СЭДЭВ: Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдээс ижил хүйсийн мөрдөгч мэдүүлэг авдаг болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 31 секунд

Бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй хүүхдээс эрэгтэй мөрдөгч мэдүүлэг авч, зохисгүй асуулт асууж, хүний эрхийн зөрчил гаргасан талаар манай сайт гуравдугаар сарын 26-нд нийтэлсэн. Тус нийтлэлд "2023 онд шүүхээр шийдвэрлэгдсэн 40 хавтаст хэрэгт мэдүүлэг авсан 112 тохиолдлын 81 буюу 72.3 хувьд нь эрэгтэй, 31 буюу 27.7 хувь нь эмэгтэй цагдаа байсан" талаар дурдсан.

Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчаас 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн А/11 дугаартай "Албан даалгавар" Мөрдөн байцаах албаны даргаас мөрдөн шалгах чиг үүрэг бүхий нэгжүүдэд бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүдээс ижил хүйсийн мөрдөгч мэдүүлэг авах үүрэг чиглэлийг өгчээ.

Энэхүү шийдвэр нь 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн байна. Түүнчлэн нийслэлийн дүүрэг тус бүрт 2-оос доошгүй эмэгтэй мөрдөгч, нэг сэтгэлзүйч ажиллаж байгаа гэв.

Улсын хэмжээнд 81 эмэгтэй мөрдөгчид энэ төрлийн гэмт хэрэгт дагнан мөрдөх шалгах ажиллагаа явуулж байна

Мөрдөн байцаах албаны хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Мөнхбат "Өнөөдрийн байдлаар нийслэлд 60 орон нутагт 21, улсын хэмжээнд 81 эмэгтэй мөрдөгчид энэ төрлийн гэмт хэрэгт дагнан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Уг орон тоог нэмэхээр судалж байгаа.

Дээрх эмэгтэй мөрдөгчдийг энэ төрлийн гэмт хэрэгт дагнан ажиллуулах, хэргийг өөр мөрдөгчид шилжүүлэхгүй байх, зайлшгүй шаардлагаар өөр мөрдөгчид шилжүүлэх тохиолдолд мөрдөн байцаах албаны даргад танилцуулсны үндсэн дээр хэргийг шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч, хяналт тавин ажиллаж байна.

Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүд гэмт хэргийн улмаас айсан, түгшсэн, сэтгэл гутралд орсон зэрэг шинж тэмдгүүд илэрдэг учраас сэтгэлзүйч тухайн хүүхдийг бүрэн тайвшруулсны эцэст тусгайлан бэлтгэсэн өрөөнд мэдүүлэг авдаг. ЦЕГ-ын даргын тушаалаар энэ онд мөрдөн байцаах албаны хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн бүтэц, орон тоог нэмэгдүүлсэн. Мөрдөн байцаах алба нийт 19 хүний орон тоотой. Өнөөдрийн байдлаар мөрдөн байцаах хэлтэст хоёр эмэгтэй мөрдөгч ажиллаж байгаа бөгөөд нэмж хоёр эмэгтэй сэтгэлзүйч авахаар болсон. Удахгүй ажилдаа орно" гэдгийг онцлов.

Шүүх шинжилгээний байгууллагад сүүлийн 10 жилийн хугацаанд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон үндэслэлээр үзлэгт нийт 5487 хүүхдийн 885 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Үүнээс эрэгтэй 330, эмэгтэй 5157, насаар нь ангилбал 0-6 насны 507, 7-13 насны 1781, 14-15 насны 1978, 16-17 насны хүүхэд 1221 байна.

Дээрх алба нь Улсын Ерөнхий прокурорын 2024 оны А/73 дугаар тушаалын хавсралтаар хэргийн харьяалал тогтоосон болон нийслэлийн хэмжээнд бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн бүх хэргүүдийг хүлээн авч шалгадаг.

Эмэгтэй алба хаагчийн тоог нийт бүрэлдэхүүний 8 хувь байсныг 20 хүртэлх хувиар нэмэгдүүлжээ

Цагдаагийн байгууллагад ажиллах эмэгтэй албан хаагчийн тоог нийт бүрэлдэхүүний 8 хувиас хэтрүүлэхгүй байх заалт Засгийн газрын 157 дугаар тогтоолд байдаг. Тэгвэл ЦЕГ-ын дарга Т.Сүхболд 2023 оны есдүгээр сард ажлаа авсныхаа дараа эмэгтэй алба хаагчийн тоог нийт бүрэлдэхүүний 8 хувь байсныг 20 хүртэлх хувиар нэмэгдүүлжээ.

Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа нийт албан хаагчдын 13.2 хувийг эмэгтэй мөрдөгч эзэлж байна.

Насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авах журамтай болно

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр "Улсын хэмжээнд насанд хүрээгүй иргэнээс мэдүүлэг авах прокурорын зөвшөөрөлтэй тусгайлан тохижуулсан орон нутагт 22, нийслэлд 16 нийт 38 өрөө байна" гэв.

Түүнчлэн насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авах талаар журамласан эрхзүйн зохицуулалт байдаггүй юм байна.

Тиймээс ЦЕГ, Хүний эрхийн Үндэсний комисс хамтран мэдүүлэг дээрх журмыг батлуулах ажлын хэсэг гаргажээ. Энэхүү журам батлагдсанаар насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авах асуултуудыг нэгдсэн байдлаар шийдэх аж.

Олон улсад хохирогч хүүхэдтэй харьцахдаа тусгай өрөө нь нарны гэрэлтүүлэг, агааржуулалт сайтай, төмөр хайрцаг, сав, гав, бороохой нүднээс далд, аль болох цайвар өнгийн тохижилттой өрөөнд уулзахыг эрмэлздэг аж. Ингэснээр хүүхэдтэй ярилцлага хийх болон мэдүүлэг авах үйл явцыг хялбар болгож, амжилттай явуулахад нөлөөлж чаддаг юм байна.

Э.БУРАМ

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -6 хэм хүйтэн, үүлшинэ
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -6 хэм хүйтэн, үүлшинэ
 
ХХОАТ-ын 10 хувийг 1 хувь болгох өргөдөлд 92814 иргэн гарын үсэг зуржээ
ХХОАТ-ын 10 хувийг 1 хувь болгох өргөдөлд 92814 иргэн гарын үсэг зуржээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!