АУДИТ: Сайд Ч.Номингийн багцад хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ үзүүлэх зорилгоор “эрхийн бичиг“ төрөөс үнэгүй олгох 18.3 тэрбум төгрөгийн зардлыг мөрдөх журам, аргачлалгүй төсөвлөсөн

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 30 секунд

УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийсний дараахан Засгийн газар 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барьсан билээ. Улмаар тун удахгүй нээлтээ хийх намрын чуулганаар төсвийн төслийг хэлэлцэнэ.

Тэгвэл ҮАГ-аас 2025 оны төсвийн төсөлд дүн шинжилгээ хийж, дүгнэлтээ гаргажээ. Иймд аудитын дүгнэлтээс онцлохыг нь та бүхэнд хүргэж байна.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн урсгал зардлыг 2024 оны төсвөөс 3.5 тэрбум төгрөг буюу 15.9 хувиар өсгөж төсөвлөжээ.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3.14-д заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчид төсвийн саналыг Сангийн яам болон Төрийн аудитын байгууллагад тус тус хүргүүлэхээр зохицуулсан.

Улсын 2025 оны төсөвт Төсвийн ерөнхийлөн захирагчдаас нийт 37.7 тэрбум төгрөгийн урсгал зардал гаргах санал ирүүлснийг 26 тэрбум төгрөгөөр хянаж төсвийн төсөлд тусгасан байна.

Нийт урсгал зардлын 76.2 хувийг улсын төсвөөс, 17.4 хувийг орон нутгийн төсвөөс, 22.6 хувийг Нийгмийн даатгалын сангаас, 8.8 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвөөс тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

-Эд хогшлын урсгал засварын зардлыг 69 хувь, цалин хөлсний зардлыг 21 хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ-

Төсвийн урсгал зарлагыг 2024 оны төсөвтэй харьцуулахад, цалин хөлс 21 хувь, байр ашиглалттай холбоотой 50 хувь, эд хогшлын урсгал засвар 69 хувь, томилолт, зочны зардал 46.0 хувь, хангамж бараа материалын зардал 37 хувиар өсгөж төлөвлөсөн нь дараах шалтгаантай байна. Үүнд:

•Засгийн газрын 2022 оны 264 дүгээр тогтоолоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотой 2025 оныг аялал жуулчлалыг дэмжих ажлын хүрээнд Засгийн газраас зээлийн хүүгийн татааст дэмжлэг үзүүлэх;

•Засгийн газрын 2024 оны 23 дугаар тогтоолоор “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ байгуулах шийдвэр гарсантай холбогдуулан үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд шаардагдах зардлыг төлөвлөсөн;

•Цагаан алт, Атарын 4-р аян, Шинэ хоршоо-Чинээлэг малчин, тэрбум мод үндэсний хөдөлгөөн зэрэг үндэсний хөтөлбөр, арга хэмжээний үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлсэн.

-927 нийгмийн ажилтны орон тоог нэмэгдүүлэх тушаал, шийдвэр гараагүй байхад 28.1 тэрбум төгрөгийг нэмж төсөвлөжээ-

Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамжийн зардлын төсвөөс төсөвлөлтийн шаардлага хангаагүй дараах арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байна. Үүнд:

•Эрүүл мэндийн сайдын төсвийн багцад өндөр өртөгтэй 2021 оны 10 сард ашиглалтад орсон мэргэжлийн тоног төхөөрөмж “PЭТ/СТ”-ийн засвар үйлчилгээний зардалд 1.6 тэрбум төгрөг төсөвлөсөн ч шаардлагатай сэлбэгийн жагсаалт, баталгааны хуудас зэрэг нотлох баримт байхгүй байна;

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т “Энэ хуулийн 36.7-д заасны дагуу тогтоосон орон тоогоор сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулна”,

Засгийн газрын 2010 оны 334 дүгээр тогтоолоор Нийгмийн үйлчилгээний жишиг нормативыг тогтоосны дагуу нийгмийн халамжийн үйлчилгээг сум, хороонд хүргэх нийгмийн ажилтны тоо тухайн сум, хорооны хүн амын тооноос хамаарах бөгөөд сумын хүн амын тоо 1000-3000 тутамд 1, хорооны хүн амын тоо 3000-5000 хүн ам тутамд 1 байхаар тогтоосон.

Энэ хүрээнд 927 нийгмийн ажилтны орон тоог нэмэгдүүлэх тушаал, шийдвэр гараагүй байхад 28.1 тэрбум төгрөгийг нэмж төсөвлөсөн;

•Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйл 8.4-д заасан журам болон санхүүжилтийн хэмжээг Засгийн газраас тогтоогоогүй байхад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын төсвийн багцад хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ үзүүлэх зорилгоор эрхийн бичиг төрөөс үнэгүй олгох 18.3 тэрбум төгрөгийн зардлыг мөрдөж ажиллах журам, аргачлалгүй төсөвлөсөн;

•Хууль зүй, дотоод хэргийн сайдын орон тоог Засгийн газрын тогтоол, шийдвэр гараагүй байхад 1,149-өөр, цалингийн санг 34.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн төлөвлөсөн.

Нийт 39 ТЕЗ-ийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын болон орон нутгийн төсвийн байгууллагуудын орон тоог 2025 онд 4.1 мянгаар, цалин, хөлсний зардлыг хязгаараас 1,013.9 тэрбум төгрөгөөр хэтрүүлж, нийт 230.5 мянган орон тоотой 7,535.9 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн байна. Үүнд цалин, хөлсний зардлаас 6,564.2 тэрбум, урсгал шилжүүлгээс 971.7 тэрбум төгрөгийг зарцуулахаар тус тус төлөвлөжээ.

Цалин, хөлсний зардал нь нийт урсгал зардлын 28.9 хувийг эзэлж байгаа бөгөөд 2025 онд төрийн албан хаагчдын цалин, хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан 6 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон байна.

Төсвийн тухай хуулийн 22 дугаар зүйлд төсвийг шатлал, төсвийн захирагч, эдийн засгийн ангилал, хөтөлбөр, арга хэмжээ, санхүүжих эх үүсвэр тус бүрээр ангиллын дагуу төлөвлөж, гүйцэтгэлийг хэрэгжүүлж, бүртгэн, тайлагнана гэж зохицуулсан боловч хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээгээр төсвийг тооцоогүй аж.

ТЕЗ нарын хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээг төсвийн төлөвлөлттэй уялдуулахгүй байгаагаас төсвийн зарцуулалтыг зорилтын хэрэгжилттэй харьцуулан үнэлэх боломжгүй байгаа тул Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд туршиж байгаа үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийг нэвтрүүлэх шаардлагатай гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Голомт банк Хэнтий аймагт салбараа нээлээ
Голомт банк Хэнтий аймагт салбараа нээлээ
 
Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлого эдийн засгийн идэвхжлийг үргэлжлүүлэхэд зорино
Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлого эдийн засгийн идэвхжлийг үргэлжлүүлэхэд зорино
Сэтгэгдэл (16)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!