Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотын үе үеийн захирагчийн үлдээсэн “гавьяа”

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 16 секунд

Улаанбаатар хот байгуулагдсаны 381 жилийн ойн өдөр энэ өдөр тохиож байна. Улсын нийслэл маань 381 жилийн ойн баярын өдрөө шинэхэн даргатайгаар угтаж байгаа билээ. УИХ-ын гишүүн асан, улсын аварга Д.Сумъяабазар нийслэлийн 35 дахь даргаар хэдхэн өдрийн өмнө томилогдоод өчигдөр анхны онцгой комиссоо хуралдуулсан. Түүнийг хэр хугацаанд хэрхэн ажиллахыг нийслэлчүүд анхааралтай ажиглаж байна. Улсын маань хүн амын тал хувь нь төвлөрөн сууршисан их хотын хөрсний бохирдол, автозамын түгжрэл хэрээс хэтэрч, нийтийн тээврийн хүрэлцээ муу гэх шийдвэрлэх ёстой олон асуудал дээр шинэ дарга ямар шийдвэр гаргаж, хэрхэн хөдлөхийг амьсгаа даран хүлээхээс аргагүй билээ...

Өнөөдөр Нийслэлийн өдөр тохиож байна. Энэ өдөрт зориулж бид Улаанбаатар хотын захирагч нарын “гавьяа”-г онцолж байна. 1992 оноос хойш Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хэмээн нэрийдэх болжээ. Ингэж нэрлэх болсоор энэ албыг 10 хүн хашсан бөгөөд бидэнд ийм хотыг бүтээж өгсөн захирагчдын тус тусын "алдар гавьяа"-г эргэн дурсъя.

2019 Сайнбуян Амарсайхан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

Нийслэл хотын Налайх дүүрэгт төрсөн түүнээс нийслэлчүүд ихийг хүлээсэн. Гэвч “өндгөвч” хэмээн өхөөрдөн дуудах болсон Сүхбаатарын талбайн урд талын усан оргилуур л түүний нэрээр овоглож үлдлээ. Энэхүү бүтээн байгуулалтын газрыг хувийн байгууллага эзэмшиж байсныг С.Амарсайхан дарга цуцалсан. Энэ бол мэдээж түүхэн гавьяа. Бас төрсөн нутгийнхаа иргэдийн хүслийг биелүүлж, Налайхчуудын уурыг бараад байсан замыг шинэчилсэн гавьяа түүнийх.

Харин түүний том амлалт болох “дүүжин тээвэр” тэртээ хэдэн жилийн өмнөх метроны үлгэр оршивой болохгүй л байгаасай.

2016-2018 Сундуйн Батболд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

Төв аймагт төрсөн түүнийг нийслэлийн дагуул хотыг байгуулна хэмээн ярьж эхлэхэд л нийслэлчүүд алмайран унасан гэхэд болно. Гэвч хоёр жил ажиллаад намын даргынхаа шахалтаар ажлаа хүлээлгэн өгсөн нь хийхээр эхлүүлээд байсан ажлуудаа дуусгаж чадахгүй буухад хүргэсэн болов уу. Түүний үед “Туушиндах” гэх үг моод болж, орц гарц хааж барьсан барилгуудыг зоригтой буулгасан нь хамгийн дуулиантай гавьяа мөнөөс мөн.

“Аз жаргалтай Улаанбаатар” хэмээн их хотоо “онгироож” нэрлэсэн хөтөлбөр ч түүний үед эхэлсэн юм шүү...

2012-2016 Эрдэнийн Бат-Үүл Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

Нийслэлийн унаган иргэн, хотын соёл ярьдаг томчуудын нэг Нийслэлийг удирдах болсноор одоо л нэг бүх юм байрандаа очих нь хэмээн найдсан. Том том бүтээн байгуулалт сүндэрлэж, хаанаас урсаад байгаа мөнгө вэ гэж дуу алдмаар үеүд Үүл даргатай холбогдоно. Гэвч энэ бүхэн хууль бус байсныг хотын даргын суудлаасаа буусны дараа холбогдсон хэргүүд гэрчилнэ. Одоо ч шүүх, цагдаагийн асуудал нь үргэлжилж буй. Гэвч Улаанбаатар хотын өнөөгийн дүр, төрх, бүтээн байгуулалт, нийслэлийн дахин төлөвлөлт мэдээж Үүл даргатай бага ч гэсэн холбогдоно. Түүний зоригтой хийсэн алхмуудад алга ташъя. Тэрбээр метро амлаж, дугаарын хязгаарлалтыг нийслэлчүүдэд үлдээгээд одсонсон.

2008-2012 Гомбосүрэнгийн Мөнхбаяр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

Засаг даргаар Г.Мөнхбаяр ажилласан 2008-2012 онуудад “газрын маргаан” нэртэй хэрүүл зодоон оргилдоо хүрсэн нь нийслэлд дэл сул газар үндсэндээ дуусч нийтийн эзэмшил, СӨХ-ны газар, хүүхдийн тоглоомын талбайг хуй дээрэмдсэн хэрэг юм.

Гэвч тэрбээр Нийслэл хотын ерөнхий инженерийн албан тушаалаас хотын дарга болж дэвшсэн тул өөрийн ур чадвараа гаргасан хэдэн бүтээн байгуулалт хийсэн. Тухайлбал, Хархорин зах орчмын өвгөнтийн хөндийг цэцэрлэгт хүрээлэн болгосон юм.

2007-2008 Түдэвийн Билэгт Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

Анхны интерполоор эрэн сурвалжлагдсан хотын дарга болж байна. Түүнийг Нийслэлийн мэдлийн хэвлэх үйлдвэр ба “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотойгоор шалгаж, хорьж байсан билээ. Багахан хугацаанд хотын даргын алба хашихдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө л “гавьяа” байгуулжээ.

2005-2007 Цогтын Батбаяр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

Тэрбээр Сэргээн засах клиник эмнэлгийн хувьчлалыг хийхдээ эрх мэдлээ урвуулан ашигласан, нийслэлд 605 сая төгрөгийн хохирол учруусан тул 2.1 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэхээр шийтүүлж байв.

Ц.Батбаяр хоёр жил хүрэхтэй үгүйтэй ажиллаад огцорч байв. Улаанбаатар хотын түүхэнд анх удаа намаас нь сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчид хотын мэрээ огцруулсан явдал байлаа.

1999-2005 Миеэгомбын Энхболд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

Газрын наймааны "загалмайлсан эцэг" хэмээн түүнийг зүгээр ч нэг нэрлээгүй. Нийслэлийн төлөвлөлтийг холион бантан болгосон том “гавьяа” л түүнийх билээ. Мөн тэрбээр улсын баяр наадмын хурдан морины уралдаан Яармагийн дэнжид болдог байсныг Хүй долоон худагт зохион байгуулах санаачлагыг гаргаж хэрэгжүүлсэн хотын дарга байлаа.

Ж.Наранцацралт агсан Ерөнхий сайд болж дэвшихэд орыг нь залгамжилж хоёр жил ажиллаад, дараагийн сонгуулиар дахин хотын даргын суудалд тухласан юм.

1996-1998 Жанлавын Наранцацралт Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

Ардчилсан намаас хотыг захирсан анхны улс төрч байлаа.

1992-1996 Цэдэндэмбэрлийн Баасанжав Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

Нийслэлийн захиргаанд нийтдээ 32 жил ажилласан. Тэрбээр Нийслэлийн засаг дарга байх хугацаандаа өөрийн хийсэн онцлох ажлынхаа талаар “Хотын Засаг даргаар ажиллах үедээ 760 мянга, НИТХ-ын даргаар ажиллаж байхдаа 830 мянган хүнтэй орчин үеийн орон сууцны хороолол бий болгосон. 1996 онд Ж.Наранцацралт даргад крантны усыг шууд уудаг хотыг хүлээлгэж өгч байлаа” хэмээн ярьжээ. 1992 онд нийгмийн шилжилт хийгдээд удаагүй, эдийн засгийн хүнд үе байсан. Гэсэн хэдий ч нийслэл хотыг барилгажуулж, их бүтээн байгуулалтын суурийг тавьсан нь түүний түүхэн гавьяа юм.

Хүний амь нас хохироож, хэргийн газраас зугтжээ
Хүний амь нас хохироож, хэргийн газраас зугтжээ
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар батлуулахаар зэхэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.