
Ардын нам доторх хуурамч эв нэгдэл энд хүрээд дуусаж байна. Хэдийгээр чуулганыг дагаад Монголын улс төр түр завсарласан ч нам доторх бүтцийн асуудлыг Ардын намынхан яриад эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл болгож одоогийн шинэ удирдлагууд хуучин намын хорооны дарга нартайгаа хэрхэн ажиллахаа шийдэж буй юм.
Том сонгууль хаяанд ирсэн. Өнгөрсөн оны сүүлээр Ерөнхийлөгчийн талынхан намаа бүрэн авсан. Одоо нам дотроосоо, төрийн албанаас ч гэсэн хуучин генсек Д.Амарбаясгалангийн хүмүүсийг ихээр гаргаж, өөрчилж байгаа. Дээр нь нэмээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүмүүсийг ч гэсэн “жийх” ажиллагааг тасралтгүй өрнүүлсээр байна.
Одоо тэгвэл дараагийн ээлж буй аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга нарын асуудлыг шийдвэрлэхээр зэхэж буй гэнэ. Өөрөөр хэлбэл, дараагийн том сонгуулиудад хэнтэй нь хамтарч, итгэж ажиллах вэ гэдэг ердөө ганцхан шалгуурыг л тавина гэсэн үг. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар ихэнх намын хороодын дарга нарыг өөрчлөх саналыг УИХ-ын гишүүдийн зүгээс гаргажээ. Ингэхдээ хуучин итгэлтэй хүмүүсээ тавих, эсвэл том сонгуулиудын зардлыг дааж чадахуйц бизнестэй хүмүүст намын хороодыг өгөх тухай яриа ч цухалзаад амжсан байна.
Хэрэв анзаарсан бол оны дараагаас эхлээд татварын асуудал, оноо, такси үйлчилгээ гээд нийслэлийн намын хорооны дарга Х.Нямбаатар руу чиглэсэн үйл явцууд тасралтгүй өрнөж байна. Үүний цаана нийслэлийн намын хороог Х.Нямбаатараас авах далд санаархал явж буй юм. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатарын хот дээр гаргаж буй алдааг ашиглаж дараагийн сонгуулийн хамгийн чухал стратегийн байршил болох нийслэлийн намын хороогоо Ерөнхийлөгчийн тал авна гэсэн үг.
Араас нь аймаг, дүүргийн намын хорооны дарга нарыг солих процесс шат дараатай үргэлжилнэ. Үүний гол шалгуур үзүүлэлт нь өнгөрсөн намар болсон Бага хурлын үеэрх намын даргын сонгуульд хэн ямар байр суурьтай оролцсон бэ гэдэг юм. Зарим дүүргүүд, ялангуяа аймгийн намын хороодын ихэнх нь Д.Амарбаясгалангийн талд ажилласан. Тиймээс ирэх өдрүүдэд МАН-ын суурь бүтэц рүү нэлээдгүй улс төрийн үйл явц өрнөх төлөвтэй байна.
Гэхдээ ийм байдлаар бүгдийг нь солих гэж оролдох нь эргээд Ардын нам доторх талцал хуваагдлыг улам бүр л нэмэгдүүлнэ. Дарга нарын түвшинд байсан хуваагдал улс төрийн өс хонзон аймаг, нийслэл, дүүрэг. Бүр сумын хэмжээнд очих болно. Энэ улстөржилт бол жинхэнээсээ Ардын намыг дараагийн сонгуулиудад ялагдуулж, институцийн хямралын хэмжээнд аваачих эрсдэлтэй.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!