
“Үндэсний давхар даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Жавхланттай Малын индексжүүлсэн даатгалын талаар ярилцлаа.
-------------------------
- Малын индексжүүлсэн даатгалд малчдыг хамруулах хөшүүрэг нь зээлтэй уялдуулжээ. Энэ нь хэр зөв шийдэл вэ?
- Бид дөрвөн аймагт туршилтаар “Ард” санхүүгийн нэгдэл Банк бус санхүүгийн байгууллагатай хамтран даатгалд хамрагдсан малчид гурван сая хүртэл төгрөгийн бичил зээл авах санхүүгийн шинэ сувгийг нээж эхлээд байна. Амьдрал баян шүү дээ. Нэг өдөр л гэнэтийн мөнгөний хэрэгцээ гардаг.
Өнөөдөр та заавал зээл ав гэж хүчилж байгаа зүйл биш. Бид боломжтой санхүүгийн үйлчилгээний сувгийг л нээж өгч байгаа гэсэн үг.
Магадгүй энэ үйлчилгээг илүү төрөлжүүлэх боломжийг боломжийг бид малын индексжүүлсэн даатгалтай нь уяж, гол эрсдлийг нь Үндэсний давхар даатгалтай хамт малыг нь даатгая.
Томоохон эрсдэл гарсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр тооцож олгогдоно. Иймээс малгүй болох эрсдлийг нь бид хаах учир санхүүгийн үйлчилгээ хүргэж буй банк, банк бус санхүүгийн байгууллагын эрсдлийг хааснаас өөрцгүй. Тиймээс энэ үйлчилгээг бид эхний ээлжид туршилтын журмаар хэрэгжүүлье. Хэрэв үнэхээр эерэгээр нөлөө гарч байвал үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх боломж бололцоог хайна. Олон улсын туршлагыг судалъя. Гэхдээ энэ бол зөвхөн Монголд биш олон улсад ч ялангуяа хөдөө аж ахуйн ахуйн даатгал, бичил даатгал бага дунд орлоготой иргэдэд чиглэсэн даатгал санхүүгийн үйлчилгээтэй заавал уялдсанаар хамрагдалт нь өсдөг. Тиймээс “одоо даатгал үнэхээр хэрэгтэй шүү” гэж очоод даатгуулж буй хүн маш цөөхөн шүү дээ. Хятадад гэхэд хөдөө аж ахуйн даатгалынх нь нийт фермерүүдийн 15 хувь нь л даатгалд хамрагддаг. Энэ мэтчилэн үндсэндээ төрөөс бодлогын дэмжлэг үзүүлдэг.
МАЛЧДАД ЗЭЭЛ ОЛГОХ САНХҮҮГИЙН ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭЭСНЭЭР МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН БОРЛУУЛАЛТЫН ХУГАЦААГ ХОЁР САРААР СУНГАСАН

- Бас борлуулалтын хугацааг хоёр сараар сунгасан гэж сонслоо?
- Малын индексжүүлсэн даатгалын онцлог нь малын индекст суурилдаг. Энэхүү даатгалын бүтээгдэхүүн маань олон улсад ялангуяа хөдөө аж ахуйн салбарт түгээмэл хэрэглэгддэг индекст суурилсан даатгалын бүтээгдэхүүний нэг хэлбэр. Хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал аж ахуйн салбарт индекст суурилсан бүтээгдэхүүн түгээмэл. Харин нүүдлийн мал аж ахуйд суурилсан малын индексжүүлсэн даатгал зөвхөн Монгол Улсад хэрэгждэг. Энэхүү даатгалын бүтээгдэхүүний борлуулалтын улирал долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилдэг. Учир нь энэ хүртэлх хугацаанд ирэх жилийн даатгалд хамрагдаж буй малчдын эрсдлийг урьдчилж даатгаж буй хэлбэр гэж ойлгож болно. Энэ нь үндсэндээ даатгалын бүтээгдэхүүнтэй уялдаж долоодугаар сарын 1 хүртэл тогтоогдож ирсэн бол энэ жилийн хувьд хугацааг хоёр сараар сунгаж байгаа юм. Учир нь даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилготой. Хоёрт, даатгуулагч малчин өрхөд чиглэсэн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхтэй шууд уялдаа холбоотойгоор хугацааг нэмэгдүүлж байгаа юм. Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд дээр дурдсанчлан Ард санхүүгийн нэгдэл, Ард кредит банк бус санхүүгийн байгууллагатай хамтран малчдад зориулсан бичил зээлийн бүтээгдэхүүнийг малын индексжүүлсэн даатгалтай хавсарсан даатгалын санхүүгийн бүтээгдэхүүнийг малчдад хүргэхээр зорьж буй юм.
МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛ НЬ 2024 ОНЫ ЗУД НҮҮРЛЭХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛӨХ ГАМШГИЙН ЭРСДЛИЙН ДААТГАЛ ЮМ
- Гэхдээ алслагдсан бүс нутагт амьдарч буй малчид энэхүү даатгалын талаарх ойлголт мэдээлэл хүрч байгаа юу?
- Малын индексжүүлсэн даатгалын талаарх мэдлэг мэдээлэл малчдын хувьд нарийн ойлголт байхгүй. Энэ талаар ерөнхий ойлголттой байдаг. Харин малчдын хамгийн гол анхаардаг зүйл нь малын хоррогдлоын босго үзүүлэлт даваагүй тохиолдолд нөхөн төлбөр авдаггүй. Сумын малын хорогдол 6 хувиас дээш давсан тохиолдолд малын индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөр авах эрх үүсдэг. Тухайн сумын малчин өөрийнх нь хотонд хорогдлын хэмжээ 30-50 хувь гарсан ч сумын малын хорогдлын хэмжээ 6 хувиас даваагүй тохиолдолд тухайн айлын мал их хэмжээгээр хорогдсон ч даатгалын нөхөн төлбөр авдаггүй. Энэ нь малчдын хувьд даатгалын бүтээгдэхүүнд хамрагдахгүй байх үндсэн шалтгаан болдог. Үндсэндээ уламжлалт даатгалын бүтээгдэхүүнтэйгээ хольж ойлгож байх шиг. Өөрөөр хэлбэл, тухайн малчны хотонд байгаа малыг зүсэлж тоогоор нь даатгана гэсэн үг. Хохирол гарахад тухайн малчны хотонд очиж хохирлыг баталгаажуулж малын хорогдол дээр суурилж нөхөн төлбөр олгодгийг мал аж ахуйн уламжлалт арга гэж нэрлээд байгаа юм. Энэ арга нь 1964-1990 оны хооронд нэгдлийн системийн хувьд хэрэгжиж байсан ч зах зээлийн зарчмаар эдийн засгийн хувьд оршин тогтнох боломжгүй болсон.
Харин малын индекст суурилсан даатгалын давуу тал нь тухайн малчны хотонд очиж хохирлыг тоолох шаардлагагүй. Сумын малын хорогдолд үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг олгодог тул эдийн засгийн хувьд давуу талтай. Хоёрт, ямар нэгэн хүнд суртлын шат дамжлага байхгүй.
Хагас жилийн мал тооллогын дүнг үндэсний статистикийн хороо нэгтгэн гаргасны үндсэн дээр тухайн сум, аймгийн малын хорогдлын тоонд үндэслэн тухайн дүнд тулгуурлан нөхөн төлбөр олгодог систем юм. Давуу тал нь, даатгалын хохирол баталгаажуулалт хүнд сурталгүй, шууд хийгддэг, малчны хотонд заавал очих шаардлагагүй гэдэг утгаараа эдийн засгийн үр өгөөжтэй. Сул тал нь, уулын аманд байгаа айлуудын мал хорогдсон ч сумын малын хорогдлын хэмжээнд хүрдэггүй. Тиймээс даатгалын нөхөн төлбөр авахгүй болохоор даатгуулагч талдаа сэтгэл дундуур байдаг болохоор энэ хоёр тэнцвэрийг зайлшгүй барих шаардлага үүсдэг. Иймд Үндэсний давхар даатгалын компани даатгалын долоон компанитай хамтран хуримтлалын сан үүсгэж даатгалд хамруулж буй сан байгаа юм.
-УИХ-аар Малын индексжүүлсэн даатгалын шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлэх үеэр таны ярианд дурдсан 6 хувийн босго онооны тухай гишүүдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж бууруулах саналтай байсан шүү дээ. Тэгэхээр хуулийн шинэчилсэн найруулгад 6 хувийн босгыг бууруулах уу гэдэг нь анхаарал татаж байна. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
- Яагаад зургаан хувийн босго байна вэ, босго үзүүлэлт буурснаар даатгалын асуудал нэмэгдэх үү гэсэн хоёр асуудал бий. Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мал аж ахуйн салбарын статистик тоон өгөгдөл сайн. Ялангуяа 1978 оноос хойшхи статистик тоон мэдээлэл хангалттай хэмжээнд байдаг. Тэгвэл Монгол Улсын мал аж ахуйн салбар дахь жилийн дундаж хорогдол 3-4 хувь л байдаг. Үүнээс илүү гардаггүй. Гэхдээ 10 жил тутамд болдог томоохон зуд, байгалийн гамшигт эрсдлийн үеэр энэ тоо 30-40 хувьд хүрдэг. Харин 10 жилийн давтамж нь хэзээ болохыг бид хэлж мэдэхгүй байгаа юм. Иймд малын индексжүүлсэн даатгал нь үндсэндээ гамшгийн эрсдлийн даатгал гэж ойлгох ёстой. Товчхондоо, 2024 оны зуд шиг их хэмжээний гарз хохирол дагуулсан байгалийн гамшгийн эрсдлийн улмаас нүүдлийн мал аж ахуйд учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг нөхөн төлөх зорилготой гамшгийн эрсдлийн даатгалын тогтолцоо юм.
6 ХУВИЙН БОСГО ОНООНООС ИЛҮҮ 2024 ОНЫ ЗУД ШИГ ГАМШИГ НҮҮРЛЭСЭН ҮЕД МАЛЧИД ДААТГАЛААРАА ИЛҮҮ ИХ ХЭМЖЭЭНИЙ НӨХӨН ТӨЛБӨР АВАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
- Манай улс малын индексжүүлсэн даатгалтай болоод 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд олгосон нөхөн олговрын хэмжээ хэд вэ. УИХ-ын гишүүдийн зүгээс хохирлын нөхөн олговор дээр шүүмжлэлтэй хандаж байсан шүү дээ?
- Сүүлийн 10 жилийн тоог авч үзвэл нийт 37 тэрбум төгрөгийг малчдаас цуглуулсан бол нөхөн төлбөрт 29.4 тэрбум төгрөгийг олгосон. Мэдээж 37 тэрбумыг цуглуулахад зардал гарна. Нэг даатгалын 100 төгрөгийн хураамжийг цуглуулахад 30-35 төгрөгийн зардал гардаг. Өөрөөр хэлбэл, зардлын хэмжээ 30-35 хувь байдаг гэсэн үг. Зардлын тоог хасаад үзвэл даатгал нь хасах дүнтэй харагдана гэсэн үг. Тэгвэл 37 тэрбумаас 30 хувийн зардлыг авч үзвэл 25 тэрбум үлдэнэ шүү дээ. Гэтэл бид 29 тэрбумыг төлсөн байдаг. Энэ сан маань хуримтлагдсаар хөрөнгө оруулалтын өгөөж, дээр нь олон улсын давхар даатгалд жил бүр даатгуулдаг.
Даатгалаас авсан нөхөн төлбөрөө нийлүүлээд хамтын эрсдлийн санд хуримтлуулсан мөнгөөрөө сүүлийн 3 жилийн хугацаанд гарсан хохирлыг нөхөн төлж чадлаа. Энэ бол сайн жилүүдэд бид мөнгөө хуримтлуулж, муу жилд нь зарцуулж байна гэсэн үг. Нэг үгээр, хуримтлалтай ялгаагүй гэсэн үг.
Баялгийн хуваарилалт гэж ойлгож болно. Даатгалын тогтолцооны нэг зарчим нь баялгийн дахин хуваарилалт байхгүй юу. Сайн жилүүдэд сангаа арвижуулъя. Муу жилд нь бид хуримтлуулсан мөнгөн хөрөнгөөрөө нөхөн төлбөр олгоё гэсэн тогтолцоо байгаа юм. Тэгэхээр 6 хувийг бууруулсан ч даатгуулагч малчдын даатгалын хамрагдах сонирхлыг өдөөх шалтгаан биш. Яагаад гэвэл, 2024 онд том зуд болсон. Магадгүй дөрөв, таван жил юу ч тохиолдохгүй байж болно, босго үзүүэллтийг 3 болгож бууруулсан ч ялгаагүй.
Малчдад босго үзүүлэлт гурваас давахгүй учир бид даатгуулж яах юм гэдэг л сэтгэлзүй байгаа юм. Тэгэхээр босго үзүүлэлтийг буулгасан ч энэ бол том хамрагдалтын шалтгаан биш. Харин 2024 оных шиг зуд болсон тохиолдолд малчид илүү өндөр хэмжээний нөхөн төлбөр авах боломж бүрдэнэ.
Хамрагдалтыг нэмэгдүүлэх хүчин зүйл биш харин илүү их хэмжээний нөхөн төлбөр авах нөхцөл босго үзүүлэлтийг бууруулах. Хэрэв бид босгыг 6 хувиас доош буулгаж 4 хувь руу оруулсан ч энэ нь ашиг, алдагдал гэж явах ёстой. Тэгэхээр энэ систем нь өөрөө ашигтай байж л хувийн хэвшил хамтарч ажиллана. Хэрэв энэ ашиггүй болбол даатгал биш халамж руу орно. Тэгэхээр энэ хоорон дахь дундын цэгийг бид олох ёстой. Зургаан хувийг уян хатан болгох саналыг хуульд оруулсан байгаа. Энэ нь зарим суманд 4 хувь болгох сум ч байна. Газарзүйн байрлалаас шалтгаалан өвөл өнтэй гардаг жил байгаа шүү дээ. Дийлэнхдээ том хохирол гардаггүй. Тэгэхээр сум бүрт босго оноог ялгаатай тогтоож өгье. Зарим сум 4, зарим нь 6. Ихэнх суманд 4-6 хувийн босго оноо байх боломжтой. Тэгэхээр сумдын босго оноог уян хатан болговол тухайн бүс нутгийн онцлогоос шалтгаалан босго үзүүлэлтүүд өөр, өөр байх боломжтой гэдгийг хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдсан.
ГАМШГИЙН ЭРСДЭЛ ГАРСНЫ ДАРАА АСАР ИХ ХЭМЖЭЭНИЙ ЗАРДАЛ ГАРЧ ТӨСӨВТ ДАРАМТ ИРЖ БАЙНА. УГТАА БОЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ ДААТГАВАЛ ЗАРДАЛ БАГА ГАРНА

- 2024 оны зудын гамшиг зөвхөн малчдаар тогтохгүй Монгол Улсын нийгэм эдийн засагт том цохилт болсон. Хотоо харлуулсан малчид хот руу нүүх, ядуурал нэмэгдэх эрсдлийг нэмсэн. Нөгөөтэйгүүр, зуд болоход л малын индексжүүлсэн даатгалын асуудал сөхөгдөж, малчид даатгалтай байх ёстой гэсэн ойлголттой болж эхэлсэн болов уу. Ялангуяа, төрөөс гамшигт өртсөн малчдын зээлийг тэглэх, хүүгүй зээл олгох зэргээр дэмжсэн нь татвар төлөгчдөд ачаа үүрүүлж, эдийн засагт дарамт болсон шүү дээ. Угтаа бол төр малчдыг халамжлах биш хувийн хэвшил, даатгалын тогтолцоогоо хөгжүүлээд хуулийг бодит хөрсөн дээрээ буух ёстой байсан биш үү?
-Санал нэг байна. Төр бэлэн мөнгө өгч тараахаас илүү малчдыг хариуцлагатай болгох ёстой.Үр дүнгүй бэлэн мөнгө тараалт бол инфляцыг хөөрөгдөх, сахилга бат хариуцлагыг сулруулах муу үр дагавартай. Үүний эсрэг арга нь даатгалын тогтолцоогоо ашиглаад тухайн нийгмийн тодорхой хэсэг малчдыг илүү санхүүгийн сахилга баттай, хариуцлагатай малчин болгох төлөвшүүлэх арга зам руу явах ёстой. Уур амьсгалын өөрчлөлт гэж айхтар том сэдэв бид сүүлийн жилүүдэд ярьж байгаа. Тэр бол бид нүүр тулна. Тулаад явж байна. бид өнгөрсөн жил долоодугаар сард цас орохыг үзсэн. Уржнан жил тавдугаар сарын 20-иор зун болсон ч зүүн гурван аймгаар өвлийн шуургатай асар их хэмжээний хохирол дагууллаа. Энэ бүгд нь уур амьсгалын өөрчлөлттэй бид нүүр тулаад явж байна. Олон улсын байгууллагуудаас гаргаж буй судалгаа нь бидний хувьд өвлийн хур тунадасны хэмжээ нэмэгдэнэ. 2050 он гэхэд өвлийн хур тунадасны хэмжээ одоо байгаа 40-50 хувь өсөх прогнозз бий. Энэ нь цас орно л гэсэн үг шүү дээ. Жилийн дундаж дулаарал одоогийнхоос 1-2 хэмээр илүү дулаан болно гэсэн таамаг байгаа юм. Өвөл дулаан байж болох ч хэсэг хугацааны дараа цочир хүйтэрч, их хэмжээний цас орох, цасан шуурга болох давтамж ойрхон болно гэсэн үг.
Бидний хувьд жил бүр зуд болно гэсэн бэлтгэлээ хангах ёстой. Энэ бол зайлшгүй зүйл. Харин 2024 оных шиг айхтар зуд хэзээ болохыг бид хэлж мэдэхгүй. 2010, 2011 онд дамнасан том хэмжээний зуд болж, малын хорогдлын хэмжээ 7-9 сая толгойд хүрч тухайн үеийн малын хэмжээтэй харьцуулахад хорогдол 20 хувь давсан. Үүнтэй уялдаад өнөөдрийн бидний үүсээд буй Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл, утааны асуудал 2000-аад оны зудаас эхлэлтэй хот руу чиглэсэн нүүдэл 2010 онд давтагдсан. 2023, 2024 оны зудын эсрэг арга хэмжээг Засгийн газраас яаралтай авсны үр дүнд харьцангуй бага хохиролтой давж чадсан гэж ойлгодог. Тийм ч учраас бас тодорхой хэмжээнд хот руу чиглэсэн нүүдлийг саармагжуулж чадсан.
Ялангуяа "шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд малчдад зориулсан хөнгөлөлттэй зээл зэрэг нь хот руу төвлөрсөн төвлөрлийг бууруулж чадсан. Эдгээр арга хэмжээнүүд маань гамшгийн эрсдлийн дараа болчихоод байгаа юм. Энэ бол асар их хэмжээний зардал гарч, төсөв дээр ирж байна гэсэн үг шүү дээ.
Энэ нь нөгөөтэйгүүр, бид хэцүү байгаа төсөв дээрээс дахин 5, 10 төгрөгийн илүү зардал гаргана гэдэг нь дахин татвар төлөгчдийн мөнгө рүү орно. Эргээд хэцүү байгаа эдийн засаг, санхүү төсөвт нэмэлт ачаалал болдог. Олон улсын байгууллагын гаргасан судалгаагаар урьдчилж төлсөн нэг төгрөгийн зардал долоон төгрөгийн зардлыг хаах тооцоо бий. Бид өнгөрсөн жил “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 700-800 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олголоо гэсэн зүйл ярьж байна. Үүнээс 10 юм уу 20 тэрбум төгрөгийг даатгалын хураамжид төлдөг болбол 700 тэрбумын тал хувийн зардлыг даатгалын салбар даах систем рүү очих байхгүй юу. Энэ даатгалын тогтолцооны онцлог нь төр, хувийн хэвшлийн хамтарсан тогтолцоон дээр хэрэгждэг. Төр хувийн хэвшил хамтарч хийж байж даатгалын тогтолцоо зарчмын дагуу хэрэгждэг.
Дээр ярьсан босго үзүүлэлт бууруулаач, малчны хотонд гарсан хохирлын нөхөн төлбөр өгөөч гэдэг энэ асуудал бол эдийн засгийн хувьд ашиггүй учраас хувийн салбар өөрөө гарчихна. Хувийн салбар гарч явахаар дээр хэлсэн халамжийн бодлого руугаа л очино.
Бидэнд тулгарч буй асуудал нь, малчдад бэлэн мөнгө олгохтой ялгаагүй зүйлийг гишүүдээс нэхээд байна гэсэн үг.
37 тэрбумыг цуглууллаа, 29 тэрбумыг нь өглөө. Гэтэл цаана нь хасах дүнтэй байгаа байхгүй юу. Угтаа бол даатгалд төлсөн мөнгө хувьцаа эзэмшигчдийн орлого болж компани ашиглаад байгаа зүйл биш хуультай учраас хамтын эрсдлийн санд мөнгөө төвлөрүүлж чадаж байна. Энэ тогтолцоог нь даатгалын компаниуд дэмжээд явж байна. Уг системээ эвдэхгүйн тулд босго үзүүлэлтүүд байх ёстой. Босго үзүүлэлтийг алга болгоно гэж яривал хувийн хэвшлээ түлхсэн, эргээд төр лүү бүх зүйлээ чиглүүлсэн, татвар төлөгчдийн мөнгөөр сангаа бүрдүүлсэн ийм зүйл рүү л явчих вий гэдэг л эгзэгтэй үе шүү дээ, өнөөдрийн бидний хэлэлцэж буй чуулган дээр хоёрхон зүйл хэлэлцэж байгаа мэт боловч агуулгын хувьд ийм юм. Энэ тал дээр бид мэргэжлийн байр сууринаас хандаж байгаа.
Төр, хувийн хэвшил хамтарч энэ хамтын эрсдлийн сан, Үндэсний давхар даатгалын тогтолцоог хэрэгжүүлсэн тохиолдолд энэ систем өөрөө бодитойгоор олон жил тогтвортой оршино. Малчин иргэдэд нүүдлийн мал ахуйд суурилсан ялангуяа цор ганц энэ тогтолцоог хадгалж хамгаалах ёстой. Үүний тулд төр хувийн хэвшилтэйгээ хамтрах хэрэгтэй. Зөвхөн даатгалын салбарт бус санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлье гэдэг асуудал руу бид орж байгаа. Өнөөдөр нийт даатгалын 80 хувь нь банкаар дамжиж байна.
Банканд зээл авах гэж буй малчид малаа даатгуулж байгаа. Эрсдлээ бодож биш зээлийн үйлчилгээ буюу санхүүд тулгуурлаж малын даатгалд хамрагдаж байгаа байхгүй юу. Энэ чинь нөгөө малчид маань нөгөө 6 хувь босго давдаггүй гэсэн сэтгэхүйгээс үүдэлтэй.
Босгыг бууруулж 3 болгосон ч хэвээрээ байна. Энэ бол өөрчлөгдөхгүй. Олон улсын мэргэжилтнүүд дүгнэж хэлдэг. Босго үзүүлэлтийг бууруулсан ч энэ өөрчлөгдөхгүй. Энэхүү санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлснээр хамрагдалтыг нэмэгдүүлэх боломж бий гэсэн гарц хараад байгаа юм. Манай санхүүгийн үйлчилгээний хүртээмж орон нутагт Хаанбанк, төрийн банк гэсэн хоёрхон банк нийт 330 суманд зээлийн үйлчилгээ хүргэж байна. Маш цөөхөн банк бус санхүүгийн байгууллага малчдад санхүүгийн үйлчилгээ хүргэж байгаа. Гэхдээ тэр нь өртөг өндөртэй . Үүнийг бид яаж төрөлжүүлэх вэ гэдэг дээр ажиллаж туршилтаар хэрэгжүүлж байгаа юм. Хоёрхон банкнаас хамааралтай байна гэдэг нь хөдөө өрсөлдөөн байхгүй. Санхүүгийн үйлчилгээний өрсөлдөөн байхгүй. Шинэ үйлчилгээ оруулж ирж байж хувийн хэвшлийнхэн хоорондоо үйлчилгээгээрээ өрсөлдөнө. Ингэж байж даатгуулагч малчин өрхөд очиж буй санхүүгийн хүртээмж нэмэгдэхээр малчин сонголттой болно. Сонголттой болохоор санхүүгийн асуудлаа олон эх үүсвэрээр шийдвэрлэх боломж бүрдэх юм. Энэ бол том зорилго. Үүний тулд бид та малаа даатгуулчих, танд санхүүгийн үйлчилгээ болох зээлийн үйлчилгээ буюу манайхаар аппликэйшний зээл нэрлээд сурсан. Үүнийг бид олгох боломжийг бүрдүүлье гэж байгаа юм. Санхүүгийн байгууллагын хувьд эрсдлээ хардаг.
Эрсдэл харахад малчин өрх хөрөнгөтэй. Хөрөнгө байгаа ч тэр нь бэлэн мөнгөний эргэлтгүй. Хавар ноолуур, намар махны бэлтгэлээс өөр бэлэн мөнгөний эргэлт байхгүй учраас энэ хооронд зээлээс зээлийн хооронд малчид өөрийнхөө бэлэн мөнгөний хэрэгцээг хангаж явдаг. Энэ бол маш сул тал.
Банк болон ББСБ-уудын зүгээс харж буй нэг эрсдэл нь зээлээ төлөх эх үүсвэр нь мал нь шүү дээ. Мал нь байхгүй болбол юугаар төлөх үү. Энэ гол эрсдлийг бид даатгалаараа хамгаалчихаж байгаа юм. Та даатгуулбал, танд санхүүгийн зээлийн үйлчилгээг санал болгож байна. Энэ бол бичил зээлийн хөтөлбөр гэж ойлгож болно. Гурван сая төгрөг хүртэл хэмжээнд малчин өрхийн зээлийн шугам нээгдэх боломжтой энэ тогтолцоог малаа даатгуулснаар бүрдүүлэхээр ажиллаж байна.