
"Хэзээ хийсэн үйлийн үрээр Дарханы замтай учрав даа" хэмээн халаглаж байсан Л.Халтар сайдын түүхийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн давтахад ойр байна. Эрчим хүчний салбарт хүндхэн дүр зураг үргэлжилж буй энэ өдрүүдэд түүнээс өөр хүн "моод"-нд орж байгаа нь үгүй.
Харин бид энэ удаа түүний хөрөнгө орлого 2020-2024 оны хооронд хэрхэн өөрчлөгдсөнийг хүргэх гэж байна.
2008 оноос хойш парламентад тав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй түүний хувьд Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны дарга үргэлжлүүлээд Эрчим хүчний сайдын албыг хашиж байгаагаас үзвэл тэрбээр ёстой л нөгөө "сайдын ёндоо"-той нэгэн аж. Гэхдээ үүнд ёндоо нөгөө талдаа нам доторх "бийлэгжүү" байдал нь ч нөлөөлдөг байхыг үгүйсгэхгүй юм.
-ӨӨРИЙН ОРЛОГО-

2020 онд 5 тэрбум 26 сая төгрөг хэмээн мэдүүлж байсан түүний орлого 2021 онд 43 сая төгрөг болтлоо буурсан байх юм. Харин 2022, 2023 онуудад түүний орлого буцаад тэрбумын босго давсан буюу 2022 онд 1 тэрбум 543 сая, 2023 онд 10 тэрбум гэж мэдүүлжээ. Харин 2024 онд мэдүүлсэн ХОМ-тээ 5 тэрбум 62 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, 2024 онд орлого нь өмнөх оноос 4 гаруй тэрбумаар нэмэгджээ.
-ГЭР БҮЛИЙН ОРЛОГО-

Б.Чойжилсүрэнгийн гэр бүлийн орлого нь өөрийн орлоготой нь харьцуулахад харьцангуй бага. Тухайлбал, 2020 онд 80 сая, 2021 онд 71 сая төгрөг гэж мэдүүлж байсан гэр бүлийн орлого нь 2023 онд 680 сая төгрөг буюу өмнөх оноос 609 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин 2023, 2024 онуудад эрс буурсан буюу 57-63 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.
-ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ-

Үе үеийн гишүүд, сайд нарын ХОМ дундаас хамгийн сонирхолтой гэж хэлж болохоор ХОМ. Улсдаа томоохонд тооцогдох орон сууцны хорооллуудыг сүндэрлүүлж ирсэн гишүүн маань 2020 оноос хойшхи ХОМ-тээ автомашингүй гэж мэдүүлсээр иржээ. Тэгвэл энэ онд түүний шинэчлэн мэдүүлэх ХОМ-т автомашинтай болсон эсэхээ хэрхэн мэдүүлэх нь сонирхол татаж байна.
-ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ-

Б.Чойжилсүрэн сайд 2020, 2021 онуудад 365 сая төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцтай гэж мэдүүлж байжээ. Сонирхолтой нь, 2022, 2023 оны ХОМ-тээ ямар ч үл хөдлөх хөрөнгөгүй гэж мэдүүлсэн байх юм Бодвол тэрбээр "түрээсээр" амьдардаг гэх үг унагадаг гишүүдийн түүхийг давтаа юм болов уу. Харин 2024 оны ХОМ-тээ 944 сая төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцтай гэж мэдүүлсэн байна.
-ХАДГАЛАМЖ-

ХОМ ил болсон даруйд гишүүд маань гадаад болон дотоодод хэр их мөнгө хадгалдаг бол гэдэг нь олон нийтийн анхаарал татдаг. Тэгвэл Б.Чойжилсүрэн сайдын хувьд, 2020 онд 456 сая, 2021 онд 404 сая, 2022 онд 259 сая төгрөгийн дотоодын хадгаламжтай гэж мэдүүлж байжээ. Харин 2024 оны ХОМ-тээ 334 сая гэж мэдүүлсэн буюу 2020 оны дүнтэй харьцуулахад түүний хадгаламж 122 сая төгрөгөөр буурчээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!