Манай улс төрийн соёл улам л уруудан доройтож байна. Уг нь цаг хугацааны эрхээр аливаа зүйлс тал руугаа эргэдэгсэн. Манайх таг эсрэгээрээ...
Өнөөдөр Ерөнхий сайдын өнөөх алдартай “бэлэг” задрах сурагтай. Чухам юу байх бол. Бөөн хүлээлт. С.Бямбацогт сайдын хийсэн мэдэгдлийн араас Ерөнхий сайдын цагаан сарын өмнө барих бэлгийг бүгдээрээ ам уралдан таацгаав.
Зарим нь “Мөнгө л биз” гэж байхад нөгөө хэсэг нь “Тэтгэврийн зээлийг тэглэнэ гэсэн” гээд хүслийн жагсаалтаа бөглөж сууна. Энэ их хүлээлтийг давахгүй бол Ерөнхий сайд өнөөдөр, маргаашдаа багтаад онигоо болно. Бүр адлуулж ч мэднэ. Миний хувьд мөнгө л битгий тараагаасай гэж бодож суугаа. Учир нь цагаан сар, улстөрчдийн популизмын ар дээр амьдрал үргэлжилнэ. Өвлийн өвгөн царайлж цагаан сарын өмнө мөнгө тараачихвал савандаа багтаж ядсан инфляц “пуужиндах” нь ойлгомжтой. Тиймээс нэг идээд үхэх биш цаашдаа амьдрах ёстой гэдгийг дарга нарт боддог толгой нь байгаа бол бодох л ёстой.
Ер нь Ерөнхий сайд гэж хэн юм бэ. Засгийн газар яг ямар ажил хийдэг юм бэ. Өнөөдрийн Засгийн газрын байгаа байдлыг харахаар хөл толгой нь үнэндээ олдохоо байжээ. Сайдууд нь гүйцэтгэх засгийн тэргүүндээ захирагддаг юм уу. Үгүй юу. Ерөнхий сайд нь ямар ч учиртай бэлэг тарааж иргэддээ сайн мэдээ дуулгах гээд байгаа юм бүү мэд.
Үүнийг нь ЗГХЭГ-ын дарга нь кабинетынхаа тэргүүний урдуур орж сошиалд зарлаж хиймэл хүлээлт үүсгэдэг нь бас ямар ч учиртай юм. Сайд гэдэг чинь уг нь бодлого тодорхойлдог хүн байх ёстойсон. Гэтэл хэдэн зуугаар нь хулгайлж, хулгайлуулж, тендерээс нь зувчуулж байгаад шуудайны үртэсийг гөвж өгөх ачтан буянтан лав биш. Тэгээд ч гараагүй шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга нь яагаад тэгж “Сайхан мэдээ дуулгана” гэж лайвдаж, Ерөнхий сайдаа “гал” руу түлхсэнийг чөтгөр бүү мэд.
Бодоод үз. Танай гэрийнхэн мангар өлсчихсөн. Чи оройн хоолондоо гуйгаад ч юм уу, хулгайлаад ч юм уу хоёр хуушуур хажуу айлаасаа авахаар тохирчээ. Гэтэл авсан хуушуураа оруулж ирээгүй байхад чинь хар үүрээр дүү чинь босож ирээд нууцыг чинь задалчихвал яах уу. Нэгд, чиний барих гэнэтийн бэлгийн утгагүй болно. Сайн мэдээ дуулсан нөхрийг гэрийнхэн чинь тойрон бүжнэ. Хоёрт, алаагүй баавгайн арьсыг хүчээр нөмөрсөн тул чи заавал хоёр хуушуур олох хүнд даалгаварт унана. Нөхцөл байдал өөрчлөгдөж хуушуургүй үлдвэл чи яана. Гэрийнхэн чинь боож үхнэ.
Ингээд орой нь чиний хуушуурын үнэ цэнэ бүрэн алдагдаж, бараг л хоёрхон гэж голох шинж рүүгээ орох нигууртай.
Өөрөөр хэлбэл, эхний асуудал бол Ерөнхий сайдын танхимд хөл толгой гэж алга. Дээр нь нэмээд иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах бодлого тодорхойлохын оронд бэлэг сэлт болгож мөнгө төгрөг, хувьцааны ашиг тараах гэж байгаа бол бид урагшаа биш арагшаа явна гэсэн үг. Дарга нар та бүхэн захын нэг лангуугаар ор. Иргэдийн худалдан авалт тэг заачихсан зээлээс зээлийн хооронд цагаан сарыг аргалах гээд бухимдаж, бас шаналж явна.
Ийм үед бэлэг, сайн мэдээ гэх хуучны тэнэг улс төр ярьж иргэдэд хоосон итгэл төрүүлэхээ больцгоо. Оронд нь харин инфляцаа хазаарлаж, хулгайгаа таслан зогсоож, данхайсан төрийн албаа цэгцэнд нь оруулцгаа.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!