
Өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатар хотод цахилгаан хязгаарласантай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар "Диспетчерийн үндэсний төв" ТӨХХК-д ажиллаж, бэлэн байдлыг нь шалгав.
Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар төвийн нэгдсэн системийн ачаалал 597 мВт. 30 орчим мВт импортын, баттерей хураагуурт 160 мВт-ын нөөцтэй байна гэж тус компанийн удирдлагууд танилцуулав. Амралтын өдрүүдэд цаг агаар харьцангуй тогтуун, хүйтний эрч сулрах төлөвтэй байгаа тул үүнийг ашиглаж нөөцөө нэмэхийг Ерөнхий сайд даалгав.

ДЦС4-ийн зуухны асуудал арилж, Бөөрөлжүүт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа тохиолдолд цахилгаан хязгаарлахгүй гэж тус төвийнхэн танилцуулав. Ерөнхий сайд Г.Занданшатар 24 цаг тасралтгүй ажиллаж буй инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийллээ.
Г.ЗАНДАНШАТАР: Бөөрөлжүүт цахилгаан станц нийлүүлэлтээ суурилагдсан хүчин чадалдаа (300 мВт) барина гэж мэдэгдсэн. Цаашид цахилгаан станцуудын өртөг зардлыг бууруулан үр ашгийг нэмэгдүүлж, технологийн норм, дүрэм, стандартыг дагаж байгаа эсэхэд давхар хяналт тавих хэрэгтэй. Технологи алдагдсанаас болж доголдол үүсэж байна. Хэрэглэгчдийг чирэгдүүлж болохгүй.
Эрчим хүчний ачаалал өнөө өглөөний 05:00 цагаас хойш тогтворжсон гэж "Диспетчерийн үндэсний төв" ТӨХХК-ийн удирдлагууд мэдээлэв. Өнгөрсөн өдрүүдэд системд чадлын дутагдал үүсэхэд эрсдлээс сэргийлж, хязгаарлалтын хамрах хүрээг тэлсэн гэж тайлбарлалаа. Ингэхдээ Улаанбаатар хотыг 16 хэсэгт хувааж, нэг удаадаа 60 мВт хэрэглээг хязгаарлах зохицуулалт хийж байжээ.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!