Ухаа худагийн асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах, 10 тэрбум ам.долларын алдагдалтай гэх “Харбин”-ы хэлэлцээрийн асуудлаар АҮЭБ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Туваантай ярилцлаа.
-Ухаа худагийн асуудлаар түр хороо байгуулахаар УИХ-ын чуулган дээр гурван удаа санал хураасан ч маргаан үүсэж, хойшлуулаад байгаа. Ер нь энэ түр хороог байгуулах нь зөв юм уу. Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө шалгах гэж байна гэх асуудал ч яригдаж байна?
-Түр хороо байгуулах нь хуультай. УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд саналаа гаргаад Хянан шалгах түр хороогоо байгуулах бүрэн эрхтэй. Хуульд заагдсан учраас бид биелүүлэх л үүрэгтэй. Түр хороо байгуулж шалгаад явах нь УИХ-д шинээр нээгдэж буй боломж гэж харж байгаа.
-Олон нийт энэ түр хороог байгуулснаар яг юуг ил болгох гээд байгаа юм бэ гэж байна. Өмнө нь ч бусад асуудлаар түр хороо байгуулагдаад, нэг сонсгол хийсэн болоод өнгөрсөн. Тэдгээрийн адил л өнгөрөх юм биш үү?
-Монгол Улс бол парламентын засаглалтай орон. Төр барих, төсөв батлах, хяналт шалгалт хийх бүх эрх мэдэл парламентад байдаг. Энэ эрх мэдлийг л илүү нарийвчилж хэрэгжүүлэх гэсэн зорилготой. Үр дүнтэй, үр дүнгүй гээд янз бүр л байна. Мэдээж шинээр эхэлж байгаа учраас алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй. Сонсголын ажил бол тодорхой дүгнэлт гаргаад, дараагийн байгууллагуудад шилжүүлэх л асуудал шүү дээ.
-Төсвийн орлогоо нэмэгдүүлэх нэг мега төсөл бол Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төсөл-
-Таныг АҮЭБ-ийн сайдаар ажиллах үед хил холболтын төмөр замын буюу “Харбин"-ы гэх гэрээ байгуулагдсан. Нүүрсний хулгай 44 их наядын алдагдалтай бол энэ гэрээ 36 их наяд буюу маш их алдагдалтай гэдэг. Энэ яг ямар гэрээ байгуулагдсан юм бэ?
-Монгол Улс уул уурхайн орон. Та бүхэн төсөв хэлэлцэж буй энэ үед нэг зүйлийг анзаарч байгаа бол бид 32.9 их наяд төгрөгт баригдаад л “эргэлдээд” байна. Гэтэл багш, эмч нар цалингаа, ахмадууд тэтгэврээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэтгэмжээ нэмэгдүүлэхийг шаардаж байгаа. Үүнийг яаж нэмэх юм бэ. Хөрөнгө санхүү, хэтэвчинд байгаа мөнгөнийхөө хэмжээгээр л нэмнэ шүү дээ. Монгол Улс бол нэг айл. Тэр айл ирэх жил хэдэн төгрөг олох уу, тэрийгээ юунд зарцуулах вэ гэдгээ л зохицуулж буй асуудал. Тэгэхээр орлого нь хүрэхгүй байгаа биз дээ. Харин хүрдэг болгохын тулд хүссэн ч, эс хүссэн ч байгалийн баялгаа экспортолж, баялгийн сан болон төсөвтөө мөнгө олж байж л цалин, тэтгэврээ нэмэх боломж бүрдэнэ.
Байхгүй юман дээр мянган удаа жагсаад, төсөв дээр шаардаад шийдэгдэхгүй. Үүнийг сайжруулах нэг мега төсөл бол Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төсөл. Энэ нь шууд, шууд бус, ирээдүйд хийгдэх гэсэн гурван үндсэн хэсэгтэй хэлэлцээр. Энэ бол хэлэлцээр шүү, гэрээ биш. Дээрх хэлэлцээрийг байгуулах үндсэн чиглэлийг 12 зүйл заалттайгаар УИХ-аар баталсан. Энэ бүх заалтыг тусгаад, хоёр улсын Засгийн газар хооронд гарын үсэг зурсан. Улмаар хэлэлцээрийг буцааж авчраад, Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу УИХ-аар соёрхон баталж байж энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсон. Дээрх “Харбин“-ы хэлэлцээрийг 95-96 гишүүний оролцоотойгоор баталж байсан.
Энэ хэлэлцээрт гурван чиглэл бий. Тодруулбал, нүүрс худалдах, худалдан авах гэрээ, нөгөөх нь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал, гурав дахь нь төмөр замын хил холболтын асуудал. Эдгээрийн хоёрыг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Чайна Энержи” компани гүйцэтгэж байгаа бол гурав дахь ажлыг “Монголын Төмөр зам” ТӨХК Хятадын төмөр замын компанитай хамтран гүйцэтгэж байна. Нүүрс худалдах, худалдан авах гэрээг ЗГХЭГ-ын харьяа “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцдаг учраас илүү нарийвчлалтай мэдээллийг тэндээс тодруулах хэрэгтэй.
-Хямдралтай үнээр нүүрс авна гэсэн нэг ч зүйл олж хараагүй-
-“Харбин”-ы хэлэлцээрээр нүүрсний үнийг яаж тохирсон юм бэ. 55 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулахаар тохирсон нь их хэмжээний алдагдалтай гэгдэж байна. Таныг сайдаар ажиллаж байхад нүүрсийг хөнгөлөлттэй үнээр авах санал ирж байсан юм уу?
-Мэдэхгүй. Би бол дөрөв дэх ажлын хэсгийн дарга. Биржийн үнээр авъя, таван хувийн хямдралтайгаар авъя гэдэг нэг ч зүйл олж хараагүй. Тийм зүйл огт яригдаагүй. Нэг зүйл яригдсан нь, Хятадын талаас “Манайхтай урт хугацааны гэрээтэй дөрвөн компанийн нөхцлийг дордуулахгүйгээр бидэнд өгөөч ээ” гэсэн асуудал. Энгийнээр хэлбэл, таван хүн дэлгүүрээс талх авлаа гэхэд дөрөв нь нэг үнээр аваад, тав дахь нь өндөр үнээр авахгүй шүү дээ. Тиймээс тавууланг нь ижил үнээр өгөх асуудлыг л би мэдэж байгаа.
"Чалко", "Норинко", "Жайо" "Чайна Энержи" зэрэг таван компанийн урт хугацааны гэрээний үнэ яг адилхан байгаа. Өөрөөр хэлбэл гурван сар тутамд өөрчлөгддөг, томъёогоор бодогддог л үнэ байгаа. Тэр үнээ яаж бодох, борлуулах нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, "Чайна Энержи” хооронд хийсэн гэрээн дээр байгаа.
-Сайд асан Ч.Хүрэлбаатар “Лхагвын тойм” нэвтрүүлэгт ярихдаа “БЭТ-өөр ажиллаж байсан Ж.Ганбат “5-10 хувийн хямдрал үзүүлээч гэж байна” гээд надад танилцуулж байсан" гэсэн. Үнэхээр хөнгөлөлтийн асуудал огт яригдаагүй гэж үү?
-Хэрвээ Монголын тал ийм зүйл дээр тохирсон бол зогсоогоод дараагийн ажлын хэсгээ хүлээлгэж өгөхдөө “Манай өмнөх ажлын хэсэг ийм зүйлс дээр тохирсон шүү” гээд хэлэх ёстой. Яг үнэндээ, намайг ажлын хэсгийн дарга байхад ямар нэг байдлаар нүүрсний үнэ дээр тохирсон зүйл байхгүй.
-"Харбин"-ы хэлэлцээрийг зогсоовол энэ төсөл чинь дампуурна шүү дээ-
-Л.Оюун-Эрдэнэ “Бараг 20 жил гацсан төслөө буцаагаад гацаая гэж байгаа бол тэгье л даа” гэсэн. Хэрвээ энэ төсөл зогсвол ямар үр нөлөө гарна гэж үзэж байгаа юм бэ?
-Би ч гэсэн тийм саналтай байгаа. Зогсоовол тэгээд л энэ төсөл чинь дампуурна шүү дээ. Монгол Улс хамгийн дээд тал нь 85 сая тонн нүүрс гаргаж байсан. Үүн дээр “Чайна Энержи”-гийн таван саяыг нэмээд, 90 сая тонноор төсөөлж оруулж ирсэн. Харин энэ хэлэлцээр зогслоо гэж бодоход, “Чайна Энержи”-гийн таван сая тонн дутна. Хятадын талд нүүрсний экспортын асуудал дахиад яригдана. Улмаар Монгол Улсын төсвийн орлого дутаж, төсвийн тодотгол хийнэ гэсэн үг.
“Алаагүй баавгайн арьсыг 10 хуваана” гэдэг шиг зарагдаагүй байгаа нүүрсний мөнгийг тээврийн үнийг нь оруулахгүйгээр үржүүлж “10 тэрбум” гэж үлгэр яриад байгаа хүмүүс нь ярьсан зүйлдээ хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Мэдээжийн асуудал дээр худлаа ярьж, хүмүүсийн тархийг угаагаад байвал хоёр улсын Засгийн газар хоорондын анхны хэлэлцээр зогсоно. Хоёр улс хоорондын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт дээр ч асуудал үүсэх байх.
Монголын эдийн засагт яав ч хэрэгтэй зүйл биш. Эндээс Монгол Улс нэлээн хохирч үлдэнэ гэсэн төсөөлөлтэй байна. Хувь хүнээ бодвол, зохиомол гүтгэлэгт ороод байхаар заримдаа ч “Зогсоогоод больчихоосой” гэж бодох юм. Гэхдээ Монгол Улсад маш хортой зүйл болно.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!