
Дэлхийн тэргүүлэгч хоёр улсын өрсөлдөөн, Хятад хэзээ АНУ-ыг илүүрхэх вэ гэдэг талаар ам уралдуулан ярьж мэтгэлцдэг. ОУ судлаачид, улч төрчид байтугай хүн бүрийн сонирхдог ярих дуртай сэдэв. Тэгвэл нэгэн Хятад эрдэмтний нийтлэлийг орчуулан хүргэе. Амтархан уншина бизээ.
Америк долларын ноёрхол өнөөдрийг хүртэл нураагүй уг шалтгаан нь Хятадын дээд түвшнийхэн бэлтгэгдээгүйд оршиж байна. Энэ систем бол Америкийн нарийн тооцоолон бүтээсэн эртнээс дүрмийг нь биежүүлчихсэн дэлхийн санхүүгийн зах зээлийг урхидах систем юм.
Дэлхийн Нефтийн худалдааг ам.доллартай уясан мөн ОУ-ын төлбөр тооцооны SWIFT систем бол яг л үл үзэгдэгч олс шиг, харин АНУ-ын бондын зах зээл нь зөөлөн гал дээр буцалж буй мэлхий мэт хавх бөгөөд бүх улс орны баялгийг сагсанд оруулдаг.
Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадын гадаад валютын нөөцийн 60% нь Америкийн хөрөнгө хэвээр байгаа нь дээрх системээс улбаатай бөгөөд энэ нь биднийг санхүүгийн дайнд ямагт сул байдалд оруулдаг.
Хятадын CIPS систем (Cross-border Interbank system 2015 онд үүсгэсэн Юаниар ОУ-ын төлбөр тооцоо хийх систем) 2025 оны байдлаар дэлхийн 125 улсыг хамрах боловч гүйлгээний хэмжээ нь SWIFT-ийн ердөө 2% хүрч байна.
Дижитал юанийг нефтийн тооцоонд туршихад тулгамддаг асуудал нь техникийн бус, харин манай дээд түвшнийхэний бодит байдлыг дутуу тооцоолсонд оршино. Жич: Саудын Араб юаниар Хятадын дрон худалдан авах гэхээр эцсийн эцэст юаниа доллар руу хөрвүүлэх шаардлагатай болдог нь түүний сул талыг илтгэдэг.
Үүнээс ч чухал бас нэг асуудал нь Хятадын бондын зах зээлийн хөрөнгөөс гадаадын байгууллагуудын эзэмшиж буй хувь нь 3% ч хүрэхгүй байгаа нь Японы 12% болон АНУ-ын 35%-тай харьцуулахад тун чамлалттай бөгөөд энэ нь хаалганы тотгонд хүрэх байтугай шүргэх ч үгүйтэй агаар нэг юм. Ийм нөхцөл байдалд Хятадын юань доллартай яаж өрсөлдөх билээ?
2025 онд Хятад улс эзэмшиж буй АНУ-ын бондын хэмжээгээ 1 триллион ам.доллараас 7563 тэрбум ам.доллар хүртэл бууруулсан ч гуравдагч улсын далд эзэмшлээр 1 триллион ам.доллароос давсан байх магадлалтай. Энэ мэт “ил бууруулж, нууцаар нэмэх” ажиллагаа нь үнэн хэрэгтээ долларын системд гүнзгий барьцаалагдсан хэрэг.
Япон улс 1985 оны Плазагийн хэлэлцээрийн дараа АНУ-ын бондыг их хэмжээгээр зарсанаас үүдэн санхүүгийн зах зээл нь хямарсан. Энэ түүх нь өнөөгийн шийдвэр гаргагчдыг“Fear of Selling” айдастай болгосон ба хэтэрхий ихээр хадгалах нь өөрөө удаан үйлчлэх хор гэдгийг умартуулжээ. АНУ-ын Холбооны нөөцийн банк хүүгээ нэммэгц манай валютын нөөц дагаад агшдаг.
АНУ-ын санхүүгийн ноёрхол хэзээ ч дангаараа оршдоггүй бөгөөд улс төр, арми, шинжлэх ухаан-технологийн ноёрхол зэрэг цогц байдлаар дэлхийг ноёрхож байна. Хятад хэдийгээр чип болон сансарын технологийн салбарт тасралтгүй дэвшил гаргаж байгаа ч ОУ-д санхүүгийн дүрэм тогтоох эрх мэдлийн талбарт олон жил орхигдсон.
Гаднах дүр зураг нь дотоод утга агуулгаа илчилдэг. Долларын ноёрхол унадаггүй гэх “домог”-ийн цаад учир нь Хятадын дээд түвшнийхэн санхүүгийн стратегид “бэлэн бус” байсанд оршино. Юань- Газрын тосны төлбөр тооцоо саадтай, дижитал юаний даяаршил удаашралтай; бондын зах зээл хангалттай нээлтгүй, системийн зохицуулалтын шинэчлэл дутмаг гэх мэт сул тал нь долларын ноёрхолд бат бөх бэхлэлт болж өгчээ.
Уг системийг эвдэхийн тулд зөвхөн технологийн дэвшил хангалтгүй. Хятадын дээд түвшнийхэн стратегийн сэтгэлгээгээ бүрэн шинэчлэх шаардлагатай. Хятад улс 5G-ээр дэлхийд тэргүүлж байгаа шигээ ОУ-ын төлбөр тооцооны дүрмийг гартаа оруулж, аалзны тор мэт хэрсэн өндөр хурдны төмөр зам шиг нягт юанийн тооцооны системийг байгуулж чадвал сая долларын ноёрхлын нуран уналтын цаг тоолол эхлэх болно.