СЭДЭВ: Төр баяжих тусам иргэд ядуурч байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
13 минут 25 секунд

Эрх баригчид “эдийн засаг сэргэлээ” гэж цээжээ дэлдэж байхад төрийн ордноос цааш хэдхэн километрийн зайд иргэд ядуурлаар амьсгалж байна. Айл бүрт нэг ажилгүй, архичин, халамжаар амьдралаа залгуулж яваа өрх захаас авхуулаад олон. Хүн амынхаа тооноос хэд дахин нугарсан малтай, алт, зэс, нүүрс, уран гээд газрын доорх эрдэс баялгаараа дэлхийд гайхагдах нөөцтэй Монголын хувьд ядуучууд гэх ойлголт нэг хүнд ногдох сарын орлогоор тодорхойлогдож байна.

Өнөөдөр ядуурлын шугамаас доош буюу сарын амь зуух орлого нь 418 мянган төгрөгөөс доош бол ядуу ангилалд багтаж буй 914 мянган хүн бий. Тэд сард 418 мянган төгрөгөөс бага орлоготой амьдарч байна гэсэн үг. Хэрэв ядуурлын шугамыг 15 хувиар өсгөхөд нийт хүн амын 10.3 хувь буюу 346.5 мянган хүн нэмж ядууралд өртөх магадлалтайг Үндэсний статистикийн хороо хоёр жилийн өмнөх тайландаа дурдаж байлаа.

Хэрэв ядуурлын шугамыг 15 хувиар өсгөвөл ядуурлын түвшин 10 хувиар илүү буюу 27.1 хувиас 37.4 хувь болох магадлалтай болохыг ҮСХ-ны Өрхөд суурилсан судалгааны хэлтсийн дарга Л.Ундрал хэлсэн юм. Тэрбээр "2022 оны дүнгээр Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувьтай гарсан. Энэ бол манай улсад оршин сууж буй нийт хүн амын 914.2 мянган хүн нь ядуурлын шугамаас доогуур амьдарч байгаа гэх тооцоо гарсан.

2022 оны дүнгээр 418 мянган төгрөгийг 15 хувиар өсгөж тооцвол 480 мянга орчим мянган төгрөг болно. Энэ тохиолдолд ядуурлын хувь хэд байхыг тооцож үзэхэд 27.1 хувь нь 37.4 хувь буюу ядуурал 10 хувиар өндөр, 346 мянган хүн ядууралд өртөхөөр байна гэж тооцоо гарахаар байгаа юм.

Өөрөөр хэлбэл, ядуурлын шугамтай ойролцоо 15 хувийн орчимд 364 мянган иргэн байгааг харуулж буй гэсэн үг" гэж байлаа.

914 МЯНГАН ЯДУУ ИРГЭДИЙН ИХЭНХ НЬ УЛААНБААТАРТ АМЬДАРЧ БАЙНА

Үргэлжлүүлэн түүний мэдээлснээр 2022 оны дүн мэдээллээр, ядуурал хөдөө сум, алслагдсан нутагт өндөр байгаа ч ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй 914 мянган хүний амьдарч буй газарзүйн байршлыг нь харвал ихэнх нь Улаанбаатарт байгаа аж. Ядуу гэх ангилалд багтаж буй хүмүүсийн хэрэглээ ямар болохыг тэрбээр "Ядуурлын шугамаас доогуур ангилалд багтаж буй хамгийн бага хэрэглээтэй хүмүүс сард дунджаар 91 мянган төгрөг хэрэглэж байна. Ядуу хүмүүс өдөрт дунджаар 4000 төгрөг зарцуулж байхад ядуу бус хүмүүс 20 мянган төгрөг зарцуулж байгаа юм. Ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүмүүс өдөрт дунджаар 4000 төгрөг зарцуулж байхад ядуу бус хүмүүс 20 мянган төгрөг зарцуулдаг гэх тооцоо гарсан" гэж байлаа. Одоогоор 2023, 2024 оны судалгаа шинжилгээний ажил үргэлжилж байгаа бөгөөд 2025 оны долоодугаар сард ядуурлын түвшинг танилцуулахаар бэлтгэж байгаа аж.

Албан бус статистик мэдээллээр, Монголд 2023 оны байдлаар 1.1 сая иргэн ядуу байна гэх мэдээлэл бий. Энэ дүн 2024 онд 1 сая байх магадлалтай гэх. Энэ талаар "Бүтэн 12 сар үргэлжилдэг. Бидний айл, өрхүүдээс цуглуулах мэдээлэл дуусаагүй байна. 2025 оны долоодугаар сард мэдээлэхээр төлөвлөж байна. 2023 ядуурлын тухай албан ёсоор зарласан тоо байхгүй" гэх тайлбарыг Л.Ундрал өгч байсан юм. Улсын хэмжээнд ядуурлын түвшинг 2 жил тутамд гаргадаг бөгөөд 2016, 2018, 2020, 2022 оныг авч үзвэл ядуурлын шугамаас доогуур амьдарч буй иргэдийн тоонд өөрчлөлт ороогүй. Харин ч ядуурлын шугамаас доогуур амьдарч буй иргэдийн тоо нэмэгджээ. Тодруулбал,

  • 2016 онд 907.5 мянган хүн ядуу
  • 2018 онд 904.9 мянган хүн ядуу
  • 2020 онд 903 мянган хүн ядуу
  • 2022 онд 914.2 мянган хүн ядуу

Энэ бол гурван хүний нэг нь ядуу хэвээрээ л байна гэсэн үг. Угтаа бол төсөв мөнгөний авдар томорсноор өдийд улсын хэмжээнд ядуурлын түвшин 27 хувиас буурах байлаа. Улсын хэмжээнд ядуурлын түвшинг авч үзвэл,

  • 2016 -26.6
  • 2018 -28.4
  • 2020 27.8
  • 2022 27.1

байгаа юм. Харахад ядуурал буурсан мэт харагдаж байгаа ч ядуу иргэдийн тоо нь бахь байдгаараа атал төсвийн зарлага жил бүр тэлсэн дүр зурагтай. Хэдий 2025 оны төсөв алдагдалгүй гэх тодотголтойгоор орж ирж байгаа ч төсвийн зарлагыг харвал жил бүр тэлсэн дүр зурагтай байгаа юм.

Угтаа бол төрөөс жил бүр цалин, тэтгэвэр халамжийг нэмснээрээ Монголд өнөөдөр ядууралгүй орны тоонд багтах байлаа. Жил бүр төсвийн зарлагыг тэлж буй шалтгааныг иргэдийн амьжиргааг дэмжих зорилготой, инфляцтай уялдуулан цалин, тэтгэвэр, халамж нэмэгдүүлнэ гэх тайлбарыг Сангийн яам, Засгийн газар өгдөг. Ингээд данхар төсвийг жил бүр баталдаг. Ирэх жил мөн л ялгаагүй 40 их наяд шүргэсэн төсөв батлах гэж байна.

УИХ-аас 2024 оны төсвийг батлахдаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилт бүхий зургаан үндсэн багц арга хэмжээг тусгасан. Үүний нэг нь 1 ядуурлыг устгах бодлого. Төсвийн орлогын 80 хувь татвараас бүрддэг ч эргээд татвар төлөгчдийн мөнгө эрүүл мэнд, боловсролд бус байшин барилга, хөшөө дурсгал, халамж тэтгэвэрт үрэгдэхийн хэрээр дундаж давхарга бүдгэрсээр.

Ядуурал буурахгүй байгаа шалтгаан нь халамжийн хавтгай бодлого, төсвийн үрэлгэн зарлага, буруу бодлоготой холбоотой болохыг эдийн засагчид шүүмжилж буй.

ЦАЛИН, ТЭТГЭВЭР, ХАЛАМЖИЙГ НЭМЖ БАЙГАА Ч ИНФЛЯЦИ СОРЖ БАЙНА, 2 ХҮНИЙ НЭГ НЬ ЯДУУ БАЙГАА НЬ ЗАСГИЙН ГАЗАР ЧАДВАРГҮЙ БАЙНА

Эдийн засагч Р.Даваадорж: Ядуу иргэдийн тоо нэг сая орчим байна шүү дээ. Дэлхийн банк, ҮСХ 2022 онд гаргахдаа нэг сая орчим буюу 914 мянган хүн буюу 28 хувь нь 418 мянган төгрөгөөс доош орлоготой иргэд нэн ядуу гэж байгаа юм.

Өнөөдөр манай улсад халамж хавтгайрсан 2.5 сая иргэн жил бүр 2.6 их наяд төгрөгийн 72 төрлийн халамж авч байна. Ийм халамж хавтгайрсан улс дэлхийд байхгүй. Халамжийн хавтгайрсан бодлого нь иргэдийг ядуурлаас гаргахад биш сонгуулиар оноо авахад зориулагдсан бодлого явуулж байгаа учраас л ядуурал буурахгүй байна.

Дэлхийн банкны тооцооллоор бол өдрийн орлого нь хоёр доллараас доош иргэдийг нэн ядуу гэдэг. Манай улсад нэг сая иргэн ядуу байна гэдэг бол маш аймшигтай тоо. Сүүлийн 10 жил 1 сая иргэн ядуу байна. 2022 онд Дэлхийн банк тайландаа хэрэв бодлого чинь буруу байвал нэмээд 15 хувь нь ядуурлын шугам руу гулсан ороход бэлэн байна, өөрөөр хэлбэл, 28 хувь дээр 15 буюу 45 хувь буюу 2 иргэний нэг нь ядуу болох гэж байна гэсэн аймшигтай тоог өгсөн. Одоо харахаар олигтой шийдвэртэй алхам хийхгүй байна.

Яагаад ядуу иргэдийн тоо цөөрөхгүй байна вэ гэвэл хүн ажилтай орлоготой байж ядуурлаас гардаг болохоос биш халамжаар ядуурлаас гардаг жишиг дэлхийн хаана ч байхгүй. Би бол Засгийн газрыг туйлын чадваргүй байна гэж харж байна. Төсвийг ойлгодог хүн алга.

Төсвийг ойлгодог байсан бол ийм бодлого явуулахгүй. Төсөв бол нийтийн мөнгө болохоос биш төрд мөнгө байхгүй. Нийтийн мөнгийг л мөнгө төлж буй аж ахуйн нэгжийг дэмжих чиглэлд үйл ажиллагаа явуулдаг болохоос биш дарга ангийг тэжээхгүй юм. Гэтэл тэр дарга анги нь цалин, тэтгэвэр, халамжийг асар их нэмэгдүүлж байгаа атал үнэ өсч байна.

Тэтгэврийг 3,4 дахин нэмлээ, нэг удаа тэглэсэн ч яагаад хоолоо авч хүрэхгүй байна вэ гэвэл цалин, тэтгэвэр, халамж нэмсний маргааш нь өргөн хэрэглээний үнэ өсдөг.

Тэтгэврийг хоёр, гурав дахин нэмлээ, ахмадууд яагаад ядуу байгаа юм, уг нь сайхан амьдрах ёстой шүү дээ. Учир нь өргөн хэрэглээний бараа, үйлчилгээ нь дагаад нэмэгдэж байгаа юм. Иймээс нэмүү өртөг бүтээлгүй цалин нэмдэг нь Африкийн улсад л байдаг шүү дээ. Эдийн засгаа хорлох л бодлого явуулж байгаа юм. Цалингийн нэмэгдлийг инфляци нь сорж байна шүү дээ гэж байлаа.

Саарал ордонд иргэдийг төлөөлж буй эрхэм гишүүд хэдэн тэрбум, их наядаар нь төсвийн тухай маргаж байхад иргэдийн хувьд зүүдэндээ ч үзээгүй энэ мөнгө өөрт нь падгүй, өнөөдөр хоолтой байх уу, үгүй юу гэдэгтээ л анхаарч байна. Улс төрчдийн амнаас мөнхийн уяатай ч ахиц гардаггүй ядуурал бахь байдгаараа байгаа нь нууц биш.

ТӨР ИРГЭДИЙНХЭЭ ЭСРЭГ "ГЕНОЦИТ" ХИЙЖ БАЙНА

Цалин, халамжийг хавтгайруулах байдлаар хатуухан хэлэхэд төр иргэдийнхээ эсрэг “геноцит” хийж байгааг эдийн засагч Ж.Дэлгэрсайхан хэлж байв. Тэрбээр “Бид ядуурлыг бууруулна гэж 20 гаруй жил орилж байна. 35 хувьтай байсан ядуурал 30 гаруй хувьтай л байгаа. Ядуурал буурсан гэж хэлэхэд хэцүү. Шалтгаан нь, Монгол Улсад эдийн засгийн хөгжлийн тогтвортой бодлого байхгүй. Эдийн засгийн тогтвортой өсөлт бий болохгүй байгаа нь ядуурал буурахгүй байхад нөлөөлж буй хамгийн том шалтгаан. Дэлхийн өндөр хөгжсөн орнуудын хувьд тасралтгүй 10-аас доош жил эдийн засгийн өндөр өсөлт бий болсон байдаг. Монгол Улсын хувьд эдийн засаг нь 5-аас дээш жил өссөн үе хоёр, гуравхан удаа бий. Дээд тал нь 20 улирал үргэлжилсэн байдаг. Үндсэндээ, Монгол Улсын хөгжлийн эдийн засгийн бодлого тодорхойгүй байна. Яаж ажлын байр бий болж, хөгжих гэж байгаа нь ойлгомжгүй. Гуравдугаарт, хөгжлийн эдийн засгийн бодлого нь тодорхойгүй учраас Монгол Улсын хөгжил тодорхойгүй. Монгол Улс улс төрөөс шалтгаалсан хэт хавтгайрсан халамжийн бодлого явуулж байна. 2004 оноос хүүхдийн мөнгөөр эхэлсэн халамжийн бодлого Монгол Улсыг сулруулах, хүмүүсийг ажил хөдөлмөр эрхлэх байдлыг сулруулж байна. Энэ бол нийгмийн хөгжил дэвшлийн эсрэг хийж буй л үйл явдал. Төр иргэдийнхээ эсрэг “геноцит” хийж байгаатай ялгаагүй. Монгол Улс иргэдээ халамжлах болоогүй. Бид аль болох халамжийг хязгаарлах, халамжлах ёстой гарцаагүй дэмжих ёстой хүмүүс рүү хандах ёстой. Тогтвортой эдийн засгийн хөгжилт, ажлын байр бүтээмжийг нэмэгдүүлж байж улс хөгждөг болохоос үрэлгэн төсвийн зарлагаас улс хөгжихгүй.

Б.Энхбаяр: Үндэсний хороо, зөвлөлд УИХ-ын гишүүдийг АВЛИГАДАХ байдлаар оруулдгаа нэн даруй ЗОГСОО. ҮНДСЭН ХУУЛЬ зөрчиж байж гишүүд минь ЭРГҮҮЛЭН ТАТУУЛАВ
Б.Энхбаяр: Үндэсний хороо, зөвлөлд УИХ-ын гишүүдийг АВЛИГАДАХ байдлаар оруулдгаа нэн даруй ЗОГСОО. ҮНДСЭН ХУУЛЬ зөрчиж байж гишүүд минь ЭРГҮҮЛЭН ТАТУУЛАВ
 
Б.Оюунцэцэг:”Оюут” брэнд АНУ-ын зах зээлд гарч эхэллээ
Б.Оюунцэцэг:”Оюут” брэнд АНУ-ын зах зээлд гарч эхэллээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!