Парламентад суудалтай намуудыг сулруулах Ерөнхийлөгчийн сонгуулийн БЭЛТГЭЛ...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 31 секунд

Ерөнхийлөгчийн сонгуулийн “хээрийн сургуулилалт” маш эртнээс эхэллээ. Бүгд шинэ жил, баяр ёслол гэж байхтай зэрэгцэж улс төрийн нүүдэл хаалганы ард өрнөж байна.

Тодруулбал, Ардын намаа тонгочуулж байгаад нам дотроо “Ерөнхийлөгчийн засаглал”-аа бүрэн тогтоосон хүчнийхэн одоо бусад намуудыг тогтворгүй болгох тоглоомдоо ханцуй шамлан оров бололтой.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр ИЗНН-ын дотоод асуудал сөхөгдөж, намын даргаа АТГ-т өгсөн. Ах дүү нараараа нэгдсэн “Батбаатаруудын нам” гэж хүртэл ИЗНН-ынхан чангарцгаалаа. Үүнтэй зэрэгцэж ХҮН нам доторх хөдөлгөөн ч давхар эхлэв. ХҮН нам дотор өрнөсөн зүйлийг ажиглавал эртнээс төлөвлөсөн байж болохуйц хөдөлгөөн байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Ж.Золжаргал гишүүн яагаад ХҮН намынхаа 10 жилийн ойн босгон дээр намаа шороотой хутгав. Яагаад өнгөрсөн хавраас хойш Ж.Золжаргал гэж гишүүн намынхантайгаа үл ойлголцох болов. Нам доторх таарамжгүй харьцаа, нам нь үгүйсгэгдэх энэ бүхэн хэнд хэрэгтэй, бас ашигтай вэ гэдгийг бодох хэрэгтэй. Үнэхээр таарч тохирохгүй учраас намаа орхиж гарсан бол өөр хэрэг. Би хувьдаа ард нь улс төр өрнөж байна гэж үзэж байна.

Ер нь улс төрд хэзээ ч гэнэтийн зүйл, бас гэгээн зүйл гэж байдаггүй. Бүгд л урдаас, эсвэл хойноос “зурсан зураг” байдаг. Үүнийг ихэнх нь мэдсээр байж тоглолтод нь орно. Зарим нь үнэхээр мэдэхгүйгээр гэнэдэж тоглуулна.

Тэгвэл парламентад суудалтай намуудыг яагаад эхнээс нь ингэж тогтворгүй байдал руу түлхэж байгаа вэ. Мэдээж дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд энэ үйлдэл нь Ардын намд нэмэх оноо болох учиртай. Нэг талаас нь харахад намууд хүчтэй өрсөлдөх нь Ардын намын биш АН-ын саналыг хуваах хандлага бий. Гэхдээ намуудын хөл толгойг нь алдагдуулж иргэд, сонгогчдынх нь итгэлийг үгүй хийснээр нэгдүгээрт, тухайн намууд гишүүд дэмжигчдээ алдана. Хоёрт, энэ бүх тавгүй байдлыг давахын тулд заавал Ардын намын захиалгатай хүнийг нэр дэвшүүлэх эрсдэл рүү түлхэж мэднэ.

Өөрөөр хэлбэл, ХҮН нам, ИЗНН-д АН-ын гаралтай, эсвэл ардчиллын талд харагддаг хүнийг нэр дэвшүүлж АН-ын нэр дэвшигчийн саналыг хуваана гэсэн үг. Энэ тохиолдолд МАН-ын нэр дэвшигчийн боломж нэмэгдэнэ. 1990 оноос хойшхи өрнөсөн бүх сонгуульд сонгогчид МАН ба бусад гэсэн онцлогтойгоор хуваагдаж ирснийг статистик харуулдаг.

Хэрвээ энэ зорилго бодитой бол тун удахгүй Үндэсний эвслийг дотор нь тараах үйлдэл өрнөнө. Цаашлаад АН-ыг Ерөнхийлөгчид нэр дэвшигч дээр нь хоёр хэсэг болгон хуваах үйл явцаар үргэлжлэх болов уу даа.

Ямар ч байсан намаа тогтворгүй болгож байгаад “халаасандаа” хийсэн тэр улс төрийн хүч одоо бусад намууд руу хөдөлж эхлэв бололтой.

Г.Лхагвадорж

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа ШТС-уудад шаардлагатай тохиолдолд БЭТ томилно
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа ШТС-уудад шаардлагатай тохиолдолд БЭТ томилно
 
АТҮТ: 47 чиглэлд 88 тээврийн хэрэгслээр 2112 зорчигч зорчиж байна
АТҮТ: 47 чиглэлд 88 тээврийн хэрэгслээр 2112 зорчигч зорчиж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!