Дэлхийгээс ойролцоогоор 3.0 тэрбум орчим км-ын алсад оршиж байгаа Ryugu нэртэй, 4.6 тэрбум жилийн настай сүүлт одны дээжийг тээсэн сансрын судалгааны Хаяабуса-2 буюу Шонхор-2 нэртэй хөлөг өчигдөг дэлхийн агаар мандалд ойртон ирж, хөрсний дээж бүхий тээшний савыг хэт өндрөөс шүхрээр буулгасан.
Энэ үйл явдал Австрали улсын нутаг дэвсгэрт болсон бөгөөд тээшийг эрэн хайж олох үйл явцад Япон, Австрали улс хамтран оролцлоо. Агаар мандлаас илгээсэн галт бөмбөг хэрхэн газардаж буй талаар сансар судлаачид нүд чавчилгүй харсаар сансарын зочиноо хүлээн авлаа.
Рюгу астероид нь маш их эртний сансрын биет тул түүнийг судалснаар манай нарны аймгийн үүслийн талаар мэдээлэл олж авах зорилготой юм.
Аялал ийнхүү эхэлжээ
Япончууд анхны Хаяабуса хөлгийг 2005 онд илгээж байсан ч судалгааны станц нь газардаж чадалгүй бүтэлгүйтэж байв. Гэвч долоон жилийн хүнд хэцүү аялалаа 2010 онд дуусгахдаа, Рюгү астероидоос жижиг, өөр нэг сансрын биетийн тоосны дээжийг дэлхийд хүргэж ирсэн байдаг байна.
Харин Хаяабуса-2 хөлгийн аялал 2014 оны арванхоёрдугаар сард эхэлсэн юм. Гурван жил зургаан сарын дараа Рюгу астероидод хүрсэн юм. Гэвч дөрвөн сарын турш астероидын барзгар гадаргуугаас станц буулгахад тохиромжтой тэгш хэсгийг хайн, тооцоо хийсээр 2018 оны есдүгээр сард бялуу хэлбэртэй, хоёр ширхэг судалгааны робот станц Хаяабуса-2 хөлгөөс салж, астероид дээр газардсан юм.
Энэ талаар “Хоёр станц хоёул хэвийн ажиллаж, Рюгу астероидын гадаргыг судлах ажлаа эхлүүллээ” хэмээн JAXA мэдээлж байсан.
Рюгу астеройдын талаар
Нэг километр орчим диаметртэй, төмс хэлбэрийн Рюгу астероид нь маш бага татах хүчтэй тул буусан станцууд буцан ойж, 15 метрийн өндөрт 15 минут орчим нисээд буцаж буух хэлбэрээр оршсон. Өөрөөр хэлбэл ойж буух завсраа Рюгу астероидын гадаргыг судлах ажиллагааг явуулсан юм. Ингээд дэлхий рүү тус сансрын станцаас астеройдын гадаргууг харуулсан бичлэг, зураг ирж, сансар судлал дахин нэг түвшинд гарсан баярт үйл явдал болсон.
Тиймээс дараагийн зорилгоо хэрэгжүүлсэн юм. Энэ нь, Шонхор-2 хөлөг гурав дахь судалгааны станцаа буулгах байв. Судалгааны станц эхлээд хоёр кг жинтэй тэсрэх бодисыг Рюгу дээр хаяж тэслээд цацагдсан чулуулгын дээжийг түүж авах юм.
2019 оны арваннэгдүгээр сар: Буцах даалгавар
Японы Хаяабуса-2 хөлөг маргааш алс хол байгаа астероидын тойрог замаас гарч, дэлхийн зүг жолоо залахаар болсон хугацаа бол 2019 оны арваннэгдүгээр сар. Рюгү астероидын хөрснөөс дээж амжилттай авч, зорилгоо биелүүлсэн тул ийнхүү буцах даалгаварыг сансарын хөлөгт өгсөн юм. 2020 оны сүүлээр дэлхийд сансарын зочин ирнэ гэсэн тооцоо гарсан. Шонхор-2 хөлөг астероидод хүрэхдээ 3.5 жил зарцуулсан бол буцахдаа илүү богино хугацааг зарцуулсан билээ. Учир нь яг одоо дэлхий, Рюгү астероид хоёр хамгийн ойр зайд байрлаж байгаа юм.
Зургаан жил үргэлжлэх энэхүү төсөлд Японы засгийн газар 30 тэрбум иен ($278 сая) зарцуулжээ.
2020 оны арваннэгдүгээр сарын 24: Сансарын зочин ирэх тов гарав
Японы сансар судлалын хүрээлэнгээс өнгөрсөн сарын 24-нд Сансарын зочин ирэх товийг нийтэд мэдээлсэн юм.
Ингэхдээ “Одоо хоёр долоо хоногоос бага хугацаа үлдээд байгаа бөгөөд Дэлхий хүртэл 4,500,000 км хүрэхгүй зайтай байна. Дэлхий рүү буцах одоогийн төлөвлөгөө (JST-д):
・ 12-р сарын 5, 14:00 - 15:00 цаг: капсулыг салгах
・ 12-р сар 5, 15:00 - 17:00 цагт: сансрын хөлөг хөөрөх тойрог замын өөрчлөлт
・ 12-р сар 6, 02:00 - 03:00 цаг: капсул буух...” хэмээн мэдээлсэн юм.
Одоо судлах л үлдлээ...
Олон тэрбум жилийн настай сүүлт одны дээжийг тээж, 300 гаруй сая км-ын алсаас нисч ирсэн Японы Сансрын судалгааны байгууллагын хөөргөсөн сансрын “Hayabusa-2” нэртэй хөлөг зургаан жилийн дараа дэлхийн агаар мандалд ойртон ирж ачаагаа амжилттай буулгажээ.
Ачаа урд шөнө Өмнөд Австралийн нутаг, Cooper Pedy гэдэг газарт амжилттай газардаж, одоо Японд байрлах судалгааны байр руу тээвэрлэж байна. Ингэснээр лабораторид судалгаа шинжилгээ хийх ажил үргэлжлэх болно. Судалгааны ажил хамгийн багадаа 10-14 хоног, улмаар нарийвчилсан судалгаа олон сараар үргэлжилнэ.
Уг сүүлт одыг судалж буй төслийн менежер Макато Ёшикава “4.5 тэрбум жилийн настай уг сүүлт одны дээжийг судалснаар дэлхийн гарал үүсэлтэй холбогдох органик материалыг олохыг зорьж байна” гэж мэдэгджээ.
Сансрын уудмыг судлах, дэлхийн гарал үүслийн шалтгаан ба насыг тогтооход энэхүү төсөл тун чухал үүрэг гүйцэтгэнэ гэж олон орны эрдэмтэн судлаачид ихээхэн найдлага тавьж байна. Хүн төрөлхтөн нарны аймгийн бусад гариг эрхэсийг судалгааны төхөөрөмжөөр ойртон очиж судлах үйл ажиллагаа 1970-аад оноос эхэлсэн. Өнгөрсөн 50 гаруй жилийн дотор NASA, Европын Санрын уудмыг судлах агентлаг, Японы сансрын уудмыг судлах агентлагууд нийтдээ 20 орчим сансрын хөлөг, судалгааны төхөрөмжийг хөөргөжээ.
Шонхор-2 хөлөг сансарын аялалаа үргэлжлүүлсээр байгаа юм.