Эрүүл мэндийн яамнаас сурагчдын эрүүл мэнд, боловсролыг нь дэмжих, олон нийтийн оролцоог хангах зорилгоор Боловсролын яамтай хамтран “Эрүүл аюулгүй сургууль” арга хэмжээг хэрэгжүүлэх гэж байна.
Энэ хүрээнд эхний ээлжид ЕБС-д суралцаж байгаа 70 гаруй мянган 6 настнуудыг эрт илрүүлгийн үзлэгт хамруулах бол ирэх жил 10 настай хүүхдүүдийг хамруулна.
Үзлэгийг Улаанбаатар хотын ЕБС-иудад ирэх 10-11 дүгээр сард, хөдөө орон нутагт 2025 оны нэгдүгээр улиралд багтаан хийх бөгөөд нийт хүүхдүүдийн 10 хувь нь зүрхний эмгэгтэй, 23 хувь нь харааны өөрчлөлттэй, 85 хувь шүдний цооролттой байх магадлалтай гэж тооцоолж байна.
Хамгийн гол нь эрт илрүүлгийг зохион байгуулахдаа хүүхдэд зөвхөн үзлэг хийгээд орхихгүй, эмчилгээ хийн, хяналтад оруулах байдлаар цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх гэнэ. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамнаас Баянзүрх, Хан-Уул дүүрэг дэх төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 50 сургуульд холын, ойрын, стерео хараа шалгах багцыг хүлээлгэн өгчээ.