БИЗНЕС СТОРИ: Засварчнаас бизнесээ босгосон ТҮҮХ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 57 секунд

Эрдэнэт хотыг “Эрдэнэт” үйлдвэргүй төсөөлөхийн аргагүй. Цаашилбал, улсын эдийн засгийн томоохон хөшүүрэг болсон энэ том айлыг нуруундаа үүрч яваа уурхайчдын цаана мөн л мянга, мянган амьдрал хамаарна. Өдөр бүр эсэн мэнд гэртээ эргэж ирэх эсэхээ мэдэхгүй ч “орой уулзана аа” гээд гэрээсээ инээгээд гардаг нөхөр. Хамгийн том аз жаргал бол үйлдвэрээсээ гараад гэрийн зүг автобусандаа суугаад харих мэдрэмж. Эрдэнэтийн ажилчдын нэг бахархал нь энэ л ажилчдын цуваа автобус.

ӨНДӨР ЦАЛИНТАЙ АЖЛААСАА ГАРАХ ЭР ЗОРИГ

С.Бат-Эрдэнэ тэр л шижигнэсэн залуу ажилтны нэг. 20 гаруй жил засварчнаар ажилласан ч тэтгэвэрт гарах цагаа хүлээсэнгүй. Монголд ажилтнаас хувьдаа гарах нь асар том эр зориг. Амжилт олж санхүүгийн эрх чөлөөнд хүрэхээсээ өмнө хураасан хэдэн төгрөгөө салхинд хийсгэж татварын өр төлбөрт орохоос авхуулаад хаалгаа барих зам нь даанч ойрхон. Ялангуяа “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр ч улс орны төсвийн орлогын төдийгүй олон хүний амьдралын баталгаа болсон хэвээрээ. Харин түүний хувьд “Яагаад Монголдоо үйлдвэрлэж болохгүй гэж” гэх бодол нь бизнесийн салбарт амжилт олох түлхүүр нь болжээ. Гэхдээ хөдөлгүүр нь сэтгэл хөдлөл бус эрдэм шинжилгээний ажлаасаа олж харсан АЛСЫН ХАРАА нь байж. Энэ талаар “Металлургийн чиглэлээр нэлээн судалдаг учраас улс орны ирээдүйд уул уурхайн салбар хөгжих учраас зах зээлийн орон зай байгааг олж харсан. Ингээд л өндөр цалинтай “Эрдэнэт” үйлдвэрээсээ гарч бизнесийн салбарт орсон доо” гэж байлаа.

ХЯМРАЛЫН ШУУРГАНД ТЭСЧ ҮЛДСЭН 20 ЖИЛ

2004 он: ОРА МЕТАЛЛ ХХК нь сайжруулсан гангийн хайлшаар цутгах аргаар тээрмийн ган бөөрөнцөг үйлдвэрлэхээр Японы Furucawa casting, БНХАУ-ын Anhuin үйлдвэрүүдийн туршлага технологийг судлан Монголд анх удаа нутагшуулан үйлдвэрлэхээр байгуулагдсан нь эхлэлийн цэг байв. Гэвч бүх зүйл эхэлсэн шиг амар байсангүй. Өндөр зээлийн хүү, татварын торгуулиас авхуулаад тогоо таслуулах нь энүүхэнд. Цаашлаад ханшийн савлагаа, хямралын шуурганд хөл дээрээ тогтож үлдэнэ гэдэг амаргүй даваа. Өнөөдрийг хүртэл эдийн засгийн гурван ч удаагийн хямрал / 2008, 2012-2016, 2020-2021/ -ын ард гарч бизнесийн салбарын жаргалын зовлонг хамт үүрч яваагаа “Зовлон тоочих дургүй” гэж эрсхэн хэлсэн юм. Энэ талаар “Бүрхэг зүйл их байна. Гэхдээ би хувь хүнийхээ хувьд зовлон тоочихгүй, өөрөө бүгдийг даван туулъя гэж боддог. Мэдээж өндөр татвар, зээлийн хүү өндөр, боловсон хүчний хангамж муу зэрэг асуудал байгаа ч энэ бүгдийг 20 гаруй жил даван туулж ирлээ. Цаашид даван туулна гэж бодож байна. Зовлон ярих дургүй инженер хүн байна” гэж байлаа.

Ялангуяа төр бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэдэг атал ачир дээрээ сайн явбал дээрэмдэж, саар байвал гишгэлдэг эдийн засаг нь улс төрөөс хараат экстрем нөхцөлд хувийн хэвшлийнхэн хөгжинө гэдэг өвлийн хүйтэнд яргуй дэлгэрэхтэй адил биз.

Анх 30 гаруй хүнтэй, механик буюу гар аргаар бүтээгдэхүүнээ гаргадаг наашаа гэх хөрөнгө оруулалтгүй байсан үйлдвэрийнхээ тухай С.Бат-Эрдэнэ ярихдаа “Эхлээд бүх зүйл амар байгаагүй. Өнөөдөр ч амаргүй байна. Анх үйлдвэрээ байгуулахад хөрөнгө оруулалт босгох, шинэ техник тоног төхөөрөмж нэвтрүүлэхээс авхуулаад Монгол ажилчдаа сургах зэрэг өч төчнөөн л зовлон байсан. Энэ бүгдийг өөрийнхөө алсын хараа эцсийн зорилгодоо үнэн ч тууштай явсны үр дүнд компанийнхаа хөгжлийн бодлогод төлөвлөгөөний дагуу бага багаар урагшилж л байна. Тэр бүгдэд л татварын торгууль алданга бодуулах, цахилгаанаа таслуулах зэрэг асуудал байлаа. Өнөөдөр ч бас амар биш. Энэ бүгдийг давж гарах ёстой. Ер нь хормойгоо чангалж байна” гэж байлаа.

ХЭРЭВ ЗОРИГ ГАРГААГҮЙ БОЛ

Өдгөө бизнес нь эрийн цээнд хүрч, С.Бат-Эрдэнэ гуай тэтгэвэр тогтоолгох насан дээрээ ирсэн ч 100 гаруй хүнийг ажлын байраар хангаж, гадагшаа урсаж буй валютын урсгалыг бага ч атугай үйлдвэрлэлээрээ торгоож эдийн засгийн цусны эргэлтэд дэм болж яваа хувийн хэвшлийн төлөөлөл юм. Тэрбээр “Чиний хувь заяа чиний гарт бий. Хүнээс битгий хамаар” гэсэн зарчим баримталж ирсэн нь түүнийг үйлдвэрийн ажилтнаас бизнес эрхлэгч болоход түлхсэн биз. Магадгүй 21 жилийн өмнө тухлаг бүсээсээ гарч өндөр цалинтай ажлаасаа гарах зориг гараагүй бол өнөөдөр дасал болсон ажилчдын автобусандаа жим татуулсаар тэтгэвэрт гарах бодолдоо ээрэгдэж шар нар бор хоногийг өнгөрөөх ирээдүй хүлээж байсныг үгүйсгэхгүй биз.

Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
 
“KFC”-гийн хүргэлтийн машин гарцан дээр 10 настай охиныг мөргөжээ
“KFC”-гийн хүргэлтийн машин гарцан дээр 10 настай охиныг мөргөжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!