Персийн буланд өрнөж буй АНУ-ын цэргийн тусгай ажиллагаатай холбоотойгоор тухайн бүс нутагт ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн аюулгүй байдал хөндөгдөж эхэлсэн. Үүнээс гадна “МИАТ” ТӨХК-ийн нисэх багийн нисгэгч, бүхээгийн ажилтан, инженер техникийн ажилчид нийлсэн 14 хүнийг аюулгүй бүсэд шилжүүлэх шаардлага үүссэн билээ.
Бид үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан "МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнтэй утсаар холбогдож, тодруулга мэдээлэл авлаа.
-Танай нисэх бүрэлдэхүүний 14 ажилтан эрсдэлтэй бүс нутагт байгаа талаар мэдээлэл гарсан. Эдгээр ажилчдаа хэрхэн аюулгүй бүсэд шилжүүлж, эх оронд нь авч ирэх вэ?
-Бахрейн Улсад манай байгууллагын нисгэгч, бүхээгийн ажилтан, инженер техникийн ажилчид нийлсэн 14 хүн бий. Тус улсад нөхцөл байдал хүнд байгаа учраас бид нэн түрүүнд ажилчдаа аюулгүй бүсэд түр шилжүүлээд байна. Бидний дараагийн алхам бол Бахрейн, Кувейт, Катар зэрэг улсууд агаарын хилээ хаасан учраас Саудын Арабаас виз хүсэж, виз гарсан тохиолдолд дээрх 14 ажилтныг газраар тээвэрлэх юм. Үүний дараа Саудын Арабаас нислэг үйлдэн эх оронд нь авчрах төлөвлөгөөтэй байгаа. Одоогийн байдлаар ямар нэг аюул эрсдэлд өртөөгүй.
-14 ажилтнаас гадна энгийн иргэдийг хэрхэн аюулгүй бүсэд болон эх оронд нь шилжүүлэх асуудал хөндөгдөж байна. Энэ талаар ямар ажил хэрэгжүүлж байгаа вэ?
-Дээр дурдагдсан улсуудад байгаа Монгол Улсын иргэдийг эх оронд нь хэрхэн авчрах гарц шийдлийг Гадаад харилцааны яаманд танилцуулахаар бид ажиллаж байна. Тус яаманд танилцуулсны дараа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дараа бид тусгай үүргийн нислэгээр иргэдээ эх оронд нь авчрах ажлыг зохион байгуулна.
-Энэ долоо хоногтоо шийдэгдэх болов уу?
-Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх эсэх тов гараагүй байгаа учраас тэрийг хэлж мэдэхгүй байна. Ямартаа ч бид Гадаад харилцааны яаманд танилцуулахаар бэлтгэж байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!