Анхан шатны шүүхээс өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдөр Мэдээлэл, технологийн үндэсний паркийн хойд жигүүр болох 2526.33 м.кв төрийн өмчийн талбайг "Ньютур сафарис" ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, тухайн байгууллагын нийт нэхэмжилсэн 5.181.587.800 төгрөгийн нэхэмжлэлээс төрд учруулсан хохирлыг хасаад, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийт 787.200.284 төгрөгийг Өргөө-2 салбарын үл хөдлөх эд хөрөнгийн зардалд төлөхөөр шийдвэрлэсэн байдаг.
Тэгвэл "Ньютур сафарис" ХХК-ийн дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа талаар "Мэдээлэл, технологийн үндэсний парк" ТӨҮГ-ын захирал Ж.Золзаяа мэдэгдлээ.
Тодруулбал тэрбээр "Анхан шатны шүүхийн шийдвэрээр дамжуулан түрээслэх эрхгүй гэдгийг нь баталгаажуулчихаад байхад, өөрийн ашигладаг талбайгаа бусдад дамжуулан түрээсэлж, "И-СПОРТ"-ын 24 цаг ажилладаг газар оруулж байгаа нь тус байгууллага шүүхийн засаглалыг уландаа гишгэж байна гэдгийг харуулж байна. Мөн хүнсний болон ресторануудад бид авчихна гээд түрээслэхээр санал тавиад явж байна. Гадаах хаягаа ч шинээр солиод гарахгүй гэсэн санаагаа ил болгож, давж заалдаж, цаг хугацаа авч бусдыг хохироосоор байна.
Мөн энэхүү хууль бус үйл ажиллагаа үргэлжилсээр байвал шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох цагт олон иргэн, хуулийн этгээд хохирох бодит нөхцөл бий болоод байгаа тул энэ хуулийн хулгайгаар ашигладаг байгууллагатай хатуу арга хэмжээ авч тэмцэнэ. Хууль бус үйл ажиллагаагаар төрийн өмчийг ашиглаж мөнгө олж байгаа групп компани, шилдэг татвар төлөгч гэхээсээ ичих хэрэгтэй. Энэ талбай гарааны компаниудын үйл ажиллагаагаа эхлэх газар болохоос биш төрд шургалах гэсэн хулгайчдын ашиг олдог газар биш.
Давж заалдах шатны шүүхээс энэ хуулийг хулгайгаар төрийн өмчид бугшсан асуудлыг шударгаар шүүж, залуустаа тэгш боломж олгоно гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Дашрамд дурдахад, давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 9-ний өдөр товлогдсон байна.