээс шалтгаалж хар утаа хаяж, хорт бодисын улмаас амьсгалын замын өвчлөлийг нэмэгдүүлж байна хэмээн танилцууллаа. Ялангуяа жирэмсэн эх, бага насны хүүхдүүд хуурамч шатахуун хэрэглэсэн автомашинаас гарах утаанаас болж амьсгалын эд эрхтэн нь гэмтэж буйг тайлбарлаж байв. Тиймээс уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзжээ.

-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-

Дээрх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин санаачлан өргөн мэдүүлсэн.

Улсын Их Хурлын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар чуулганы хуралдааныг нэвтрүүлэх, мэдээлэх харилцааг хэт ерөнхий хуульчилсан бөгөөд уг зохицуулалтууд нь хэлэлцүүлгээс гарсан шийдвэр, санал хураалтын үр дүнг иргэдэд мэдээлэх бус нэвтрүүлэх, албан хэрэг хөтлөх, тэмдэглэлийг хадгалах шинжтэй байна хэмээн төсөл санаачлагч үзэж буй.

Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааны чухал ач холбогдолтой хэсэг буюу хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх болон эцсийн хэлэлцүүлгийн санал хураалтын дүн, гишүүн бүрийн саналыг тухайн өдрөө товч мэдээлэл хэлбэрээр Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулан санал хураалтын ил тод, нээлттэй байдлыг хангах шаардлагатай байна хэмээн төсөл санаачлагч тодотгосон.

-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-

УИХ-ын чуулганы хуралдаанд зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахдаа "Байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье" гэсэн томъёоллыг ашиглаж буй нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлдэг. Тэгвэл М.Бадамсүрэн нарын 33 гишүүн "Санал хураалт явуулах ерөнхий журмыг нарийвчлан зохицуулаагүйн улмаас үр дүн муутай томьёоллоор санал хураалтыг явуулж буй нь Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх, холбогдох бусад хуулийн зарчимд нийцэхгүй байна" гэж үзэн, дээрх хуулийн төслийг санаачлан 2025 оны 11-р сарын 14-нд УИХ-д өргөн мэдүүлжээ.

-Татварын багц хуулийн төсөл-

Татварын багц хуулиудын шинэчлэлээр иргэдийн НӨАТ, хувь хүний орлогын албан татварыг 2 их наяд төгрөгөөр, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 орчим тэрбум төгрөг, нийт 2.7 их наяд төгрөгийн татварыг үе шаттайгаар бууруулахаар тооцжээ. Тодруулбал,

Аж ахуйн нэгж:

• ААН-ийн орлогын татварын шатлал шинэчлэгдэж, 6–10 тэрбум төгрөгийн орлогод 15%, 10 тэрбум төгрөгөөс дээш орлогод 25% татвар ногдуулна.

• Жижиг, бичил бизнесийн хялбаршуулсан татварын босго 400 сая төгрөг болж, 1% татвар төлөх боломж бүрдэнэ.

• ЖДААН-ийн татварын 90% буцаалт авах босго 2.5 тэрбум төгрөг болно.

• Өртэй байгууллагын банкны дансанд ирээдүйд орох орлогын 20%-ийг битүүмжлэхгүй үлдээнэ.

• Гааль дээр НӨАТ-ыг 2 сар хүртэл хойшлуулж төлөх боломжтой.

• Тайлан залруулах хугацааг 1 жилээс 2 жил болгон сунгасан.

Иргэдэд:

• Сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100%,

500 мянга–1 сая төгрөгт 50%, 1 саяас дээш хэсэгт 20% тус тус буцаан олгоно.

• Хөдөлмөр эрхэлж буй бүх иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх орлогыг 100% хөнгөлнө.

• Орон нутагт анх удаа орон сууц худалдан авсан болон эрчим хүчний хэмнэлттэй орон сууц худалдан авсан иргэдэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт олгоно гэж тооцоолжээ.

-Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-

Хуулийн төслийн гол зорилго нь иргэдийн дунд хэрэглээ нь эрс нэмэгдэж байгаа бүх төрлийн тамхидалтыг бууруулах, ялангуяа өсвөр насны хүүхэд, залуучуудын дунд түгээмэл хэрэглэж байгаа төрөл бүрийн электрон тамхийг янжуур тамхитай ижил зохицуулалттай болгож, ирээдүй үеэ хорт зуршлаас сэргийлж, эрүүл мэндийг хамгаалахад чиглэж буй.

Хуулийн төслийг О.Номинчимэг нарын 20 гаруй гишүүн 2025 оны 9-р сарын 19-нд УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг.

Үе тэнгийнхнээ зодож, бичлэг хийсэн гэх Д.Саямааг бусдыг заналхийлэх, хувь хүний нууцыг задруулсан хэргээр яллагдагчаар татжээ
Үе тэнгийнхнээ зодож, бичлэг хийсэн гэх Д.Саямааг бусдыг заналхийлэх, хувь хүний нууцыг задруулсан хэргээр яллагдагчаар татжээ
 
Хүүхэд, залуучуудад үндэсний бөхийг таниулах, сурталчлах чиглэлээр санамж бичиг байгууллаа
Хүүхэд, залуучуудад үндэсний бөхийг таниулах, сурталчлах чиглэлээр санамж бичиг байгууллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!