Японы нийслэл Токио хотоос Нийгата муж руу үргэлжилсэн Канецу хэмээх хурдны зам цасанд боогдож, 1000 гаруй хүн машинтайгаа зам дээр хоножээ. Тус улсын төв болон хойд нутгуудаар их хэмжээний цас орж, 9 мянга гаруй айл өрх цахилгаангүй болсон байна.
Нийт 15 км орчим газар машинууд түгжирсэн бөгөөд хүмүүс ундны ус, хоол хүнсгүй хоножээ. Одоогоор Токиогоос гарсан чиглэлд автозамын түгжрэл арилсан бол Токио хотыг чиглэсэн хөдөлгөөн түгжрэлтэй хэвээр, түгжрэлд зогссоор байгаа зорчигч, жолооч нарт яаралтай тусламжийн багийнхан хүнс, шатахууны тусламж үзүүлсэн аж.
Түгжрэлийн үеэр 30 орчим насны эмэгтэй, 60 орчим насны эрэгтэйн бие муудаж, эмнэлэгт хүргэгджээ. Цаг агаарын гамшигт үзэгдлийн асуудлыг газар дээр нь ажиллаж шийдвэрлэхийг тус улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүга холбогдох албаныханд үүрэг болгосон байна.