
Бага насандаа хүүхэд багачуудын үзэх дуртай Ами, Тами нэвтрүүлгийн хөтлөгч Тамигийн дүрээр дэлгэцэд үлдсэн "Ацаахийморь" киноны гол дүр жүжигчин П.Ихэрбаяртай ярилцлаа.
-"Ацаахийморь" гэх нэртэй олон ангит кино үзэгчдийн дунд сэдэв болон яригдаж, цахим орчинд таны зураг, миймүүд их явж байна. Анх кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авч байв. Зохиолоо уншиж танилцаад ямар төсөөлөл бууж байсан бэ?
-"Ацаахийморь" киноны зураг авалт 2025 оны наймдугаар сарын эхэн долдугаар сарын сүүлээр эхэлж байсан юм. 45 хоног зураг авалт үргэлжилсэн. Хамгийн анх 2025 оны дөрөвдүгээр сард байх найруулагч Амараа ах залгаад "Зургаа явуул" гэсэн. Жаахан байж байгаад эргүүлж залгаад "Шинэ кино төсөл эхэлж байгаа. Би кастин найруулагч, продюсероор оролцож байгаа юм. Чи гол дүр шүү. Чам руу зохиол явуулна. Сумын цагдаа Риймэдийг уншаарай" гэсэн. Би хариу хэлж чадахгүй гацчихсан. Амараа ах "Чи яав аа" гэхээр нь "За баярлалаа ахаа" л гэж хэлж амжсан. Өмнө нь Шалз киноны нэгдүгээр найруулагчаар ажиллаж байсан болохоор Амараа ахтай танилууд байсан. Анх зохиолоо уншаад үзэхэд маш гоё санагдсан. Яагаад гэвэл өмнө нь монголд хийгдэж байгаагүй жанр. Дарк комеди. Уншиж байхад л надад дүрслэлүүд нь бууж байсан л даа. Тэгээд л энэ ер нь маш өөр төрлийн кино болох нь гэсэн догдлолтой л уншсан.
-Та киноны дүр нь нэлээд бор харагдсан. Ингээд харахаар их цагаан хүн юм. Киноны дүрдээ зориулж тэгж хувираа юу?
-Уг нь би цагаан л даа. Нүүр жаахан борлосон ч миний цээж, хөл, гарын шуу цав цагаан. Манай make up Тогосоо, Саруул гэж авьяастай охид бий. Тэр хоёр маань хоёр бор крем дуусгасан. Миний нүүрэнд ч түрхээд л шорт өмсөхөөр хөлөнд түрхээд, гар хүзүү гээд л түрхээгүй газар байхгүй байх. Сүүлдээ зулайд хүртэл түрхсэн. Миний дүрийг Амараа ах иймэрхүү анзааны хүндээ л гэж бодож сонгосон байх. Надаас өөр л дөө. Гэхдээ тийм айхавтар өөр бас биш. Тэхдээ тэс ондоо бас биш. Риймэдийн дүрийг уншаад Ихэрээ л тохирч магадгүй гэж бодож сонгосон байх. Риймэд чинь ер нь далий хүн шүү дээ. Түүгээрээ л өөр болохоос цагаан цайлганаараа адилхан болов уу гэж бодож байна. Гэхдээ Риймэдийг бодвол Ихэрээгээрээ би хамаагүй санаатай л даа /инээв/. Яг Риймэд шигээ тийм далий хүн ч бас биш /инээв/.
-Таны сахал бас их өвөрмөц харагдсан. Нүүр хувиргалт уу?
-Намайг сахлаа ургуул гэсэн. Миний сахал угаасаа тэгж ургадаг. Тэгж ургуулаагүй жил болчихсон байснаа гэнэт ургуулах тушаал аваад ургуулсан. Хүмүүс "Чи өөрийнхөө сахалтай тоглосон юм уу" гэж зөндөө асуусан. Тийм гэхээр ямар аймар ургадаг юм бэ гэцгээнэ. Тэр миний жинхэнэ сахал /инээв/.
-Таныг тэрхүү кинонд тоглосны дараа Ами, Тами нэвтрүүлгийн хөтлөгч хүү ийм том болжээ гэсэн зураг яваад байсан. Тухайн нэвтрүүлгийн хөтлөгчөөр хэрхэн сонгогдож байв. Багын дурсамжаасаа хуваалцаач?
-Би гуравдугаар ангидаа Хүүхдийн ордны драмын дугуйланд орж, Ө.Нямсүрэн багшийн шавь болсон. Тэнд ерөнхий боловсролын сургуулиа төгстлөө есөн жил суралцсан. Ингээд есдүгээр ангиа төгссөн Динозавр хүүхэлдэйн киног хүншүүлээд Амина, Тамираа гэж нэртэй болоод явах юм байна. Эмэгтэй хөтлөгчөө сонгочихсон, эрэгтэй хөтлөгчийн проб зарлаж байгаа гээд манай дугуйлд ирсэн юм. Түүнд нь проб өгч, тэнцээд тэр зунаа хийгдээд аравдугаар ангид ороход цацагдаж байсан. 12 дугаар анги хүртлээ хөтлөгчөө хийсэн. Тэгээд оюутан болоод, сахал ч ургаад, хөгшрөөд хасагдсан /инээв/. Дараагийн хоёр хүүхэд орж ирсэн. Одоо бол хуучин бичлэгүүдээ л явуулж байгаа байх.
-Тухайн үед цуг хөтлөгч хийж байсан Ами одоо хаана юу хийж байгаа вэ. Бас жүжигчний мэргэжил сонгосон болов уу гэсэн сонирхол татаж байна?
-Манай Амиг Анужин гэдэг. Хамтран хөтлөгч, пёртнер, найз минь. Сити их сургууль багшилж байгаа. Сити их сургуулийг жүжигчнийг мэргэжлээр төгссөн. Би бас СУИС-ийг 2024 онд гавьяат жүжигчин Г.Амгаланбаатарын шавь болон Хөгжимт театрын жүжигчний ангийг төгссөн. Анужин надаас нэг дээшээ Сити их сургуулийг төгсөөд тэндээ багшаар үлдсэн.

-Гэр бүлд нь урлагийн хүн байдаг уу?
-Ер нь тийм олон хүн байхгүй л дээ. Олон ч гэж сонсож байсан ганц л хүн байгаа /инээв/. Ээжийн талд Туул гэж дуучин эмэгтэй байсан. Радио, телевизийн архивт дуу нь хадгалаатай байдаг л гэж сонссон. Түүнээс биш яг урлагийн хүн байхгүй. Манай ээжийн талынхан ихэнх нь эмч. Төрсөн ганц ах минь бас эмч, миний ихэр бас эмнэлгийн чиглэлээр явж байгаа. Би л нэг далий мэргэжилтэй.
-Тэгэхээр та ихэр байх нь ээ?
-Тийм би ихэр шүү дээ. Ихэр маань эмэгтэй. Ихэрбаяр, Ихэрчимэг гэдэг. Ихэр маань Турк улсад сурч байгаа. Одоогоор амралтаараа ирчихсэн. Удахгүй эргэж яваад дипломоо хамгаалаад зунаас төгсөөд ирнэ.
-Хоорондоо хэр төстэй вэ?
-Ер нь өөр. Эрэгтэй, эмэгтэй мөртлөө адилхан ихрүүд байдаг юм байна лээ. Бид хоёр бол өөр л дөө. Гэхдээ хүмүүс харахаараа адилхан гээд байдаг юм. Надад бол өөр л санагддаг /инээв/.
-Ихрүүдийг холбоотой нэгнээ дагадаг гэдэг дээ. Та хоёрт мэдэгдэх юм байдаг уу?
-Тэгэж л яриад байдаг юм. Бид хоёр багадаа цуг Хүүхдийн ордны дугуйланд явдаг байсан. Манай ихэр зургийн дугуйланд явдаг байсан юм. Би драмын дугуйланд явна. Манай ихэр зурагчин болно гэдэг байсан. Тэгээд одоо эмнэлгийн чиглэлээр сураад төгсөж байна. Хүмүүс л ихэр гэхээр сэтгэл санаа нь адилхан байдаг уу, хоорондоо холбоотой байдаг гэж үнэн үү гээд л асуугаад байдаг юм. Надад бол тийм зүйл ерөөсөө мэдрэгдэж байгаагүй.
-Ихрээ дагасан бол өөр л мэргэжил сонгох байж дээ. Хөтлөгч хийж байгаад л жүжигчин болохоор шийдсэн үү. Яг мэргэжлээ сонгоход нь юу нөлөөлсөн бэ?
-Бага байхад Х ТҮЦ-ийн Сэргээш 1, 2, 3 гэж гардаг байсан даа. Түүнийг DVD- н дээр тавиад үздэг. Орой болгон үзнэ ээ. Цагаан сар болохоор аав, ээжийн ах дүү нар ирэхээр тэр хэсгээ яв гээд л би түүнийг нь яг адилхан дуурайж үзүүлнэ. Тэгээд л манай ээж хүүхдийг багаас юу сонирхож байна түүнд нь явуул гэсэн юм уншаад, манай ихэр бид хоёрыг үзүүлээд хариу нь гардаг юманд л оруулсан юм шиг байна лээ. Минийх дээр урлагийн талын хүн болно гэж тэмдэглээд хадгалчихсан. Түүнийг нь би уншиж байсан юм. Одоо ч байгаа л даа. Тэгээд л нэг өдөр гал тогооны өрөөндөө байж байтал ээж "Хүүхдийн ордны драмын дугуйлан гэж байдаг юм байна. Чи явж үзэх үү. Жүжигчин болох уу" гэж асуугаад тэгье гээд л явж байсан юм. Шийдсэн нь бол дунд ангидаа. Ер нь л жүжигчин болох юм байна гэж дунд ангидаа шийдээд, дугуйлангийн нэг найзтайгаа өөрсдийгөө СУИС-ийн шалгалтад бэлтгэсэн. Драмын дугуйланд олон жил явсан болохоор жаахан дөртэй, өөрсдийгөө харж ингэе, тэгье гэж засаж залруулаад, СУИС-т шалгалт өгөөд тэнцэж байсан.

-Есдүгээр ангидаа Ами, Тами нэвтрүүлгийн хөтлөгч байсан гэхээр арван жилийн ахлах ангид сургуулийнхаа од байж дээ?
-Сургуулиар явахаар бага ангийнхан их танина. Гарын үсэг авна, цуг зургаа даруулна. Одоо болохоор гадуур явахаар хүүхдүүд танихгүй, эцэг эх нь танина. Аав ээж нь түрүүлж таниад Тами явж байна гэдэг юм.
-Аав, ээж нь ямар мэргэжилтэй хүмүүс байдаг вэ. Хүүхдүүдийнхээ сонирхлыг дэмжээд дуртай зүйлээр нь явуулна гэхээр ойлгож, дэмждэг хүмүүс юм аа даа?
-Манай аав, ээж хоёр хоёулаа хуульч мэргэжилтэй. Бид хоёр нэг ахтай. Бид гурвыг багаас нь л сонирхлыг нь асууж ярилцаж, дуртай зүйлээ хийхийг нь зөвшөөрч дэмждэг байсан. Биднийг хүссэн зүйлийг нь ойлгож дэмжиж өдийг хүргэсэнд аав, ээж хоёртоо маш их баярладаг. Би ч гэсэн ирээдүйд хүүхэдтэй болохоороо хүссэн, сонирхсон зүйлээр нь л явуулна даа гэж боддог. Хүссэн зүйлээ хийж байж л хүн аз жаргалтай амьдрах байх л даа. Намайг арванхоёрдугаар ангид манай химийн багш мэргэжил сонгоход ярьж байсан юм. Та нар хүссэн зүйлээрээ л яваарай. Би бол химийн багш мэргэжилдээ дургүй. Яалт ч үгүй л сонгочихсон болохоор өдийг хүртэл явлаа. Тиймээс та нар хүссэн зүйлээрээ л яваарай гэж ярьсан. Тэр хүний ярьсныг бодохоор нэлээд настай багш л байсан. Насаараа тэр мэргэжлээрээ ажилласан. Гэтэл бараг тэтгэвэрт гарах гэж байж би дургүй гэж ярихыг бодоход хэцүү юм байна даа. Хүссэн мэргэжлээрээ явбал аз жаргалтай шүү дээ. Тиймдээ ч аав ээждээ дахин дахин баярлалаа гэмээр байна. Аав ээж минь бидний их ойлгодог, их ярилцдаг. Яаж байна, яахаар байна гээд байнга санал сонсоно. Бүх талаасаа ярилцаад шийднэ. Би ч гэсэн одоо ингэнэ, тэгнэ гээд бүх зүйлээ ярина. Тэр нь амар байдаг юм.
-Та өмнө нь киноны дүрд ажиллаж байгаагүй байх. Ацаахийморь киноны дүр таны анхны дүр үү?
-Тийм өмнө нь дүрд ажиллаж байгаагүй. Найруулагч Л.Таванбаярын гурван кинонд, жүжигчин найруулагч Б.Амарсайхан ахын Шалз киноны арын албанд ажилласан. Оюутан байхдаа олны хэсэгт л их орсон доо. Ацаахийморь киноны Риймэдийн дүр анхны минь гол дүр болж байна.
-Ацаахийморь кинонд сумын бүжигт бүжиглэхдээ хүмүүсийг нэг нэгээр нь гаргаж ирж мэдүүлэг авдаг хэсэг сошиал сүлжээнд их явах шиг болсон. Хүмүүс таныг эвсэлтэй юм байна гэх мэтээр их эерэг сэтгэгдэлтэй байх шиг байсан?
-Харин эвсэлтэй л гээд байгаа юм. Би чинь хөгжимт драмын театрын анги төгссөн. Мюзиклийн жүжигчин л дээ. Дөрвөн бүжиг, дуу, жүжиглэх урлаг үзэж байгаа юм. Би бол маш эвсэлгүй хүн. Манай ангийнхан ч мэднэ. Төгсөлтөөрөө тайз мюзикл тавихад би хамгийн анх удаа тайзны хамгийн нүүрний эгнээнд бүжиглэж үзсэн. Яг тэр мюзиклийг нээдэг өдрөө би алдаж байсан. Ер нь бүжгийн хичээлд нэг их гавьдаггүй оюутан байлаа. Тэр хэсэг дээр болчихсон юм шиг байна лээ. Надад бол тийм эвсэлтэй ерөөсөө харагдахгүй байгаа. Би өөрөө тэр хэсгийг үзээд ичээд, үзэж чадаагүй. Зохиол дээр угаасаа биччихсэн байсан л даа. Сонин бүжиг бүжиглэнэ гээд. Тэгээд л би өөрийнхөөрөө бодож байгаад бүжиглэсэн нь тэр байхгүй юу. Эвгүй байсан л даа. Би чинь дан бүжиглэх биш дараагийнхаа үйлдлийг бодонгоо давхар бүжиглээд байгаа юм. Дараа нь харахад эвтэй ч юм шиг, эвгүй ч юм шиг л санагдсан.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!