
Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн, KIOCA Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Сөүлийн Үндэсний их сургууль хамтран “MONGOLIA–KOREA URBAN FORUM”-ыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү форум анх 2024 оны 8 дугаар сард БНСУ-д зохион байгуулагдсан бөгөөд энэ удаа Монгол Улсад амжилттай болж өндөрлөв. Арга хэмжээг Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Д.Эрдэнэбаяр нээж “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал-Хотын хөгжил” сэдвээр илтгэл танилцууллаа.

Форумаар Хархорум, Хүннү, Улаанбаатарын дагуул 14 хотын хөгжлийн үзэл баримтлал, хууль эрх зүйн орчин, цаашдын зорилтуудыг онцгойлон хэлэлцлээ. Хархорум хот нь Баруун бүсийн хөгжлийн тулгуур төв болж, түүх соёлыг хамгаалсан орчин үеийн хотын бүтцийг хөгжүүлэх, аялал жуулчлалыг идэвхжүүлэх замаар бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой. Хүннү хот нь эдийн засгийн чөлөөт бүс, тээвэр-логистикийн гол төв болж, үйлдвэрлэл, үйлчилгээ, орон сууцны дэд бүтцийг үе шаттай, ухаалаг, тогтвортой шийдлээр хөгжүүлэхээр төлөвлөжээ. Харин Улаанбаатар хот нийслэлийн төвлөрөл, түгжрэл, дэд бүтцийн ачааллыг бууруулахын тулд дагуул хотуудын бүтээн байгуулалттай уялдуулан дэд бүтцийн зохицуулалт, тээвэр, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлд анхаарч байна.
Форумын оролцогчид бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, орон нутгийн хөгжлийн уялдааг сайжруулах, дэд бүтэц, хүн амын өсөлт зэрэг асуудлыг иж бүрнээр шийдвэрлэх арга замуудыг хэлэлцэж, туршлага, санал бодлоо солилцов. Шинэ болон дагуул хотуудын бүтээн байгуулалт идэвхтэй өрнөж буй энэ үед форумыг зохион байгуулсан нь хотын хөгжлийн зөв чиглэлийг тодорхойлох, олон улсын сайн туршлагыг Монголд нутагшуулах боломжийг нээсэн чухал арга хэмжээ болсон гэдгийг оролцогчид онцолж байлаа.



Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!