Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай ярилцлаа
-Өнгөрөгч долоо хоногт "Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулагдсан. Сонсголын үеэр салбарын сайд нь оролцсонгүй гэдэг шүүмжлэл гарсан. Та үүнд ямар тайлбар хийх вэ?
-Миний бие БНСУ руу хоёр улсын Засгийн газар хооронд хийгдсэн гэрээ хэлэлцээр, санамж бичгийн хүрээнд томилолттой ажиллаж таарсан. БНСУ-ын хөрөнгө оруулалтаар манай Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяа Геологийн судалгааны төвийн дэргэд газрын ховор металлын судалгааны лаборатори шинээр ашиглалтад орох гэж байгаа юм. Энэхүү лабораторийн хөрөнгө оруулагчид болон сургалт зохион байгуулах мэргэжилтнүүдтэй уулзахаас гадна газрын ховор элемент чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэй байгууллагуудтай уулзахаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралын хамтаар томилолтоор яваад ирлээ. Энэ нь төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмын хүрээнд гадаад улстай хийсэн гэрээ хэлцэл дэх хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг юм. Зарим гишүүд мэдээлэлгүй байсан байж магадгүй.
-Ер та салбарын сайдын хувьд газрын ховор элементийн асуудалд ямар байр сууринаас хандаж байна вэ?
Манай улс нүүрс гэх ганцхан түүхий эдээс хамааралтай эдийн засагтай болчихсон. Дэлхий даяар газрын ховор элемент болон зэстэй холбоотой асуудалд анхаарал хандуулж, ярьж байна. Манай улс ч энэ чиглэлд тодорхой бодлоготой ажиллах ёстой. Нэг уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай байгаагаас эдийн засаг маань түүнийг дагаж савлаад байна шүү дээ. Энэ нь байгалийн баялагтай улсуудад байдаг сөрөг үр дүн. Үүнийг арилгахын тулд юун түрүүнд бидэнд мэргэжлийн бодлого хэрэгтэй. Ингэхдээ дэлхийн зах зээл дээр өрсөлдөх өөр нэг бүтээгдэхүүнийг гаргаж ирж, эдийн засгийн уналт босолтын үед тогтвортой байдлаа хангах ёстой. Үүнийг Австрали улс ч хийдэг. Тус улс нь зэс, төмөр болон бусад элементүүдтэй. Канад ч ялгаагүй. Олборлох салбарын бодлогыг зөв зүйтэй хэрэгжүүлж байгаа улс орнуудаас бид суралцах ёстой. Энд мэргэжлийн судалгаанд суурилсан бодлого л хэрэгжиж байгаа шүү дээ.
Тэгэхээр газрын ховор элемент нь манай эдийн засгийн дараачийн нэгэн суурь болох ёстой юм. Бид эдийн засгаа төрөлжүүлнэ гэж ярьдаг. Тэгвэл эхний ээлжинд бид уул уурхайгаар хоолоо олж иддэг үндэстэн гэдгээ ойлгох хэрэгтэй.
Хоёрдугаарт, нэг бүтээгдэхүүнийг "шүтсэн" бодлого явуулах нь маш хортой, эмзэг. Тиймээс уул уурхайн салбар дотроо төрөлжих ёстой. Өөрөөр хэлбэл, бусад бүтээгдэхүүнийг гаргаж ирэх ёстой. Түүний нэг нь газрын ховор элемент. Түүнчлэн төмөр, зэс гээд бүтээгдэхүүнүүд бий. Ингэж байж л эдийн засаг маань ямар нэгэн хүндрэлтэй нөхцөл байдалд унахгүй, орлого тогтворжих суурь нөхцөл бүрдэх юм. Өнгөт металлын үнэ өсөхөөр нүүрсний үнэ буудаг. Харин нүүрсний үнэ өсөхөд өнгөт металын үнэ тогтворждог зүй тогтолтой явж байгаа. Тэгэхээр энэ зүй тогтлын дүнд бид тогтмол орлоготой явна л гэсэн үг. Тийм учраас газрын ховор элементийг салбарыг дэмжихээс өөр гарцгүй.
-Та хэдийгээр сонсголд оролцоогүй боловч сонсголоор хэлэлцүүлсэн асуудал, шинжээчийн дүгнэлт зэрэг мэдээллүүдтэй танилцаж, дүгнэлт хийсэн болов уу гэж бодож байна. Тэр тусмаа олон нийтийн байр суурь дээр?
-Ажил авснаасаа хойш бодлого боловсруулах чиглэлд нь анхаарч буй зүйлсийн маань нэг нь энэ. Манай салбар бол иргэд, Засгийн газар, компани ААН гэсэн гурван талын тэгш харилцаан дээр л тогтдог салбар. Энд хамгийн "хөдөлгөөнтэй" нь ААН компаниуд байгаад байдаг. Төр зохицуулах үүрэгтэй. Харин мэдээлэл сайн хүрдэггүй хэсэг нь ард иргэд байгаад байдаг. Үнийг олон улсад нийгмийн зөвшөөрөл авах гэж ярьдаг. Нийгмийн зөвшөөрөл авахын тулд ААН-үүд ард иргэдтэйгээ маш сайн ойлголцож, мэдээлэл өгдөг байх ёстой. Ер нь хүний натур, төрөлх чанар нь юу вэ гэхээр, өөрийн мэдэхгүй танихгүй зүйл дээрээ эсрэг байр суурийг илэрхийлэх. Тэгэхээр ойлголт мэдээлэл өгөх түүнийг зохион байгуулах ажил нь төрийнх. Түүнд идэвх, санаачилгатай оролцох нь хувийн хэвшил, ААН-үүдийн ажил. Үүнийг хүлээж авах хэсэг нь ард иргэд. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн үүсэж буй асуудал нь нийгмийн зөвшөөрлийг авах асуудал зөв менежментээр яваагүй, төр өөрийнхөө ажлыг зөв хийхгүй байгаагийн үр дүн. Тиймээс
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас салбараа зөв ойлгуулах тухай асуудлыг л яриад байгаа юм. Ер нь эдийн засаг нь 80-90 хувиар олборлох салбараас хамааралтай байдаг улс орнуудын номер нэгдүгээрх бэрхшээл бол нийгэмтэйгээ ойлголцох асуудал. Тэгэхээр хувийн хэвшлээ ард иргэдтэйгээ ойлголцуулах ажлыг төр өөрөө удирдан манлайлах ёстой.
Үүний тулд төр иргэддээ ойлгуулах, таниулах чиглэлд бодлогыг хэрэгжүүлж байж салбар өөрөө амжилттай явна. Тоног төхөөрөмж, техник, хөрөнгө оруулалтын бэрхшээл бол шийдэж болох асуудал. Харин нийгмийн зөрчилдөөнийг шийднэ гэдэг бол уул уурхайн салбарт шинэ тутам орж ирж байгаа бэрхшээл. Олон улсын эрсдэлийн удирдлагын байгууллагуудаас ч сүүлийн арван жилд хамгийн өндөр өсөлттэй явж байгаа эрсдэлээр үүнийг судалж тогтоосон байдаг. Тиймээс зөрчилдөж байгаа асуудал дээрээ шинжлэх ухаанч, зөв зүйтэй мэдээллийг хүргэх чиглэлд төр иргэд, хувийн хэвшилтэйгээ нягт ажиллах ёстой.
Эхлээд ард иргэд нь ойлгохгүй байж байгаад шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгааг танилцуулсны дараагаар дэмжлэг авсан олон төслүүдийн жишээг би хэлж чадна. Тэгэхээр энэ чиглэлдээ л ажиллах ёстой. Шууд хаах ёстой гэдэг хандлагаар энэ салбар явдаггүй.
-Ер нь бид эрдсийн салбарын түүхий эдээ төрөлжүүлэх шаардлагатай талаар олон жил ярьж ирсэн л дээ. Гэвч газрын ховор элемент дээр л гэхэд цаашид яг ямар бодлого барих вэ гэдгээ тодорхой болгоогүй гэх шүүмжлэл байна. Тэгэхээр сайд аа, бид энэ чиглэлд ямар бодлого барих юм бэ?
-Би ажлаа хүлээж аваад гурван сар л болж байна. Энэ салбарт шинэ тутам орж ирж байгаа бодлогыг эхнээс нь бэлтгээд явж байна. Судалгаа шинжилгээний ажлууд ч үргэлжилж байна. Олон улсын байгууллагуудтай ч уулзаж байгаа.
Газрын ховор элемент дээр Монгол Улсын баримтлах байр суурь тодорхой болгож, хуульд өөрчлөлт оруулах бэлтгэл ажлаа хангаж байна. Үндэсний бодлогын баримт бичигтэй болно.
Ер нь бид нэг ерөнхий зарчмыг сайн ойлгох хэрэгтэй. Дэлхийн улс орнууд энэ чиглэлд бүгдээрээ явцгааж байна. Ард иргэд, тэдний эрүүл мэнд болоод нийгэм, эдийн засгийн орчинг хамгийн хохирол багатай, ашигтай, өгөөжтэй байх чиглэлд төсөл хөтөлбөрүүдээ явуулах нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын үүрэг, үндсэн ажил.
-Бид ирээдүйнхээ өмнө "нүгэл" үйлдэж байна. Тиймээс хайгуулын лицензийг чөлөөлөх ёстой-

-Уул уурхайн салбарынхны дунд хүлээлт үүсгэж буй эрх зүйн шинэчлэлийн нэг бол Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт. Нэмэлт өөрчлөлт байдлаар боловсруулж өргөн барихаар бэлтгэж байгаа талаар та өмнө дурдаж байсан. Хэзээ өргөн барих төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Энэ намрын чуулгандаа багтаан өргөн барьж, хэлэлцүүлэхээр хуулийн төслөө бэлтгэж байна. Үзэл баримтлалыг нь батлуулах ажил явагдаж байгаа. Дараагаар нь олон нийтийг хамарсан хэлэлцүүлгийг явуулна.
-Намрын чуулган эхэлснээс хойш зарим гишүүд хайгуулын ажлаа эрчимжүүлэх ёстой талаар асуудлыг нэлээдгүй хөндөх боллоо. Гэтэл уул уурхай хөгжсөн улс орнуудад хайгуулын лиценз нь ашиглалтын лицензээсээ өндөр байдаг. Харин манайд энэ байдал эсрэгээрээ буюу ашиглалтын лиценз нь их. Ийм "гажуудал" уул уурхайн салбарт бий болчихсон байгаа энэ нөхцөлд хайгуулын ажлаа яаж эрчимжүүлэх вэ. Хуулийн төсөлд энэ талын өөрчлөлт багтсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Энэ нь салбар гэхээсээ илүүтэйгээр Монгол Улсын бодлого болохгүй байгаагийн шинж. Тэр дундаа популизм, улс төрийн сөрөг нөлөө гэсэн үг. Өнөөдөр та бид 1990 оноос өмнөх хайгуул, судалгааны ажлын бодит үр дүнгээр амьдарч байна. Өдрөөс өдөрт нөөц багасаж байгаа.
Гэтэл ирээдүйд үр хойчийн маань эдэлж хэрэглэх, олборлож ашиглах, мөнгө олж эдийн засгаа тэтгэх орд газруудыг судалж тогтоох ажил одоо л хийгдэж байх ёстой. Харамсалтай нь бид энэ ажлаа хийхгүй, ирээдүйнхээ өмнө нүгэл үйлдэж байгаа.
Саяхан уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн дэргэд Оюут хэмээх орд дээр очиж, хамгийн сүүлийн өрөмдлөгийнх нь ажлын гэрч болоод ирлээ. Энэ орд гэхэд, 1972 оноос хойш буюу 53 жилийн турш судалгаа шинжилгээ, хайгуул, өрөмдлөг, тооцоолол нь хийгдсээр одоо л орд болох дүр төрх рүүгээ орж ирж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, улс орныг авч явах хэмжээний орд болохын тулд хагас зууныг дамжиж явдаг. Энэ бол асар их хөрөнгө оруулалт, цаг хугацаа, тэвчээр шаарддаг ажил. Гэтэл өнөөдөр бид хайж, бэлдэж эхлээгүй байгаа хэр нь ирээдүйн Оюутолгой, Тавантолгойг бий болгоно гээд дайраад байна.
Манайх шиг уул уурхайтай мөртлөө ашиглалтын лиценз нь хайгуулынхаасаа давчихсан улс дэлхийд байхгүй. Тиймээс хайгуулын лицензийг чөлөөлөх ёстой. Хөрөнгө оруулалтыг татах ёстой. Шинэ хайгуулын орчныг бий болгох ёстой. Тэгэхээр энэ чиглэлд хууль эрх зүйн орчны өөрчлөлт орж ирнэ.
-Хайгуулын лицензийг чөлөөлөх талаар өмнө та ярилаа. Гэтэл хайгуулыг эрчимжүүлье гэхэд тулгардаг гол асуудал нь орон нутгийн иргэдийн эсэргүүцэл шүү дээ. Үүнд ямар бодит шийдэл байна вэ?
-Хэдэн үеэрээ нутаглаж ирсэн өвөлжөө, хаваржаа, малын бууц, хашаа хорооных нь газрыг хөндлөө гэж бодъё. Ард иргэд нь улс орноо бодоод түүнийг зөвшөөрье гэж бодъё. Гэтэл эргээд тухайн иргэдэд очиж буй үр өгөөж нь юу вэ. Сургууль ч үгүй, цэцэрлэг ч үгүй. Зам, гэрэл, эмнэлгийн үйлчилгээ байхгүй. Ийм байхад иргэд уурлахаас өөр яах билээ. Зөв шүү дээ. Тэгэхээр энэ нь өөрөө уул уурхайн салбарын гэхээс илүүтэйгээр энэ салбараас орж ирж байгаа орлогын хуваарилалтын асуудал. Энэ чиглэл дэх менежментийг зөв болгох ёстой.
Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтийг дагаж орж ирэх том өөрчлөлт бол АМНАТ-ын тодорхой хувийг аймаг, сум, багт нь итгэлцүүрээр түлхүү олгодог зарчим руу шилжих явдал.
Уул уурхайгүй аймгуудыг зарлаад л байдаг. Гэтэл бусад аймгуудын олборлосон уул уурхайн бүтээгдэхүүний орлогоор аймаг, сумдаа сургууль цэцэрлэг барьчхаад бид мундаг байна гэж яриад байж болохгүй. Өөрийн газар орондоо хариуцлагатай, олон улсын стандартыг мөрдсөн компаниудтай олборлолтоо хамтарч хийгээд, түүнээс олсон орлогоосоо хүртэх бодлого баримтлахгүй бол тухайн орон нутаг дахь хөрөнгө оруулалтын хэмжээ ялгаагүй буурна. Хамаг баялгаараа монголыг тэжээж түүний хариуд суманд нь сургууль ч байхгүй байж болохгүй. Гэтэл нөгөө талд нэг ч уул уурхайн олборлолтыг зөвшөөрөхгүй гэж зарласан аймаг нь хамгийн их зам, сургууль цэцэрлэг бариулчхаад суугаад байж болохгүй. Энэ байдлыг л шударга болгох ёстой.
-Зэсийн АМНАТ-тэй холбоотой өөрчлөлт багтаж байгаа юу?
-Орно. АМНАТ, газрын ховор элемент буюу чухал ашигт малтмалын салбарт ямар бодлого баримтлах вэ гэдгээ хуульд тусгана.
-Өнгөрөгч наймдугаар сард "Эрдэнэ" үйлдвэр энэ АМНАТ-ийн асуудлыг хөндөж байсан. Тэр дундаа зэсийн өндөр АМНАТ-өөс болж хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байна гэж үйлдвэрийн захирал ч ярьж байсан. Зэсийн АМНАТ-ийг бууруулах боломжийг хэрхэн судалж, харж байгаа вэ?
-Бидний хувьд зах зээлд тэлэлт хийж, эдийн засгаа тогтворжуулах дараагийн салбар бол зэс. Зэсийн хөрөнгө оруулалтыг гацааж буй ганц зүйл бол дэлхийд байхгүй 21.6 хувийн АМНАТ. Үүнийг уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ганцаараа төлж байгаа. Ийм өндөр АМНАТ-тэй улс оронд хэн ч орж ирж хөрөнгө оруулалт хийж, төслүүдээ явуулахгүй. Үүний дүнгээр Цагаан суварга, Хармагтай гэх мэт томоохон ордууд нээгдэж чадахгүй байна. Тайлан тооцоогоо өгч чадахгүй байна. ТЭЗҮ-гээ хийлгэж чадахгүй байна. Эдгээрээс шалтгаалж томоохон ордууд ашиглалтад орохгүй, хүлээлгэд байна. Тэгэхээр зэсийн АМНАТ-ийг олон улсын жишиг рүү нь оруулж, өрсөлдөх хэмжээнд аваачих хэрэгтэй. Ингэж байж зэсийн салбарыг өөд нь татаж чадна.
-Энэ мэт уул уурхайн салбарын асуудлын цаана гол хөндөгддөг асуудал бол хөрөнгө оруулалтын орчин. Ирэх жил Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчилж чадахгүй бол "Монголын эдийн засгийн форум"-ыг хийхгүй гэдгээ ч ЭЗХ-ийн сайд мэдэгдэнэ лээ. Тэгэхээр танай одоо өргөн барихаар бэлтгэж буй Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт гадаадын хөрөнгө оруулагчдад таатай мессеж болж хүрч чадах болов уу?
-Тийм ээ. Ерөөсөө л хайгуулын лицензийг чөлөөлөх асуудал байгаа. Зөвшөөрөл олгох асуудал нээлттэй болно. Хоёрдугаарт, АМНАТ орон нутгийн иргэдэд ээлтэй зүйл болно. Гуравдугаарт, чухал ашигт малтмалын томьёолол түүнд Монгол Улс ямар бодлого баримтлах вэ гэдгийг оруулж ирнэ. Дөрөвдүгээрт, нутгийн иргэдтэй ойлголцох асуудлыг тодорхой болгож хувиргана. Тавдугаарт, уул уурхайн нөхөн сэргээлттэй холбоотой асуудал илүү хариуцлагажиж үр дүнтэй болж ирнэ. Энэ мэт өөрчлөлтүүд Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөөр орж ирнэ.
Манай улсын хувьд хийсэн гадаадын хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээгээ мөрдөж, араас нь хууль буцаж үйлчилдэг нөхцөл байдалд орохгүй байх тухай асуудлыг оруулж ирэх талаар Ерөнхий сайд, Тэргүүн Шадар сайд нар байр сууриа илэрхийлж байгаа. Ингэхгүй бол манайд хөрөнгө оруулалт орж ирэхгүй.
Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид дэлхийд ганцаараа зэс, төмөр, нүүрс, газрын ховор элементтэй орон биш. Дэлхийн 80,90 гаруй орон ийм баялагтай. Бид өрсөлдөж байгаа. Нэг ёсондоо "уралдаан"-д давхиж яваа.
Энэ уралдаанд бид тэсэж үлдэх үү эсвэл алтан дээр суусан гуйлгачид шиг байгаа зүйлээ олборлож чадахгүй улстөржөөд, бие биенээ "барьж идэх" гээд суух уу гэдэг нь бидний л сонголт. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, яамны зүгээс олон улсын жишиг рүү нь нийцүүлсэн өөрчлөлтийг өргөн барьж, УИХ руу оруулж ирнэ. Үүнийг батлах эсэх асуудал нь УИХ-ын асуудал болж байна гэсэн үг.
-Монгол орны байгалийн баялаг ард иргэдэд үр өгөөжтэй байх ёстой болохоос хулгайч нарт өгөөжтэй байх учиргүй-

-Энэ цаг мөчид Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаад хоног болжээ. Таны хувьд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдсоноос хойш гол тулгуу анхаарч ажилласан ажлуудаа юу гэж дүгнэх вэ. Хэр ажиллав?
-Хууль эрх зүйн өөрчлөлтөөр хөрөнгө оруулагчдад ээлтэй, уул уурхайн хайгуул судалгаа эрчимжсэн, дараа дараачийн орд газруудыг нээж ирээдүйн үр хүүхдийнхээ хэрэглэх орд газруудыг нэмэгдүүлэх чиглэлд алсын хараагаа тодорхойлж ажиллана. Энэ нь байгаль болоод ард иргэдэд ээлтэй бодлого байх учиртай. Өнгөрсөн 90 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаасаа гурван ажлыг онцлон хэлмээр байна.
Нэгдүгээрт, алтны хууль бус олборлолттой холбоотой асуудлыг цэгцлэх чиглэлд Засгийн газрын шийдвэрийг гаргууллаа. Үндсэндээ хууль бус олборлолтыг явуулахад орон нутгийн удирдлагатай хуйвалдсан байж болзошгүй нөхцөл байдлыг таслан зогсоох ажлын хэсэг гаргах шийдвэрийг гаргуулсан. Монгол орны байгалийн баялаг ард иргэдэд үр өгөөжтэй байх ёстой болохоос хулгайч нарт өгөөжтэй байх учиргүй. Энэ асуудлыг шийднэ.
Хоёрдугаарт, ухаад шууд экспортолдог буюу түүхий эдийн орон байхаасаа илүүтэй үйлдвэрлэдэг орон байх тухай асуудал яригдаж байна. Намайг ажил авч байх үед үйлдвэржилт, баяжуулалтын үйл ажиллагаа бүрэн зогсчихсон байсан. Нийт улс орны хэмжээнд 47 боловсруулах үйлдвэр ажилгүй зогсож байсан. Ийм хэр нь бид ирээдүйд үйлдвэржилтийн орон болно, боловсруулдаг орон болно гэх уриалаад, лоозондоод байдаг. Бодит байдал дээр энэ салбараа боогоод унагаачихсан шийдвэрүүдтэй байна. 100 орчим сая долларын боловсруулсан бүтээгдэхүүн хил дээр гаалийн бүрдүүлэлт хийж чадахгүй гацсан нөхцөл байдалтай байсан. Үүнийг Засгийн газар руу оруулж, тогтоол тэмдэглэл гаргуулж, боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хоолойг нь боогоод байсан гацааг арилгах шийдвэрийг гаргасан. Одоо үүн дээр баримтлах журмыг Засгийн газар руу оруулахаар бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн салбараа дэмжсэн бодлогыг боловсруулж байгаа.
Гуравдугаарт, нүүрс, төмөр, жоншон дээр гэхэд үнэ 40-50 орчим хувиар унаад ААН-үүд маань хүндрэлтэй нөхцөл байдалд орчихсон байгаа. Гэтэл нөгөө талд нь жишиг үнэ гэж бодит үнээс нь хэт өндөр үнээр АМНАТ авдаг байсан бол одоо монголын өөрийн дотоодын биржийн үнээр үнээ тогтоон, шударга зарчмаар худалдаалдаг тогтолцоо руу шилжүүлсэн тогтоолыг гаргуулж чадлаа.
Дөрөвдүгээрт, манай салбарт байгаа хүнд суртлыг арилгах чиглэлд ажлууд хийгдсэн. Тодруулбал, түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайргыг хайх, олборлох, тээвэрлэх асуудлын шийдвэр 65-120 хоногт гардаг байсан бол манай яамнаас оруулж батлуулсан журмын хүрээнд 15 хоногийн дотор шийдвэрлэж, аймгийн Байгаль орчны газар ААН, АМГТГ-тай хамтарсан гэрээ байгуулаад шууд ажилдаа ордог болсон. Энэ нь бүтээн байгуулалтыг эрчимжүүлсэн нөгөө талдаа төрийн дарамтыг бууруулж, хүнд суртлыг арилгасан том шийдвэр юм. Эдгээр ажлуудыг 100 хоногийн голлох ажил гэж нэрлэж болох байх гэж бодож байна. Цаашид хууль эрх зүйн тодорхой өөрчлөлтүүдийг хийгээд явна.
Ярилцсанд баярлалаа