Монгол түмний ёс заншлын нэгэн чухал хэсэг нь “Буян хишгийн даллага” авахуулах зан үйл билээ. Тиймээс UBN.сайт “Даллага авахуулах зан үйл”-ийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Даллага авахад айл гэрийн буян хишиг булгийн ундарга мэт оргилно
Даллага авхуулах ёс нь юу санасан есөн хүслээ хангуулан есөн есийн 81 шид бүтээлийг өөрийн орчиндоо жигд бүрдүүлэхийн бэлэгдлийг агуулдаг. Даллага нь ЭДИЙН, НАСНЫ , БУЯН ХИШГИЙН гэх мэт олон янз байдаг.
Даллага авах, хурайлах зэрэг нь даллан дуудаж ирүүлэх гэсэн утгатай бөгөөд хувь хүн, хамт олны сүлд хийморь, ажил үйлс өөдрөг, өрх айлын ноён нуруу тэгш, эд агуурс, эрхэм баялаг, мал хөрөнгө нь арвижин дэлгэрч, буян хишиг нь булгийн ундарга мэт оргилж байхын бэлгэдлийг шингээсэн байдаг.
Даллагын уутыг хар, хар хөх өнгөөс өөр 9 өнгийн даавуугаар хийдэг
Даллагын уутыг хар, хар хөх өнгөнөөс бусад өнгийн есөн даавуу торгоор уртааш нь гурвалжин, дөржөлжин, дугуй хэлбэртэй оёж хийдэг.
Мөн хэмжээ нь бага гарын мөнгөн аяга дотор нь орохуйц, арвай буудай хийхэд нэг килограмм орох багтаамжтай байдаг аж.
Даллага авахуулах сайн өдөр
Даллага авахуулахад,
- Гарагаас: Лхагва, Бямба, Ням
- Жил өдрөөс: Бар, морь өдөр
- Шинийн өдрөөс: Шинийн 3, 5, 6, 8, 10, 11, 15, 21
- Од өдрөөс: 3, 4, 6, 7, 9, 11, 14, 15, 19, 22, 24 дэх одтой өдрүүд сайн
- 12 эзэн өдрөөс: Эзлэгч өдөр
- Барилдлагаас: Рашаан барилдлагат өдөр
- Мэнгэ: 6, 8 цагаан, 9 улаан мэнгэтэй өдөр сайн
- Оноосон нэр өдрөөс: Наран, саран учрах хөх бар хөхөгчин туухай өдрүүдэд даллага авахуулахад нэг сайн.
Даллагын уут дүүрсэн бол дотор байсан арвай будааг байгаль дэлхийд өргөнө
Даллагын уут дүүрч, бурханд тавьсан идээ хуучирсан бол шүншигтэй идээ, эд зүйлээ бурхандаа үлдээгээд арвай будаа, ааруул, ээзгий зэргийг өрхийн тэргүүн цэвэрхэн саванд хийж өөрийнхөө сүлд гарагт тухайн жилийнхээ буян хишгийн зүгт гарч тавгын идээ маягаар засан арц, хүж уугиулна.
Ийнхүү өргөсөн идээ будааг идсэн хорхой шавж, жигүүртэн шувуу, ан амьтан таны буян хишгийг хүртсэнээр ээл ивээл, ач тус танд болон гэр бүлд тань буян оршооно гэж үздэг байна.
Даллагын уутанд хийхийг цээрлэдэг зүйлс
Даллагын уутанд мөнгө, үнэт эдлэл хийж болохгүй. Учир нь хүмүүний шуналын дэв мөнгө, үнэт эдлэлд хорогддог тул 81 шидийг бузартуулж, гарзын үүдийг нээдэг гэж үздэг байна. Мөн нойтон чийгтэй гурилан зүйл, цаган идээ хийвэл хөгцөрч муудах, өт хорхой эрвээхий идэх учир цээрлэнэ.
Даллага авахуулахад анхаарах зүйлс
Даллах авхуулах өдөр гэртээ халуун ам бүлээрээ цуглан олуулаа байвал сайн. Мөн гэрт байгаа бүх сав, суулганы амсарыг дээш харуулан дотор нь ямар нэг зүйл хийнэ. Сүү дусааж болно.
Даллага авахуулснаас хойш 3-7 хоног хог хаях, юм гаргахыг цээрлэдэг
Даллага авхуулсан айл 3-7 хоног гадагш ямар нэг зүйл гаргах цээртэй. Мөн хогоо ч гаргаж хаядаггүй. Мөн даллагын уутаа хагас онгорхой байлган цээрийн хугацаа дуусмагц амыг нь битүүлэн тавьдаг.
Мөн даллага авч байх үед босож явах, орж гарах, хэвтэх, хоорондоо ярих, тамхи татахыг цээрлэдэг.
Даллагыг Лүн ван хүртсэн хүнээр зохих ёс жаягийн дагуу гүйцэтгүүлэн авахуулж чадвал жинхэнэ үр дүнд хүрнэ. Хөнгөн хуудам, ор нэрийн төдий хийх зүйл биш юм.