Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Ундармаа: Хүүхдүүд сайн байж л багш амжилт гаргадаг учраас тэр тухайгаа захидалдаа бичсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 4 секунд

Нийслэлийн зургадугаар сургуулийн бага ангийн багш П.Ундармаа шавь нартаа захидал бичиж, Монгол шуудангаар хүргүүлж шинэ жилийн гэнэтийн бэлэг барьжээ. Энэ талаар “Монгол шуудан” компани цахим хуудсаараа мэдээлсэн юм. П.Ундармаа багштай холбогдоход тэрбээр дөрөвдүгээр ангийн 43 шавь нартаа гараараа талархлын захидал бичиж, дүнгийн хамт явуулсан гэв. Түүнтэй ярилцахад багш хүний шавь нараа гэсэн сэтгэл мэдрэгдсэн юм.

-Таны хувьд багшийн мэргэжлээр хэдэн жил ажиллаж байгаа вэ. Өөрийгөө танилцуулахгүй юу?

-1997 оноос хойш 23 дахь жилдээ ажиллаж байна. Монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр сургууль төгссөн ч төгсөөд шууд л бага ангийн багшаар ажилд орсон. Зургадугаар сургуульдаа 23 жил ажиллаж байна.

-Одоо байгаа шавь нар тань хэд дэх удаагийн дааж авсан анги вэ?

-Миний дааж авсан зургаа дахь анги. Анх бага ангийг дөрвөн жилээр төгсгөдөг байсан. Одоо бол таван жилээр төгсгөж байгаа. Шавь нар минь ирэх жил бага ангиа төгсөнө.

-Захидал бичих бол том соёл хэдий ч одоо цахимжсан энэ үед орхигдоод байгаа. Та шавь нар руугаа захидал бичиж, шуудангаар илгээсэн. Энэ санаа яагаад төрсөн бэ?

-Захидал бичих хичээл гуравдугаар ангид ордог. Тухайн үедээ хүүхдүүддээ захидлыг хэрхэн бичдэг талаар нэгд нэгэнгүй тайлбарласан. Эхлэл нь ийм байдаг, дунд нь ийм юм оруулдаг, төгсгөхдөө ингэж бичдэг гээд л. Дөрөвдүгээр ангид бол захидлын талаар ганцхан цагийн хичээл ордог. Тэр үед нь ээж нь хүүдээ зориулж бичсэн захидлыг уншаад, задлаад өнгөрсөн.

Хэдийгээр одоо өдөр бүр зүүм аппликейшнээр холбогдож хүүхдүүдтэйгээ ярилцаж байгаа ч гэсэн зарим хүүхдүүд цахимаар холбогдож чадахгүй, боломжгүй байдаг. Хүүхдүүдийн 70-80 хувь нь л холбогддог. Тиймээс хүүхдүүддээ захидал бичээд явуулна даа гэж бодож л байсан.

Манай сургууль жил бүр нэг ажил санаачилж хэрэгжүүлдэг уламжлалтай. Энэ жил шавь нар руугаа захидал илгээх санаачилга ч гарсан. Үүнтэй холбоотойгоор хүүхдүүддээ гэнэтийн бэлэг барьж болох хувилбар бол захидал илгээх юм байна аа аа гэж бодсон л доо. Тэгээд ангийн группээр дамжуулан хүүхдүүдийнхээ одоо байгаа хаяг, аав, ээжийнх нь утасны дугаарыг авсан. 

Яагаад өнөөдрийг /баасан гараг/ сонгосон бэ гэхээр өнөөдөр л явуулахгүй бол маргааш нөгөөдөр амралтын өдөр учраас ирэх нэгдэхийг хүлээвэл энэ ондоо багтаж хүүхдүүдэд минь захидал очихгүй юм шиг санагдсан. Тэгээд өглөө гараад алхаж алхаж шуудангийн салбар ороод захидлуудаа явуулсан.

Хүүхдүүд багш аа дүн гарсан уу, би хэд гарсан бэ гээд их асууж байгаа. Дүнг нь гаргасан ч хэлээгүй байгаа учраас гэнэтийн бэлэг болох байх гэж бодсон. Одоо цагт цахимаар харьцаж, утсаар ярьдаг болсон учраас томчууд ч нэг нэгэндээ захиа явуулахаа больсон шүү дээ. Хүүхдүүдийг тоож захидал бичдэг хүнгүй болсон үед яг хаягаар нь өөрийнх нь нэр дээр захидал очихоор шавь нарт минь сайхан дурсамж болох байх аа. Би л гэхэд сүүлийн 10 жил Ундармаад гээд хаягласан захидал шуудангаар аваагүй байна.

-Хүүхдүүдийн дүнг илгээсэн гэж байна. Шавь нарт тань хүргэгдсэн захидал дээр юу юуг бичсэн бэ?

-Хүүхэд бүрдээ зориулж гараараа захидал бичсэн. Талархлаа илэрхийлсэн. Хүүхдүүд сайн байж л багш амжилт гаргадаг учраас тэр тухайгаа бичсэн. Та нарынхаа хүчээр багш нь амжилт гаргаж байгаа шүү гэдгээ илэрхийлэхийг хүссэн.

-Захидал хүлээн авсан шавь нараас тань гадна гэр бүлийнхэн нь их баярлаж байгаа нь таны фэйсбүүк дээр үлдээсэн сэтгэгдлүүдээс харагдаж байна. Шавь нар тань танд хэрхэн талархлаа илэрхийлж байна вэ?

-Захидлуудаа өглөө шууданд өгсөн. Үдээс хойш гэхэд хотын төвөөр байгаа хүүхдүүдэд захидал нь хүргэгдсэн байна. Манай ангийнхан хамгийн хол нь Хужирбуланд байгаа. Зуслан руугаа гарчихсан хүүхдүүд цөөнгүй байгаа. Ямар ч байсан шинэ оноос өмнө захидал хүргэгдэнэ гэсэн. Одоогоор бүрэн тараагдаж амжаагүй байгаа учраас захидлаа авсан хүүхдүүд баярлалаа багш аа гээд сэтгэгдлээ хэлж байна.

Миний гурав дахь төгсгөсөн ангийн охин БНСУ-д амьдарч байгаа. Тэр охин чатаар холбогдоод “Багшаа та мөн үү” гэсэн. Маскны цаанаас ч шавь нар маань таниад холбогдож байгаад их баярлаж байна. Хүүхдүүдийнхээ бичсэн сэтгэгдлийг хараад өөрөө баярлаад сууж байна.

-Та дээр сүүлийн 10 жил шуудангаар захидал хүргүүлж аваагүй гэсэн. Захидалтай холбоотой дурсамжууд сэтгэлд маш тод үлддэг юм шиг санагддаг. Таны хувьд захидал хүлээж авч байсан дурсамжуудаасаа хуваалцаач?

-Одоо тулгамдаад сайн санахгүй байна аа.

-Гэхдээ багш нар бол хамгийн их хайрын захидал авдаг хүмүүс шүү дээ...

-Тийм ээ. Өнгөрсөн жил захидал бичих тухай хичээл үзэхэд багш нарын баяр ч болж таарсан. Хүүхэд бүр хөөрхөн дугтуйтай захидал өгсөн. Бараг 40 гаруй захидал авсан. Шавь нарын маань ихэвчлэн бичсэн байсан зүйл нь “Уурлуулж, гомдоож байсан бол уучлаарай багш аа” гэсэн байсан.

-Таны шавь нартаа захидал илгээсэн талаар “Монгол шуудан”-гийн цахим хуудаст постолсон байсан дор хүмүүс үнэ ханшийг нь их асуусан байсан...

-Дугтуй худалдан авах, захидал илгээх хөлс нь нийлээд 1000 гаруй л төгрөг болсон. Хөл хорионы үед гэрээсээ ажлаа хийж байгаа ч цалингаа бүтнээр нь авч байгаа учраас 40 гаруй мянган төгрөгөөр шавь нараа баярлуулсан. Хөл хорио тогтоогоогүй байсан бол эцэг, эхчүүдтэйгээ хамтраад шинэ жилээр хүүхдүүдээ баярлуулах арга хэмжээ зохион байгуулах л байсан. Захидлыг шуурхай хүргүүлнэ гэвэл 2000 орчим төгрөг болох юм билээ. Гэхдээ бүх захидал шинэ оноос өмнө хүргэгдэнэ гэсэн учраас энгийн илгээмжээр захидлуудаа явуулсан.

-Хөл хориотой холбоотойгоор цахимаар хичээл зааж байгаа. Цахим хичээлтэй холбоотой хүүхдүүд хичээлээ нөхөж үзэж чадахгүй байна, зарим багш нь хараа хяналт тавихгүйгээс бүр хичээлээ хийхгүй байгаа хүүхэд ч байгаа гэсэн тоо гарсан. Таны хувьд хүүхдүүдээ 100 хувь цахим хичээлд нь хамруулах гэж ямар арга хэмжээ авч байна вэ?

-Манай дөрөвдүгээр ангийн хичээл UBS телевизээр өглөө 9 цагт гардаг. Түүнийгээ ангийнхаа групп дээр шээрлэчихдэг юм. Тэгээд эрт босдог хүүхдүүд шууд дамжуулалтаас нь үзээд хичээлээ хийчихдэг. Оройтож боссон хүмүүс нь ангийнхаа группээс хичээлээ үзээд хийдэг. Ингээд би өдрийн 13 цаг гэхэд хүүхдүүдтэйгээ зүүм-ээр холбогдоод хичээлээ ойлгосон уу, юуг ойлгоогүй зэргийг нь асууж, тайлбарлаад 14.30 цаг хүртэл хичээл хийдэг. 43 хүүхдээс өдөртөө 30-аад хүүхэд холбогддог.

-Та шавь нартайгаа өдөр бүр холбогддог уу?

-Тэгэлгүй яах вэ. Хүүхдүүд маань эхлээд теле хичээлээ хийчхээд ойлгоогүй зүйлээ асууна. Тайлбарлаад өгөхөөр “Өө багш аа, ийм амархан байсан юм уу” гэдэг.

Хүний бүтээсэн эд зүйлсийн масс дэлхийн биомассаас давна
Хүний бүтээсэн эд зүйлсийн масс дэлхийн биомассаас давна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.