УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноос хойш үндсэн цалин болон нэмэгдэл цалингийн 12 сартай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно хэмээн УИХ-ын тухай хуульд заасан байдаг нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад буй.
Тэгвэл дээрх хуулийн зохицуулалт нь 1992 онд батлагдсан УИХ-ын тухай хуульд орсон өөрчлөлт бөгөөд 2024 оны хүртэлх хугацаанд хууль 4 удаа өөрчлөгдөхдөө УИХ-ын гишүүнд олгох тэтгэмжтэй холбоотой заалт тодорхой хэмжээнд өөрчлөгдөж ирсэн талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж мэдээллээ.
Тэрбээр "Олон нийтийн шүүмжлэл дагуулаад буй УИХ-ын тухай хуульд заасан УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан тохиолдолд дахин сонгогдоогүй болон эрүүл мэндийн шалтгаантай тохиолдолд төрөөс тэтгэмж олгох асуудал Анхны 1992 онд батлагдсан хуулиас эхтэй. Дараа нь 1997 онд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт орохдоо "өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд дахин сонгогдоогүй бол өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн томилох, эсхүл зургаа хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно" гэсэн заалт мөрдөгдөж эхэлсэн.
2006 онд хийсэн УИХ-ын тухай хуулийн гурав дахь өөрчлөлтөөр нэг удаад олгох тэтгэмжийн хэмжээг 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний болгож өөрчилсөн байдаг. Энэ хууль 2020 он хүртэл 14 жилийн хугацаанд хэрэгжсэн.
Хамгийн сүүлд 2024 онд батлагдсан УИХ-ын тухай хуульд 41.9 дэх хэсэгт "хэрэв тухайн гишүүн дахин сонгогдоогүй бол 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг төрөөс олгоно" гэж заасан байгаа.
Зарим улс орны парламентын хуулийн жишгийг харахад 18 сар болон түүнээс дээш сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг гишүүдийн нийгмийн баталгаа болгож олгодог зохицуулалт бий.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!