Өнөөдөр УЛААН ТАЛБАЙД монгол цэргүүд алхана. Тодруулбал, Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд дэд хурандаа Э.Билэгсайхан ахлагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний дайчид жагсах юм.
Энэ жил зэвсэгт хүчний 70 алба хаагч жагсаалын бие бүрэлдэхүүнд багтан алхах гэж буй бөгөөд тэдний дунд өмнө Ялалтын парадад алхаж туршлагатай 7 алба хаагч багтжээ. Ингэснээр манай улсын бие бүрэлдэхүүн гурав дахь удаагаа Ялалтын баярын парадад алхах гэж байгаа юм.
Сонирхуулахад, эх орноо төлөөлөн жагсах цэргийн алба хаагчдын маань өндөр 185-196 см бөгөөд гадаадын 12 орны цэргүүдтэй энэ зэрэгцэн жагсах юм.
Түүнчлэн Ялалтын баярын арга хэмжээнд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотноо энэ сарын 7-ны өдөр хүрэлцэн ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр тэрбээр дайны он жилүүдэд монголын ард түмний бэлгийг 19-хэн насандаа фронтод хүргэж явсан ахмад дайчин С.Цэгмид, ахмад дайчин, фронтын сувилагч Д.Чимэдцэрэн болон бусад төлөөлөгчдийн хамтаар баярын арга хэмжээнд оролцож, цэргийн парадыг үзэж сонирхоно.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдөр “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөнө. Улаан арми Гитлерийн Германыг бут цохисны 25 жилийн ойгоор буюу 1966 оны 12 дугаар сард Москвагийн ойролцоо Германы цэрэгтэй тулалдсан Ленинградын шоссе орчмоос олдсон нэр нь үл мэдэгдэх цэргийн шарилыг зөөн авчирч байрлуулан энэхүү хөшөөг босгосон түүхтэй. Тиймдээ ч жил бүрийн тавдугаар сарын 9-ний энэ өдөр Ялалтын баярыг тэмдэглэх үеэр бүх орон даяар нэг нэг минут чимээгүй байж, дайнд амь үрэгсдийнхээ дурсгалыг хүндэтгэн, эл хөшөөнд цэцэг өргөдөг аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!