
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор (PhD), дэд профессор А.Энхбаттай ярилцлаа.
-Алтны үнэ сүүлийн хоёр жилийн хугацаанд дээд хэмжээндээ хүрчээ. Үүнийг Монгол Улс ашиглах ямар боломж байна вэ?
-Алт бол түүхий эд. Түүхий эдийн үнэ яагаад өсөөд байна вэ гэдгийг эхлээд ойлгох нь зүйтэй. Сүүлийн жилүүдэд дэлхийн улстөр, эдийн засаг, геополитик тодорхойгүй нөхцөл байдал руу орсон. Үүний шалтгаан Орос, Украйны дайн, Ойрх Дорнод Ирантай холбоотой дайны асуудлууд байна. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын дэвшүүлсэн асуудлууд яригдаж байна. Бүс нутгууд Латин Америк ч гэдэг юм уу, Төв Ази, Европ Америк эсвэл Зүүн өмнөд Ази гэдэг ч юм уу, энэ улс орнуудын хоорондын геополитик, их гүрнүүдийн хоорондын асуудлаас шалтгаална. Түүхэндээ алтыг улс орнууд аюулгүй хөрөнгө гэж авч үздэг. Ялангуяа эдийн засаг, улстөр, геополитикийн асуудал төвөгтэй нөхцөлд байхад аль болох алтыг их хэмжээгээр худалдаж авах сонирхолтой. Энэ утгаараа дэлхийн улс орнуудын Төв банкууд алтыг их хэмжээгээр худалдан авч байна. Үүнийгээ бодлогын хүүтэйгээ уялдуулж байна. Манай алтны экспортын хэмжээ 12 мянга тонн орчим байдаг. 2025 оны гүйцэтгэлээс харахад тийм л байсан. Энэ онд 25 мянган тонн алт олборлох төлөвлөгөө зорилт тавьчихсан явж байна.
Манайх хагас боловсруулсан алтыг экспортлохдоо ихэнхдээ Швейцарын холбооны улс руу экспортолдог. 2025 оны хоёрдугаар сард буюу яг өдийд алтны үнэ 2831 ам.доллартой тэнцэж байсан. Алтны үнийг ам.доллар, фунт гэсэн үзүүлэлтээр авч үздэг. Үүнийг Лондонгийн металлын зах зээл, комекс гэж байдаг. АНУ-ын түүхий эдийн биржийн фучерсийн гэрээний худалдагдсан үнээр тооцдог. Тэр дүнгээр нь тооцоход ойролцоогоор 6000 ам.доллар хүрч байна. Яг өнөөдрийн байдлаар 5900 ам.доллартой тэнцэж байна. Өөрөөр хэлбэл 2025 оны хоёрдугаар сартай алтны үнийг харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлт.
Манай улсын хувьд Төв банк, гадаад валютын албан нөөц гэж бий. Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхийн тулд алтыг худалдаж авдаг. Энэ нь улс орны эдийн засгийн аюулгүй байдлын хувьд давуу талтай. Ашигтай гэсэн үг. Цаашдаа бид хагас боловсруулсан алтныхаа хэмжээг нэмэгдүүлэх ёстой. Мөн нэн яаралтай алт цэвэршүүлэх үйлдвэртэй болох ёстой. Бид өмнөх жилүүдэд түүхий эд бэлтгэн нийлүүлэгч улс байсан. Нүүрсний хувьд Хятадтай гэдэг ч юм уу, алтны хувьд Швейцарын холбооны улстай гэдэг ч юм уу, зэсийн хувьд мөн л түүхий эд ханган нийлүүлдэг. Олборлолтоо боловсруулахгүй байгаа. Цаашдаа алтны хувьд ч, зэсийн хувьд ч боловсруулах, нэмүү өртөг шингэсэн байдлаар худалдах нь манайд илүү үр ашигтай, үр нөлөөтэй. Энэ хэмжээгээр орж ирэх валютын орлого ч нэмэгдэнэ. Тиймээс алт, зэс боловсруулах үйлдвэр 14 мега төслүүдийн нэгээр нэрлэгдсэн. Өнгөрсөн оныг энэ онтой харьцуулаад үзэхэд Оюу толгойн зэсийн баяжмалд алтны агууламжийн хэмжээ багассан. Гэхдээ зэсийн агууламжийн хэмжээ сайжирсан. Тиймээс Оюутолгойн алтны агууламжийн хэмжээндээ тааруулаад бид экспортоо явуулах хэрэгтэй гэж харж байгаа.
-Ерөнхий сайд Г.Занданшатар "Алт-3" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүн дээр ил байгаа ордуудаа ашиглахаар бодлого боловсруулж байгаа. Гэвч нөгөө талаар алт олборлолтын хэмжээ буурсан. Тэгэхээр "Алт-3" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд юун дээр анхаарах ёстой вэ. Ил ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой юу?
-Гадаадын хөрөнгө оруулалтуудыг маш ихээр ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, манай уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулагчид маш их сонирхолтой байгаа. Оюутолгойгоос харахад алтны, зэсийн өндөр агууламжтай ордууд хэд хэд байгаа. Оюутолгой шиг маш их хэмжээтэй ордууд манай өмнийн говьд байгаа. Тиймээс Оюутолгойн гэрээнд гаргасан алдаагаа давтахгүй, ялангуяа 34 хувь гэдэг ч юмуу ийм нөхцөл байдлыг давтахгүйгээр гадны хөрөнгө оруулагчидтай хамтарсан байдлаар явах хэрэгтэй. Хоёрдугаарт, хувийн хэвшилтэйгээ хамтарсан байх шаардлагатай.
Төрийн оролцоотойгоор энэ ордуудыг ашиглах, энэ хэмжээгээрээ мэдээж олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх, цаашдаа бид алт цэвэршүүлэх үйлдвэр барих зэргээр бодлогын түвшинд асуудлыг ярих хэрэгтэй. Нэг зүйл бий. Жишээ нь, баялаг ихтэй, алт, зэс, уран, мөнгө гэдэг юм уу ийм баялаг ихтэй орнууд дэлхийд баялгаа олборлоод хөгжсөн нь маш ховор. Хамгийн гол нь тэр баялгаас орсон орлогыг яаж зөв санхүүгийн менежмент хийгээд, эдийн засгийн эргэлтэд оруулаад, үр ашгаас нь хүртэх вэ гэдэг асуудал чухал. Тиймээс түүхий эдийг худалдаад орж ирсэн валютын орлогыг бусад орнууд шиг Норвегийн сан ч гэдэг юм уу, баялгийн сангууд байж байна. Тэр баялгийн сангууд шиг эдийн засгийн эргэлтэд оруулаад, олон улсыг хамарсан дэлхийд нэр хүндтэй томоохон байгууллагуудын хувьцааг эзэмших байдлаар орлогыг нэмэгдүүлэх гэх мэтээр үр ашгийг хүртэх явдал бий. Тэр хүртсэн орлогоороо хүн амын орлогын түвшнийг дээшлүүлэх, ядуурлаас гаргах, цалинг нь нэмэх гэх мэтээр амьдралын чанарыг сайжруулах тал дээр бид гол анхаарлаа хандуулах ёстой. Ийм л бодлоготой байх ёстой.

-Ашигт малтмалын тухай хуулиараа АМНАТ-ийг бууруулах нь зөв үү. Үүн дээр яаж анхаарч ажиллах ёстой вэ?
-Дэлхийн улс орнуудын хөгжлийн түүх ялангуяа баялаг ихтэй улс орнууд 1960-1980 онд хөрөнгө оруулах байдлаар баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулсан. Үр ашгийг хүртэхэд юун дээр илүү анхаарах ёстой вэ гэхээр хуваарилалт чухал. Эсвэл төлбөрийн үнийг тогтоогоод авчихвал хувь эзэмших гэхээсээ илүү үр өгөөж нь чухлаар тавигдана. Рояалтыг 5 хувь гэдэг ч юм уу тогтоох хэрэгтэй. Өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжил хаашаа явж байна вэ гэвэл хиймэл оюун ухаан руу явж байна. Хиймэл оюун ухаан, сэргээгдэх эрчим хүч рүү явж байгаа. Үүнд шаардлага батарей үйлдвэрлэх асуудал үүснэ. Тэгэхээр маш их хэмжээний зэс шаардлагатай. Ингээд зэсийн үнэ өсөөд байгаа юм. Хэрвээ зэсийн орд дэлхий нийтэд дахиад шинээр нэмэгдэхгүй л бол зэсийн үнэ цаашдаа өсөх хандлага харагдаж байгаа. Бид одоо байгаа зэсийн хоёр гол үйлдвэртээ тулгуурлаад зэсийг баяжуулах ажлаа яаралтай хийх хэрэгтэй. Тэгж байж бид урт хугацаандаа түүхий эдээс олж байгаа орлогыг үр ашигтай, оновчтой яаж ашиглах вэ гэдэг асуудлыг шийднэ.
-Алт, зэс эдийн засгийн хөшүүрэг болох боломжтой юу. Зарим эдийн засагчдын хувьд алт, зэс, нүүрсээ хослуулж явах ёстой гэж үзэж байна гэдэг. Таны хувьд үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Эрдэнэт үйлдвэр 1979 оноос хойш Монгол Улсын төсөвт ихээхэн хэмжээний орлого оруулж байгаа. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш 1990-2004 он хүртэл Эрдэнэт үйлдвэрийн зэсийн орлого улсын төсвийн дийлэнх хэсгийг бүрдүүлж байсан. Үүний дараа нүүрс дэлхийн зах зээл дээр үнэ нь нэлээд өссөн. Өмнөговьд Тавантолгойн бүлэг ордын нүүрсний уурхай бий болсон. Үүнээс шалтгаалаад нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн. Нүүрсний тонны хэмжээ нэмэгдэхээр зэсийн баяжмалаас орох орлогоос илүү нүүрсний орлого их хэмжээгээр нөлөөлж эхэлсэн. Гэсэн хэдий ч одоо нүүрсний үнэ нь буугаад, зэсийн үнэ өсөөд эхэлж байна.
Энэ нь юуг харуулж байна гэхээр түүхий эд зэс, нүүрс, алт тогтмол буурна, өснө гэдэгтээ биш дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал, эрэлт нийлүүлэлтээс хамаарна. Манай улсын хувьд БНХАУ-ын эдийн засгийн байдлаас хамаарна гэдэг ч юм уу, барилгын салбар, үл хөдлөх салбар, гангийн үйлдвэрлэлд хязгаарлалт тавьдаг ч юм уу. Тэдний үйлдвэрлэж байгаа эрчим хүчний бодлого гэдэг ч юм уу, маш олон хүчин зүйлээс шалтгаалаад эрэлт, нийлүүлэлт өөрчлөгддөг. Судлаач хүний үүднээс харахад түүхий эдийн олборлолт урт болон богино хугацаандаа монголын эдийн засгийг аврах хүчин зүйл биш. Үүн дээр тулгуурлаад эдийн засгийн бодлогоо явуулж байгаа бол буруу. Манай эдийн засагт орлого юунаас орж ирэх вэ. Зэсийн үнэ уначихлаа, нүүрсний үнэ уначихлаа гэнгүүт орлого орохгүй дээшээ тэнгэр хол гэдэг нөхцөл байдлаас хараад байна. Гэтэл энэ нь гадаад байдлын шоконд маш их өртөмтгий эдийн засагтай болчихлоо л гэсэн үг. Магадгүй өнөөдөр алтны үнэ, зэсийн үнэ өндөр байж болно. Жилийн дараа, хоёр жилийн дараа алт, зэсийн үнийн үйлдвэрлэлийнх нь зардлын хэмжээнд хүртлээ унахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ нь дунд болон урт хугацаандаа манай эдийн засгийн гол хүчин зүйл болохгүй. Тиймээс одоо өндөр байгаа энэ үед нь аль болох өндөр санхүүгийн хөрөнгө бий болгоод тэр санхүүгийн хөрөнгөөрөө зэс, алт, нүүрсний эдийн засагт нөлөөлж байгаа, эзэлж байгаа хувь хэмжээтэй тэнцэх хэмжээний аж үйлдвэрийн салбар, нэмүү өртөг шингээсэн салбаруудыг барьж байгуулаад явах хэрэгтэй. Тэгвэл гаднаас хамааралтай эдийн засаг маань эмзэг, өртөмтгий байдал нь бага багаар суларна. Дэлхийн зах зээл дээр үнэ өсөж, буурч байгаа нь сонин биш дотоодын үйлдвэрлэл маань импортын төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг орлох хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Тэр хэмжээгээр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ хоёр зах зээлд экспортлох хэрэгтэй. Мөн валютын орлого олдог байх хэрэгтэй.
-Олон төсөл рүү байгаа мөнгөө хувааж хэрэгжүүлэх ёстой юу. Эсвэл нэг томоохон төсөлд байгаа мөнгөө хүч хаяад ажиллах уу. Ер нь яаж төсөв хөрөнгөө хуваарилах ёстой вэ. Өнгөрсөн хугацаанд бидний гаргасан алдаа юу байв?
-Л.Оюун-эрдэнийн Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлнэ гээд тодорхой үе шаттай зарласан байсан. Гэхдээ аль нь түрүүлэх вэ. Тэр ажлыг ач холбогдлоор нь эрэмбэлэх нь чухал. Нөгөө талаасаа орлого нэмэгдэх хэрээр зарлагаа нэмэгдүүлсэн. Төрийн нүсэр аппарат, ажиллах хүчийг нэмэгдүүлсэн. Энэ нөхцөл байдал аль 2000 оноос хойш ужгирсан. Тиймээс цаашдаа нэг л чухал ажлыг хийх ёстой. Алтны үйлдвэр эсвэл зэсийн үйлдвэрээ байгуулах. Түүн дээр бодлого хүн хүч, санхүүгийн нөөцөө ашиглах хэрэгтэй. Түүнээс олон зүйл рүү үсэрвэл хүч тарамдаад үр дүн гарахгүй. Та бүхэн мэдэж байгаа БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр байгуулах нефтийн үйлдвэр одоог хүртэл баригдаагүй. Аваад хэдэн жил болж байна. Гэтэл нөгөө талдаа төсөвт маш үр ашиггүй хөрөнгө оруулалтын зардал гаргадаг. Жишээ нь, сум болгонд соёлын төв байгуулна гэдэг ч юм уу. Янз бүрийн барилга байгууламж бариад, дутуу орхисон, царцаасан, он дамжсан маш их барилга байдаг. Одоо үүнийгээ зогсоох хэрэгтэй. Тэр царцаасан барилгуудыг дахин хөрөнгө нэхэж байгаа бол хувийн хэвшилд шилжүүлэх хэрэгтэй. Хөнгөлөлттэй нөхцлөөр худалдах хэрэгтэй. Тэгээд улсын төсвийн хөрөнгө оруулалтын гол зорилго нь зэс боловсруулах үйлдвэр гэдэг ч юм уу, нэгийг л сонгох хэрэгтэй. Үүндээ бүх хүчээ зориулаад, үүнийгээ Ерөнхий сайд зарлачих хэрэгтэй. 2026 онд зөвхөн алт цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орно. 2027 онд ганцхан зэсийн баяжуулах үйлдвэр барина. Түүнийг 1-2 жилийн дотор байгуулна. Түүн дээр улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын хөнгөлөлт, зээл, тусламж, баялгаас бий болж байгаа орлогуудыг зарцуулна. Өөрөөр хэлбэл, Үндэсний баялгийн сангийн хөрөнгө оруулалтуудыг түүнтэйгээ уялдуулаад явах хэрэгтэй. Тэр менежментийн асуудлыг л хийх хэрэгтэй. Тэгж байж бид давна.

-Түүхий эд Монгол Улсын эдийн засгийн бодлого биш гэж та хэлсэн. Байгалийн баялгаараа хөгжсөн улс байхгүй гэлээ. Тэгэхээр байгалийн баялгаа хөрөнгө болгож, цонх үеийг ашиглаж чадсан улс орны жишээ байдаг уу?
-Манай улсын газар нутаг, түүхэн уламжлалаараа аваад үзвэл газрын баялаг маш их бий. Бусад улс оронд байхгүй. Бусад улс орнуудтай харьцуулаад үзэхэд Япон, Сингапур яаж хөгжсөн бэ. Байгалийн баялаг байхгүй. Тэд хүн капитал буюу хүний оюун ухааныг ашиглаад аж үйлдвэрийн салбараа хөгжүүлсэн. Технологио хөгжүүлсэн. Байгалийн баялгаа ашиглаад, нэмүү өртөг шингээгээд улс орноо хөгжүүлсэн. Жишээ нь, АНУ, Сканденовын улс орнууд, Норвег, Швед байна. Өнгөрсөн хугацааг сануулбал 2008 онд сонгууль болсон. 2008 оны долоодугаар сарын 1-нд МАН-ын байр шатаж байсан. Яг тэр өдөр зэсийн үнэ 9000 ам.доллар давж байсан. Гэтэл энд улс төрийн нөхцөл байдал ямар байлаа. 1929-1933 оныг хамарсан эдийн засгийн хямрал шиг хямарсан. Энэ хямралаар дэлхийн томоохон компаниуд, банкууд дампуурсан.
2011 онд зэсийн дэлхийн зах зээлийн үнэ өндөр байсан. Тэгэхэд манай улсын эдийн засгийн өсөлт, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт дэлхийд нэгт орсон. Өөрөөр хэлбэл 17.3 хувиар эдийн засаг өссөн. Эдийн засаг өндөр өсөхөөр улс орон сайхан болоод, хүн ам нь сайхан болчихдог юм байхгүй. Эдийн засгийн өсөлт бодит утгаараа өсөж байсан зүйл биш байсан. Эрдэнэт үйлдвэрийн баяжуулсан зэсийн орлого тонн нь 9000 ам.доллар болсон. Өнөөдрийнх шиг. Тэр нь зөвхөн үнийн өсөлтөөс бий болсон орлого байсан. 2014-2015 он хүртэл энэ их валютын орлогоос үүдэн улс төр, эдийн засгийн бодлогууд маш их алдаатай болж эхэлсэн. Халамж маш ихээр тараасан. Хүүхдийн мөнгө нэмсэн. Тэр үед гэнэтийн ашгийн 68 хувь гарч ирсэн. Шинээр гэрлэсэн хүмүүст 500 мянган төгрөг өгч байсан гэдэг ч юм уу, оюутнуудад тэтгэмж олгосон гэдэг ч юм уу. Орж ирсэн эдийн засгийн орлогоо бэлнээр тарааж байсан. Эцсийн үр дүнд 2015-2016 онд манай улсын эдийн засаг унасан.
Төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүнээс 10 хувь гаруйгаар хэтэрсэн. Төлбөрийн тэнцэл, урсгал тэнцлийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 16 хувьд хүрсэн. Маш их хэмжээний аж ахуйн нэгжүүд дампуурсан. Ажилгүйдэл нэмэгдсэн. Байгалийн баялгийн үнэ нэмэгдсэн ч түүнээс олсон орлогыг зөв менежмент хийгээд бодлоготойгоо уялдуулж төлөвлөхгүй бол эргээд энэ нь эдийн засагт дандаа хараал болж тусдаг. Өөрөөр хэлбэл, баялгийн хараал болдог. Тэгээд үндсэндээ 2019 онд Ковидын хямрал болсон. Түүнээс хойш дэлхийн эдийн засаг ерөнхийдөө буурсан үзүүлэлттэй байгаа. Ковид цар тахлаас үүдэн дэлхийн эдийн засаг агшсан. Өнөөдөр харин буцаад сэргэж эхэлж байгаа. Түүхий эдийн үнэ өсөж байна. Нөгөө талаасаа Ойрх Дорнод, АНУ, ОХУ, БНХАУ их гүрнүүдийн хооронд хэн дэлхийн нэг номерын улс вэ гэх өрсөлдөөн ширүүссэн. Энэ байдал нь улстөр, геополитикийн хүндрэлтэй асуудлуудыг бий болгож байна. Энэ цаашид 2030-2040 он хүртэл үргэлжлэх байх. Энэ хугацаанд манай улс ямар байх ёстой вэ гэдэг л байна.
-Ер нь ямар байх ёстой вэ?
-Энэ байдлаараа хүнд байдалтай л байна. 2016 оноос хойш өнөөдөр 2026 он хүртэл юу өөрчлөгдсөн бэ. Хүн ам өссөн, дарга нар, нам, гишүүд өөрчлөгдсөн. Амьдралын чанар өөрчлөгдсөн үү, сайжирсан уу. Эрчим хүчний салбараа ч авч явж чадахгүй байна. Эрчим хүчний салбар нь уначихсан. Эрүүл мэндийн салбар уначихсан. Боловсролын салбар уначихсан. Гэтэл энэ гурван салбарыг авч явахын тулд бидэнд санхүүгийн эх үүсвэр хөрөнгө хэрэгтэй. Санхүүгийн эх үүсвэрийг бий болгоё гээд гадаадаас их хэмжээний өр тавихаар өр нь дээшээ явчих гээд байдаг. Дотооддоо үйлдвэрлэл байхгүй. Харж байгаа юм нь хэзээ алтны үнэ, зэсийн үнэ өсөх вэ. Сонгууль болохоор нөгөө олсон хэдэн орлогоо 1072 хувьцааны ногдол ашиг шиг хүн болгонд 300 мянган, 500 мянган төгрөг болгоод тарааж байна. Тэр нь хүмүүсийн амьдралын чанарыг өсгөхгүй. Тиймээс эдийн засгийн үр ашгийг яаж нэмэгдүүлэх, орж ирсэн үр ашгийг зөв менежментээр хэрхэн зарцуулах, дунд болон урт хугацааны төлөвлөгөө хэрэгтэй байна. Мөн томоохон аж үйлдвэр байгуулах. Тэр нь хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байна, эдийн засгийг хэрхэн тэлж байна гэдгээр л хэмжинэ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!