УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайн хуулийн төслийг хэлэлцэж буй бөгөөд зарчмын зөрүүтэй 21 санал хураалт явуулж буй.
Сануулахад, ТБХ-ны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн гаргасан "Суурь АМНАТ-ыг 9 хувь болгох" санал гаргаж, дэмжигдсэн. Улмаар энэ саналыг АБГББХ-ны хуралдаанаар хэлэлцэх үед 100 хувийн саналаар дэмжигдээгүй.
Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар АБГББХ-ны дэмжээгүй саналыг дэмжье гэх томъёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон 102 гишүүний 82 нь буюу 80.4 хувь нь дэмжсэнээр Ц.Даваасүрэнгийн "Суурь АМНАТ-ыг 9 хувь болгох" санал УНАЛАА.
Санал хураах үеэр гишүүдийн илэрхийлсэн байр сууриас хүргэж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Ц.Даваасүрэн гишүүнийг бүх хэвлэл мэдээллээр яриад байна. 9 хувийг ард түмнийхээ төлөө өгье гэсний төлөө яагаад "боорлуулж" байгаа юм бэ. "АРЕВА" өөрөө одоо байгаа 34 хувь дээрээ 9.5-ыг нэмье ээ гээд санал оруулсан байгаа шүү дээ. Бид Францын парламент дээр суугаагүй шүү дээ.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл: УИХ-д олон жил суучхаад, бүгдийг мэддэг царай гаргадаг АХ НАР одоо больцгоо. Эх оронч царайлж, эх орныхоо эсрэг зүйл хийдгээ боль оо, Ганбаа ах аа, "МАСК"-аа тайл.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Ц.Даваасүрэнгийн суурь АМНАТ-ыг 9 хувь болгох санаа бол ерөөсөө л төслийг зогсоох санаа. ИЙМ ХҮМҮҮСИЙН үе өнгөрсөн.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ гэж хэлчихээд, ард түмэн БАЯЛАГТАА ЭЗЭН байхын эсрэг санал гаргаж байгаа нь ХАРАМСАЛТАЙ. Ц.Даваасүрэн гишүүний гаргасан АМНАТ-ыг 9 хувь болгох саналыг ДЭМЖИХГҮЙ" гэх байр суурийг тус тус илэрхийлсэн юм.