Гэнэт баяжсан хурган дарга нарыг ЖАРААХАЙ гэх үү

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
6 минут 19 секунд

Хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ цалингаасаа өөр орлогогүй гэж бичсэн нэгэн яамны газрын даргын гэр бүл Хан-Уул дүүргийн “Ривер гарден” хотхонд 460 мянган доллар буюу 640 гаруй сая төгрөгөөр 240 ам метр орон сууцыг бэлэн мөнгөөр худалдан авчээ. Мөн 164 сая төгрөгөөр цоо шинэ “Ланд круйзер-200” маркийн автомашин авсан, хүүхдүүд нь дансандаа 200 гаруй сая төгрөгтэй, аав нь Баянзүрх дүүргийн “Кристалл таун” хотхонд гурван өрөө байртай, эхнэрийн эгч нь 41 сая төгрөгөөр “Киа спортеж” маркийн шинэ машин авсан байв. Энэ гэр бүл болон түүнтэй хамаарал бүхий хүмүүсийн нийт хөрөнгө нь нэг тэрбум 80-аад сая төгрөг болжээ. АТГ энэ албан тушаалтныг хоёр жилийн өмнөөс шалгаж эхэлсэн. “Хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдуулан шалгасан билээ. Ингээд шалгах явцад 41 сая төгрөгөөр машин авсан гэх эхнэрийн эгч нь айлын хүүхэд харж, амьжиргаагаа залгуулдаг, тэр машиныг мэдэхгүй гэж хариулсан байдаг. Харин “Кристалл таун”-д гурван өрөө байртай аав нь “Миний бичиг баримтыг л аваад явсан, юунд ашигласныг нь мэдэхгүй” гэсэн байна. Цалингаасаа өөр орлогогүй яамны газрын даргыг АТГ шалгаж, прокурор хянаж ял төлөвлөөд явуулсан ч шүүхээс үндэслэлгүй хөрөнгөжсөн гэм буруутайд тооцсон боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагад ажилладаг нэгэн газрын даргын өрөөнөөс бэлнээр 70 орчим сая төгрөгийг АТГ-ын ажилтнууд үзлэг нэгжлэгийн үеэр хураан авчээ. Энэ дарга ерөнхий нягтлан бодогчтойгоо нийлж өөрсдийн хамаарал бүхий есөн компанийн нэрээр хуурамч баримт бүрдүүлж, дөрвөн жилийн хугацаанд 1.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй хэрэгт холбогдоод байна. Байгууллагынхаа ажилчдын нэр дээр орон сууц, гарааш, оффис худалдан авсан, ажилладаггүй хүний нэр дээр цалин бодуулж авдаг, нярвуудын хувийн дансаар 500 гаруй сая төгрөгийг урамшуулал гэж шилжүүлж завшсан гэхчлэн олон тооны үйлдэлд түүнийг буруутгаж байгаа. Одоо энэ хэргийг прокурор хянаж байгаа юм.

Мэргэжлийн хяналтын байгууллагын нэгэн хэлтсийн дарга бусдаас 30 сая төгрөгтэй тэнцэх валют хахуульд авч байгаад үйлдэл дээрээ АТГ-т баригдсан. Түүнтэй хамт тус байгууллагын нэгэн газрын дарга баригдсан бөгөөд үзлэг нэгжлэг хийхэд хэлтсийн даргын гэрээс 400 сая төгрөг хураан авсан байдаг. Тэд хилээр гаргах, оруулах бараа бүтээгдэхүүний тусгай зөвшөөрлийг олгохдоо иргэд, аж ахуйн нэгжийг хясан боогдуулж хахууль авдаг байсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоод байна. АТГ энэ хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Нүүрс тээвэрлэх машины зөвшөөрөл олгодог байгууллагын хэлтсийн дарга өрөөндөө 20 сая төгрөгийн хахууль авч байгаад мөн л АТГ-т үйлдэл дээрээ баригдсан талаар тухайн үед хэвлэлд мэдээлсэн. Түүнийг иргэд, аж ахуйн нэгжээс нийтдээ 57.5 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутган АТГ шалгасан. Энэ хэлтсийн даргыг шүүх 6.5 сая төгрөгөөр торгоод өнгөрсөн билээ. Харин түүнд хахууль өгсөн иргэн 120 сая төгрөгөөр торгуулсан байна.

Авлига гэхээр бид заавал өндөр, томоохон албан тушаалтанд хамаатай гэж ойлгодог. УИХ-ын гишүүн, сайдын нэр холбогдвол авлига мөн гэж хардаг. Бусдыг нь “жараахай” гэж хочилдог. Тэгвэл тэр жараахайнууд нь ямар байдалтай байгааг дээрх жишээнүүдээс харж болно.

Сүүлийн үед төрийн дунд шатны албан тушаалтнуудтай холбогдох авлигын үйлдэл эх захаа алджээ. Агентлагийн дарга, яамны газрын дарга, байгууллагын хэлтсийн дарга нар гэсэн үг. Монголчууд тэднийг “хурган дарга” гэж нэрлэдэг. Авлигын талаар их мэдэгчдийн яриагаар бол жараахайнууд л даа. Хурган дарга нар ийнхүү гэнэт баяжицгаах болов. Биднийг дээшээ харан “тул барь” гэж хашгиралдаж байх зуур жараахайнууд ар хударгаар амжуулж байна. Тэд төрийн албыг баяжих хэрэгсэл болгон хувиргаж, халаасаа зузаалах индэр хэлбэрээр ашиглаж байна.

Жирийн иргэн машин авахдаа Да хүрээ зах дээр очиж ченжийн гараас хуучин машиныг банкны зээлээр голдуу авдаг бол хурган дарга нар салоноос (суудал нь гялгар ууттайгаа) машин бэлэн мөнгөөр худалдан авч байна. Жирийн иргэний виза карт цалингийн орлого, зарлага төдий байдаг бол хурган дарга нарын хээл хахууль багтаж шингэхээ байгаад өрөөл бусдын дансыг ашиглан хөлжиж байна. Ганц биедээ багтаж шингэхгүй тул ах дүү, хамаатан садан, хамт ажилладаг хүмүүсээ хүртэл хөлдөө чирэн байж хөлжиж байна.

Тэгэхээр энэ бүхэн жараахай мөн үү. Жараахай юм чинь гээд АТГ шалгахгүйгээр орхих уу. Тэднийг хуулиас гадуур өнгөрөөх ёстой юу. Гэнэт баяждаг хурган дарга нарыг жараахай гэж үзсээр л байх уу.

2018.07.24

Эмээлт, Партизан, Хонхорын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ
Эмээлт, Партизан, Хонхорын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ
 
ТАНИЛЦ: Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан ӨНӨӨДӨР хязгаарлалт хийж БОЛЗОШГҮЙ байршлууд
ТАНИЛЦ: Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан ӨНӨӨДӨР хязгаарлалт хийж БОЛЗОШГҮЙ байршлууд
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!