Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Ч.ЧИМИДСҮРЭН: ДЭЛХИЙ ДАХИНД ТАТВАРЫН ЦАХИМЖИЛТ 3.0 ХУВИЛБАР ЯРИГДАЖ БАЙНА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 58 секунд

БНХАУ-ын тусгай харьяат бүс Хонконгд 2024 оны 09 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Бүс ба зам" санаачлагын татварын албадын хамтын ажиллагаа(БРИТАКОФ)-ны 5 дахь удаагийн чуулга уулзалтад Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Энэ удаагийн чуулга уулзалтаар “2022-2024 оны Нурсултан үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилт болон 2025-2027 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө/Hongkong Action Plan 2025-2027/-нд тусгагдсан үйл ажиллагаануудыг ярилцаж, олон улсын зөвлөх, судлаачид өөрсдийн илтгэлийг хэлэлцүүллээ. Монгол Улс энэ хуралд биет байдлаар 3 удаа, цахимаар 2 удаа оролцжээ. Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

БРИТАКОМ байгууллагын үйл ажиллагааны талаар ярьж өгнө үү.

Юуны өмнө БРИТАКОМ-ын буюу “Бүс ба зам” санаачлагын татварын албадын хамтын ажиллагаа механизмын талаар товч мэдээлэл өгье. Энэ нь гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх нэгдэн орсон улс орнуудын эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжих, тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой ашгийн бус олон улсын байгууллага юм. Тус байгууллагад дэлхийн 36 улс гишүүнээр элссэн ба Монгол Улс 2019 онд гишүүнээр элссэн. Дэлхийн болон бүс нутгийн чиг хандлага, татвар төлөгчийн хэрэгцээ шаардлага, зан хандлагыг судлаж хөл нийлүүлэн алхахад энэхүү байгууллага, түүний санал санаачлага нь чухал юм.

Энэ удаагийн чуулга уулзалтын онцлог нь юу байсан бэ?

Энэхүү чуулга уулзалтын онцлог нь 2025-2027 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан татварын тодорхой байдал, татварын удирдлагын цахимжилтыг сайжруулах, татварын эко систем, татварын албаны чадавхийг бэхжүүлэх сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг хийгдсэн. Зарим дэд сэдвүүдэд төрийн байгууллага болон хувийн хэвшлийн томоохон төлөөллөөс панелист хийж, олон улсын чиг хандлагын талаар маш сонирхолтой туршлагыг танилцуулсан. Мөн энэ удаагийн чуулгын бас нэг онцлог үйл ажиллагаа нь Малдив Улс БРИТАКОМ-ын 37 дахь гишүүнээр элсэж ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд “Нурсултан үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний дэд ажлын хэсгүүдийг Малайз, Казакстан, Дубай, Гүрж Улсууд ахлан амжилттай ажилласан талаарх тайлангаа тавьсан.

Манай улс энэхүү санаачлагаас ямар туршлагыг нэвтрүүлэх боломжтой гэж та харж байна вэ?

Дэлхий дахинд татварын цахимжилт 3.0 хувилбар яригдаж байна. Энэ тухай Бритакомын чуулганаар мөн адил яригдсан. Монголын татварын албаны хувьд олон үйл ажиллагаагаа цахимжуулж төрийн байгууллагуудаас цахимжилтаараа тэргүүлдэг. Гэсэн хэдий ч бид татвар төлөгчиддөө өөрсдийн үйл ажиллагааг улам төгөлдөржүүлж, татвар төлөгчдийн үсрэнгүй хөгжиж буй бизнесийн үйл ажиллагаа тэдгээрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн цахим үйлчилгээг үзүүлэхийг зорьж байна. Үүний тулд олон улсын сайн туршлага болох тайлангийн маягтыг урьдчилан бэлтгэх, татвар төлөх цахим сувгийг нэмэгдүүлэх, татвар төлөгчийн талаарх үнэн бодит мэдээллийг харилцан солилцох замаар бүрдүүлэх гэх мэт олон туршлагыг дурдаж болно. Эцэст нь нэмж хэлэхэд 2026 оны Бритакомын хурлыг Непал Улс зохион байгуулахаар болсон. Монгол Улсын хувьд уг чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар судлаж байна.

Таны хувьд хурлын үеэр хэлэлцүүлсэн сэдвүүдээс аль сэдвийг илүү онцлох вэ?

Бүс ба зам санаачлагын гишүүн орнууд 2025-2027 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан дараах 4 чиглэлд анхаарал хандуулж байна.

Татварын тодорхой байдлын талаар. Энэ нь татварын хууль тогтоомж, дүрэм журам нь татвар төлөгчдөд нэг ижил утгаар ойлгогддог байх, хоёрдмол утга агуулгагүй, тогтвортой байхыг хэлж байгаа. Татварын хууль тогтоомж, дүрэм журам үйл ажиллагаа тодорхой бус байснаар татвар төлөгчид эрсдэл учруулах, зардлыг нэмэгдүүлэх, нийгмийн итгэлийг алдагдуулах олон сөрөг талтай. Тиймээс 2025-2027 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд татварын тодорхой байдлыг нэмэгдүүлэх үйл ажиллагаануудыг өсгөх чиглэл тусгагдсан. Манай улсын хувьд энэ ангилалд хамаарах үйл ажиллагаанд Татварын ерөнхий хуулинд заасан “Зөвлөмж”-ийг дурдаж болно. Зөвлөмж нь татварын хууль тогтоомжийг нэг мөр ойлгож, дэмжлэг үзүүлэх баримт бичиг юм.

Цахимжсан татварын албаны талаар. Энэ нь татвар төлөгчийн талаарх мэдээллийг бусад байгууллагаас хүлээн авч өгөгдөл цуглуулж түүнийгээ технологийн дэвшил ашиглан дүгнэлт гаргах үйл ажиллагаанд чиглэж байна. Тухайлбал төрийн байгууллага хооронд сервисээр мэдээлэл солилцож, тухайн мэдээлэл болон татвар төлөгчийн өөрийнх нь өгсөн мэдээлэлд үндэслэн (AI, Block chain, Cloud Tech, Big data) тооцоолол хийж, аливаа үйл ажиллагааг оновчтой хэрэгжүүлэхийг хэлж байна. Мөн татварын цахимжсан алба гэдэгт үйлчилгээг зардал багатай хүртээмжтэй хүргэх, үйл ажиллагааг оновчтой төлөвлөж, гүйцэтгэхэд цахим шийдлүүдийг ашиглахыг зөвлөж байгаа юм.

Татварын орчныг сайжруулах талаар. Татвар төлөгчдөд хууль тогтоомжийг мэдээллийн олон сувгаар хүргүүлж, хууль хэрэгжүүлэхэд хялбар, татвар төлөгчдийг ялгаварлан гадуурхдаггүй, шударга ил тод байхыг зөвлөж байна.

Татварын албаны чадавхийг бэхжүүлэх талаар. Бритаком нь бүс нутгийн 3 сургалтын төвтэй (Хятад, Дубай, Казакстан), тэдгээр төвүүдэд 2019 оноос хойш нийт 10,000 татварын байцаагчийг цахим болон танхимын сургалтаар сургасан. Цаашдаа ч иймэрхүү сургалтыг илүү өргөжүүлж, чухал сэдвээр сургалт хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх болно. Монголын татварын албаны хувьд 2024 онд 20 албан хаагчийг БНХАУ-ын Янжоу Татварын академид 14 хоногийн сургалтад хамруулсан ба дараа, дараагийн жилүүдэд суралцах албан хаагчдын тоог нэмэгдүүлэх болно.

“Мөнгө угаах явдалтай тэмцэх зорилгоор татварын алба бусад байгууллагатай мэдээлэл харилцан солилцох зохицуулалтыг сайжруулах” сэдэвт уулзалт, семинар боллоо
 
Б.Чойжилсүрэн: Эгийн голын УЦС нь Байгаль нуурт “сүртэй нөлөөлөл байхгүй“ гэдэг дүгнэлт гарсан ч Оросын тал хүлээж аваагүй
Б.Чойжилсүрэн: Эгийн голын УЦС нь Байгаль нуурт “сүртэй нөлөөлөл байхгүй“ гэдэг дүгнэлт гарсан ч Оросын тал хүлээж аваагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.