Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Бумдарь: Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө зөв томьёололтой, эрэмблэгдээгүйгээс болж засаг солигдох бүрд тогтмол шинэчлэгддэг сул тал манайд тогтчихсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 52 секунд

Ардчилсан нам МАН-ын Бага хурлын шийдвэрийн дагуу хамтарсан Засгийн газраас гарч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд УИХ итгэл хүлээлгээгүй тул Үндсэн хуулийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу тэрбээр огцорч буй. Тэгвэл дараагийн Засгийн газар байгуулагдах үйл явц нийгэм, улс төрийн хүрээнд анхаарал татаж байгаа тул улс төр судлаач Д.Бумдарьтай ярилцлаа.

-Анхны 126 гишүүнтэй парламентад олонх болсон МАН энэ удаад АН, ХҮН намтай урилгаар хамтарч Засгийн газраа байгуулсан. Арван сарын дараа энэ засаг огцорч байна. Одоо нийгэмд төдийгүй улс төрийн хүрээнд дараагийн ЗГ хэрхэн байгуулагдах нь сонирхол татаж буй. Судлаачийн хувьд энэ дүр зургийг хэрхэн ажиглаж, дүгнэж байна вэ?

-Засгийг газрын насжилт улс төрийн шинжлэх ухаан талаасаа тийм ч чухал биш. Гэхдээ мэдээж тогтвортой байх нь чухал. Улс төрийн соёл төлөвшчихсөн улс оронд бол төрийн бодлого нь тасралтгүй залгамж холбоотой явж чаддаг учраас гүйцэтгэх засаглал хэдэн удаа солигдсон байсан ч бодлого нь үргэлжилж л байдаг.

Манай гүйцэтгэх засаглалын тогтвортой үйл ажиллагаа явуулах дундаж хугацаа 1.8 жил гэж судалгаагаар дүгнэсэн байдаг. Үүнийг дагаад ЗГ-ын чиг үүрэг, бүтцийн хувьд, мөн төрийн бодлогын залгамж холбооны хувьд ч үргэлж тасалдаж байна гэсэн шүүмжлэл гардаг. Ийм шүүмжлэл яагаад гарч байгаа вэ гэхээр Монгол Улсын хөгжлийн бодлогоо, стратеги төлөвлөлт зөв томьёологдож, эрэмбэлэгдээгүй явж ирснээс болж засаг солигдох бүрд бодлогууд тогтмол шинэчлэгдэж байдагтай холбоотой. Тиймээ засаг хэрхэн солигдохоос үл хамаарч бодлогын ажлууд хаягдаж, гацаж болохгүй байх нь энэ цаг үед хамгийн чухал нь юм.

-Хуульд хамтарсан Засгийн газар гэдэг нэг ч нэр томьёо байхгүй-

-Үндсэн хуульд зааснаар парламентад олонх болсон нам Засгийн газраа байгуулах эрхтэй. Гэхдээ саяын хамтралыг МАН яагаад хийх болов, дараагийн засгийн газраа УИХ-д суудалтай бусад намуудын хамтралаар үргэлжлүүлэх, эсвэл дангаар засаглахын эсэхийн аль нь болохыг олон нийт ажиглаж, сонирхож буй?

- Зарим хүмүүс Эвслийн Засгийн газар байгуулах тухай асуудлыг ярьж байна. Гэтэл хуулиараа эвслийн Засгийн газрыг сонгуульд орохоос өмнө эвслийн гэрээгээ байгуулж байх ёстой байсан. Тиймээс энэ удаад эвслийн Засгийн газар байгуулах гэдэг ойлголт байхгүй гэдгийг судлаачийн хувьд хэлэх нь зүйтэй байх.

Хоёрдугаарт, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд МАН 68 гишүүний суудал авч олонх болсон хэр нь дангаар Засгийн газраа байгуулаагүй. УИХ-д олон суудал авсан АН, ХҮН намд урилга өгч хамтралыг бий болгосон. Хуульд хамтарсан Засгийн газар гэдэг нэг ч нэр томьёо байхгүй учраас Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд АН болон ХҮН намыг урьж Хамтарсан Засгийн газрыг байгуулсан гэсэн үг.

Тэгэхээр дараагийн Засгийн газар өмнөх хамтарсан гэдэг хэлбэрээрээ дахиж байгуулагдах уу, эсвэл Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу дангаар засаглах уу гэдэг шийдлийг дараагийн Ерөнхий сайд болон олонх болсон намын шийдэх асуудал юм.

-УИХ-д 42 гишүүнтэй АН сайд нараа засгаас гаргаж дангаар сөрөг хүчнээ хийхээ мэдэгдчихлээ.Ингэснээр дараагийн Засгийн газар ямар ч байдлаар байгуулагдсан парламент дээр нэлээд хүндрэлтэй нөхцөл рүү орно гэж яригдаж байна. Учирч болох хүндрэлийг дараагийн ЗГ хэрхэн анхаарч харах ёстой гэж та хэлэх вэ?

-Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө нэгэнт дөрвөн жилээр батлагдчихсан. Энэ хөтөлбөр цааш хэвээр үргэлжилнэ гэж тооцвол ЗГ-ын мөрийн хөтөлбөрт АН-ын мөрийн хөтөлбөрийн 70 гаруй хувь нь орчихсон гэж ойлгож байгаа. Тиймээс намуудад мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт дараагийн сонгуульд маш чухал тайлан болж байдаг учраас АН тухайн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд дараагийн Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг үгүйсгэхгүй.

Нөгөө талдаа сонгуулиар АН-ыг Хяналтын үүргээ хангаж, сөрөг хүчин байх гэдэг итгэлийг өгч сонгосон иргэдийн итгэлийг алдахгүй байх үүднээс өөрийн гэсэн стратегиа гаргаад явах эрх нь бий гэж хэлж болно.

-Ерөнхий сайд, ЗГ-ын сайдуудыг УИХ 30 хоногийн дотор томилохгүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах эрхтэй-

-Хэрэв дахин хамтарсан байдлаар Засгийн газрыг байгуулбал УИХ-д цөөнх болсон ИЗНН, Үндэсний эвслийг урьж оруулах болох байх. Тэглээ гэхэд нэгэнт УИХ-аас батлаад өгчихсөн ЗГ-ын мөрийн хөтөлбөрт тусгагдаад явж байгаа АН-ын ажлыг үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй байхаар. Аль ч улс төрийн намын гол амбиц засгийн эрхийг авах, хамтарсан юм уу эвссэн тохиолдолд өөрийн намын мөрийн хөтөлбөрөө тусгаж хэрэгжүүлэх шүү дээ. Тиймээс үүнийг та юу гэж харж байна?

-Миний санаж байгаагаар хамтарсан Засгийн газар байгуулагдах үед дэмжиж санал өгсөн гишүүдийн хувь маш өндөр байсан. Өөрөөр хэлбэл 118 гишүүний дэмжсэн саналаар Засгийн газар байгуулагдаж мөрийн хөтөлбөрөө баталгаажуулсан. Энэ агуулгыг харвал ЗГ-ын мөрийн хөтөлбөрийг гурван намыг ялгалгүйгээр дэмжсэн л гэсэн үг.

Нийгмийн хүлээлт өнөөдөр юу байна вэ гэхээр мэдээж төр засаг тогтвортой ажиллаж аль болох улстөржихгүй байхыг хүсэж байгаа.Үүнээс гадна хамгийн том зүйл бол иргэдийн амьжиргаа, цалин хөлс, нийгмийн баталгаа болоод эдийн засгийн тогтвортой байдал болж буй. Инфляц өсөж, төгрөгийн ханш унаж байгаа зэрэг олон тулгамдсан асуудлуудыг шийдэх чадвартай Засгийн газрыг хүлээж байгаа.

Иймд өнөөдөр хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагад ажиллаж байгаа бүрэн эрхт гишүүд үүнд төвлөрч ажиллах нь энэ цаг үед хамгийн чухал зүйл.

- Дараагийн Засгийн газрыг эмхлэн байгуулах эрх зүйн зохицуулалтад онцолж ярих зүйлс нь юу байх вэ?

-Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын чуулганы дэгий тухай хууль, Засгийн газрын хууль болон дагалдах хуулиудаар зохицуулагдах ёстой. Яг энэ удаагийн тохиолдолд буюу Ерөнхий сайд болон кабинет огцорсон нөхцөлд хуульд зааснаар 30 хоногийн дотор дараагийн ЗГ байгуулагдах ёстой болж байгаа.

Мэдээж олонх болсон МАН Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг санал болгохдоо Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. Ерөнхийлөгч Ерөнхий сайдаар томилох хүнийг УИХ-тай зөвшилцөх саналаа 5 хоногийн дотор оруулж ирэх хуулийн заалттай. Ерөнхийлөгчийн УИХ-д гаргасан зөвшилцөх саналыг УИХ дахь ТББХ ажлын гурван хоногийн дотор хэлэлцэх ёстой. Эцсийн процесс УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар тухайн саналыг дэмжих, эс дэмжих гэдэг асуудал яригдаж санал хураах юм.

Нөгөө талаараа Ерөнхийлөгчөөс Ерөнхий сайдад санал болгосон хүнийг болоод ЗГ-ын кабинетад орж ажиллах дараагийн сайд нарыг УИХ хуульд заасан 30 хоног дотор баталж чадахгүй бол УИХ-ыг Ерөнхийлөгч тараах бүрэн эрхтэй. Ийм процесс явагдах учраас одоогийн Засгийн газрын огцорсон тогтоол уншигдсан цагаас хугацаа нь гүйж эхэлсэн гэсэн үг. Тиймдээ ч УИХ-д олонх болсон МАН дараагийн процесс руугаа аль хэдийн орж эхэлсэн байх гэж судлаачийн хувьд харж байна.

-МАН-ын дарга Ерөнхий сайд болох дүрэмтэй шүү дээ. Гэтэл намын даргын асуудлыг Их хурлаараа шийддэг учраас энэ удаад Бага хурлаасаа Ерөнхий сайдаа санал болгоод дараа нь намын даргын асуудал яригдах уу?

-Тийм. Хуулийн цаг хугацааны хувьд эхэлж Бага хурлаараа Ерөнхий сайдаа санал болгох улс төрийн шийдвэрээ гаргасны дараа намын даргын асуудлаа Их хурлаараа ярих болов уу. Нэн тэргүүнд гүйцэтгэн засаглалын залгамж холбоог удаан хугацаанд тасалдуулж болохгүй гэдэг утгаар дараагийн Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудал олонх болсон намын хувьд нэн тэргүүний асуудал болж буй нь тодорхой.

Ярилцсанд баярлалаа

Иргэдийн төлсөн НӨАТ-ыг шаталсан хэлбэрээр 100 хүртэл хувиар буцаан олгоно
Иргэдийн төлсөн НӨАТ-ыг шаталсан хэлбэрээр 100 хүртэл хувиар буцаан олгоно
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.