Нийслэлд шинээр дугаар олгохыг хязгаарласан асуудал иргэдийн дунд багагүй маргааны сэдэв болоод байна. Энэ талаар Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал Ч.Хувьзаяагаас дараах тодруулгыг авлаа.
-“Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай” тогтоолыг зарим иргэд, автомашин худалдаалагчид эсэргүүцэх боллоо. Ямар тооцоо үндэслэлээр ийм шийдвэр гаргасан бэ?
-Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн дундаж хурдыг 25км/ц байлгахын тулд Улаанбаатар хотын авто замын чадамжийг жолоочийн самбаачлах хугацаа, бүрэн зогсолтын замын урт, тээврийн хэрэгслийн урт, нэг тээврийн хэрэгсэлд ногдох зай зэргийг авч үзэн 250,000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжтой гэж тооцоолсон. Гэтэл энэ тоо манайд даруй 3 дахин их буюу 804 мянган тээврийн хэрэгсэл Нийслэл хотод бүртгэлтэй байна.
Энэ нь авто замын түгжрэл үүсэх, зам элэгдэж эвдрэх, осол аваар гарах, нийгэм, эдийн засаг, байгаль орчин хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах үндсэн шалтгаан болчхоод байгаа учраас олон улсын туршлага болон холбогдох тооцоо судалгааг үндэслэн Нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн тулд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлагдсан.
Тус хуулийн 17 дугаар зүйлд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүргийн 17.1.3-д “Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн тогтоох” гэсний дагуу НИТХ-ын 2024 оны 18 дугаар тогтоолоор Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730.000 байхаар тогтоосон.
Өдөр тутам 450-480 мянган тээврийн хэрэгсэл 7км/цагаас 9км/цагийн дундаж хурдтай хөдөлгөөнд орж байна. Цаашид Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн шинэ дугаар олголтыг түр хугацаанд хязгаарлаж, түгжрэлийг буурууулах талаар арга хэмжээ авч, хэрэгжүүлсэнээр тодорхой үр дүн гарна, ойрын 4-6 жилийн дотор хотын зам дээр машин явахгүй зогсох байдалд хүрэх судалгаа гарсан.
Тэгэхээр түгжрэлийг одоо байгаа хэмжээнд нь барих уу? эсвэл дугаар олголтыг сул чөлөөтэй орхиод хэдхэн жилийн дараа давж, шийдэж чадахгүй, том хямралд очих уу? гэдэг сонголттой нүүр тулаад байна.
-Олон нийтийг ихээр бухимдуулж буй асуудал нь энэ шийдвэрийг урьдчилан мэдэгдэхгүй гэнэт зарласан гэдэг асуудал байна. Үүний талаар. Энэхүү шийдвэрүүд яг хэзээнээс эхлэн яригдаад хэзээ батлагдсан бэ?
-Ийм шийдвэр гарах талаар өмнө нь хангалттай олон нийтэд мэдээлсэн. Шийдвэрийг боловсруулах явцад эрх ашиг нь хөндөгдөх этгээдүүдээс саналыг нь авсан. Тухайлбал 2023 оны 12-р сард буюу бараг жилийн өмнө “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах тухай хууль”-ийг УИХ баталсан. Үүний дагуу ажлын хэсэг гарч нийслэлд хотод 730 мянган тээврийн хэрэгслээр хязгаарлалт тогтоох тухай асуудалыг нийслэлийн “ulaanbaatar.mn” цахим системд 30 хоног байршуулж иргэдээс санал авсан. Энэ шийдвэртэй холбоотой эрэлт үүсэж ердийн байдлаас илүүгээр тээврийн хэрэгслүүд импортолж 2024 оны 5-р сар гэхэд 730 мянган тээврийн хэрэгслийн хязгаарт хүрчихсэн. Энэ мэдээллийн нөлөөгөөр тээврийн хэрэгслийн импортын тоо ердийнхөөс эрс өссөн. Олон нийтийн эрх ашгийг бодох цаг болсон. Одоо 2 саяулаа зам дээрээ түгжрэх үү? 20 мянган хүний тээврийн хэрэгслийн дугаар олголтыг түр хойшлуулах уу? гэдэг сонголтын өмнө л ирсэн гэсэн үг.
-Цаашдаа нийслэлд шинээр огт дугаар олгохгүй. Шинээр тээврийн хэрэгсэл авбал дугаар байхгүй гэсэн ойлголт олон нийтийн дунд байна. Иргэний өмчтэй байх эрхэнд халдлаа гэх шүүмжлэл ч байна?
-Энэ бол ганцхан манайд хэрэгжээд байгаа асуудал биш. Дэлхийн нийтийн л чиг хандлага. Манайхан гадны улс орнуудаар явахдаа “зам нь ямар түгжрэлгүй юм бэ?” гэж их ярьдаг. Гэтэл тэр хотод замын татвар, хураамж хэд байна? тээврийн хэрэгсэлд тавигдаж байгаа шаардлагууд ямар өндөр хатуу байна гэдгийг сонирхдоггүй. Түгжрэлээ шийдсэн хот болгон нийтийн эрх ашгийн үүднээс хувийн эрх ашгийг хязгаарласан арга хэмжээнүүдийг авсан байдаг. Жишээ нь Токио хот шинээр тээврийн хэрэгсэл авч байгаа хүн заавал зогсоолоо шийдсэн байх шаардлагатай. Зогсоолгүй тээврийн хэрэгсэл хаа нэгтээ нийтийн эзэмшлийн орон зайг булааж байршина. Явган зам, хүүхдийн тоглоомын талбайд байрлуулах гэх мэт зөрчлүүд манайд бол хэвшил болчхоод байна. Тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа хүн ганцхан тээврийн хэрэгслээ эзэмшдэггүй, хөдөлгөөнт байдлаар давхар газар эзэмшдэг, нийтийн эрх ашигтай ямагт зөрчилддөг, учраас нийтийн эрх ашиг чухал байдаг. үүнийг хүний үндсэн өмчийн эрх гэж үздэггүй. Харин нэмэлт буюу давуу эрх гэж үздэг.
-Ер нь дахиж шинээр дугаар олгох уу. Олгох бол ямар шалгуураар олгох вэ. Хэзээнээс олгож эхлэх вэ?
-Юуны түрүүнд Улаанбаатар хот авто машин нэмэгддэг хэр нь, хасагддаггүй цорын ганц хот болчхоод байна. Сүүлийн 3 жилд үзлэг оношилгоондоо ороогүй 57 мянган тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасагдсан боловч тухай автомашин эзэмшигч журамд нийцүүлэн хүсэлт гарган зарим бүртгэл сэргэж байна. Тэгэхээр эхний ээлжид дугаар нь бүртгэлтэй боловч хөдөлгөөнд ордоггүй, оношилгоонд тэнцэхгүй, бүрэн устгагдсан, эзэн өмчлөгч нь тодорхойгүй болсон зэрэг асуудлуудыг нэг мөр цэгцлэх шаардлагатай байна. Хоёрдугаарт 3 жил оношилгоондоо ороогүй, татвар торгуулиа төлөөгүй зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгслүүдийг бүртгэлээс хасах арга хэмжээ авна. Ихэнх иргэд цаг тухайд нь татвараа төлж, оношилгоондоо орж байхад түүнтэй зэрэгцээд зарим нэг татвар, торгуулиа төлдөггүй, оношилгоонд ордоггүй хариуцлагагүй жолооч жолоо бариад түгжрэлд нэмэр болоод явж байх нь өөрөө шударга бус юм.
Гуравдугаарт нийслэлийн дугаар авчхаад орон нутагт ажиллаж амьдарч байгаа хүмүүс байна. Нийслэлийн дугаар авчхаад орон нутагт байгаа тээврийн хэрэгслүүд нэг бол нийслэлдээ, нэг бол орон нутагтаа нэг мөр бүртгүүлэх шаардлагатай.
Дөрөвдүгээрт 730 мянга гэдэг бол хатуу хязгаарлалт биш. Дээрх арга хэмжээнүүдийг авч шигшээд мөн дээрээс нь авто замын сүлжээг өргөтгөж, шинэ замууд, уулзварын нэвтрэх чадварууд сайжирна. Үүнийг үндэслэж НИТХ тухай бүрд нь дугаарын дээд хязгаарыг шинэчлээд явна. Харин шинээр дугаар олгохдоо:
Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;
Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын төлбөр, болон Зөрчлийн тухай хуульд заасан барагдуулсан байх 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх. Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулсан байх;
Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх;
Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх зэрэг шалгуурыг тавьж байгаа.
-Шинээр тээврийн хэрэгсэл худалдаж авч байгаа хүн хуучин дугаараа авч болохгүй, шилжилт хийгдэхгүй болсон гэх мэдээлэл яваад байна?
-Шинээр авч байгаа тээврийн хэрэгсэлдээ өөрийн хуучин дугаараа шилжүүлэх, машинаа худалдаалахдаа дугаараа авч үлдээд, хадгалуулах үйлчилгээ хэвийн. Шилжилт хөдөлгөөнд ямар нэг өөрчлөлт байхгүй. Гагцхүү зөвхөн нийслэлийн шинэ сертэй дугаар авахад л дээрх журам хамаатай. Бусдаар орон нутгийн шинэ дугаар олголт, шилжилт хөдөлгөөн ямар ч өөрчлөлтгүй хэвийн явж байгаа.
-Торгууль, татвар, зам ашигласны төлбөр, оношилгоонд ороогүй гэх мэт зөрчилтэй хэдэн машин нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байгаа вэ?
-Зөвхөн 2023 онд албан татвар төлөөгүй 165 мянга, хуулиар оногдуулсан торгууль төлөөгүй 266 мянга, авто зам ашигласны төлбөр төлөөгүй 510 мянга, үзлэг оношилгоод ороогүй бүрэн бус 89 мянган тээврийн хэрэгсэл нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байна. 90 хоногт 86 зөрчил гаргадаг, хариуцлагагүй жолооч байна. Тэр зөрчил гаргах бүртээ бусдын хөдөлгөөнд саад учруулж, аюулгүй байдалд заналхийлж байна гэсэн үг. Мөн бүрэн бус тээврийн хэрэгсэл зам дээр унтарч, саатахаас болж үүсдэг түгжрэл маш их. Дүрэм зөрчсөн, үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй ийм хандлагыг нэг мөр цэгцлэхгүй бол шударгаар үүргээ биелүүлдэг, хариуцлагатай жолооч нар, хотын иргэдийн эрх ашиг зөрчигдсөөр байна. Тиймээс цаашид тээврийн хэрэгслийн эздийг хариуцлагажуулах ажлыг хийхгүйгээр түгжрэлтэй тэмцэх нь үр дүнгүй. Хариуцлагагүй байдал нь өөрөө түгжрэлийн нэг гол эх үүсвэр болчхоод байна.
-Жолооч нарыг хариуцлагажуулах ажлын хажуугаар төрөөс шалтгаалах асуудлуудаа шийдэх тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Нэн түрүүнд уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, давхар түвшний замууд, тойрог уулзварууд замуудын ажил ирэх жилүүдэд эрчимчимтэй хийгдэнэ.
Нийслэл хот замуудын түгжрэлийн эсрэг санаачилга гаргаж Яармаг руу нүүсэн. Энэ санаачилга маш том түлхэц болсон. Төвлөрлийг сааруулах ажлыг төр захиргааны бусад байгууллагууд шат дараатай хийгээд явна. Түгжрэлийн нэгж дээр туулын хурдын зам, тойрог зам, нүхэн гарцын төлөвлөлтүүд хийгдээд явж байна. Мөн нийслэлийн хэмжээнд нийт зогсоолуудыг эзэнтэй болгох, нийтийн эзэмшлийн зогсоолуудыг цагийн хязгаартай, уян хатан төлбөртэй болгох зэргээр эргэлтэд оруулж бусдадаа хүртээмжтэй болгож, нэгдсэн системтэй болгохоор ажиллаж байна. Мөн нийтийн тээврийг хүртээмжтэй, тухтай болгох зорилгоор парк шинэчлэлүүд хийгдэхээс гадна, метро, дүүжин дээвэр зэрэг бусад сонголтын том төслүүд хөдлөөд явж байна. Энэ бүх ажлыг төр засаг дангаараа хийнэ гэдэг хэцүү. Түгжрэлийг бууруулахад иргэн бүрийн хүлээцтэй, ухамсартай хандлага, нэгнийгээ хүндлэх сэтгэхүй хамгийн чухал.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!